Өөлдийн домогт бөх Ш.Буян-Өлзийн тухай авга Н.Агваандорж 1995 онд надад доорхи зүйлүүдийг ярьж өгсөн юм. Энэ алдарт бөхийн тухай нутгийн ардууд их л олон домог мэт зүйлийг ярьдаг юм билээ.

1.”Долоон чоно"
Буян-Өлзийн эцэг Шагдар үр хүүхэдгүй байж. Нэгэн удаа нутгийн нэгэн ламаас эхнэр бид хоёрт үр хүүхэд хайрлаач гэж гуйж лам ээ болохгүй байхаа гэж Шагдар гуйж ядаад морио гэрээс нь уячихаад нарийн дээс аваад сүмийн хөтөл рүү нуруугаа үүрээд алхчихжээ. /Тэр үед ламын гэрээс морь уях цээртэй байв/ Лам гэрээсээ гарч ирээд хэний морь вэ? Юу болов гээд бөөн юм болов.

Шавь нар нь тэр хүн танай гэрээс морио уяихаад сүмийн хөтөл рүү нуруугаа үүрээд алхаж явна гээд зааж. Энэ даруй лам, хүн явуулж авчруулаад За Шагдар минь “дарж л чадах юм бол 7 чоно ав” гээд явуулчихжээ. Төдий удалгүй тэр айл 7 хүүхэдтэй болжээ.

Энэ хүүхдүүд нь ер хувцас хунар өмсөхгүй, өвлийн 3 сараас бусад өдөр нүцгэн шалдан гэр орондоо ч тогтдоггүй айл амьтнаар явж байж өсөж торниж том болцгоож. Нутгийнхан эдний 7 хүүхдийг “Долоон чоно” гэдэг байв.

Эдний дотроос нэг л хүүхэд их бадируун, сэргэлэн байрын хүүхэд байв. Эцэг нь энэ л хэн хүнд дийлдэхгүй юм шиг байна гээд лам болгож сахил хүртээжээ. Энэ нь Буян-өлзий байв.

2. Ш.Буян-Өлзий
Буян-Өлзий том биетэй, хир баргийн морь даадаггүй Алтайн цаанаас адуу малхөөж ирж ядуучуудад тарааж өгдөг. Эхнэр хүүхэдгүй /ламын сахил хүртсэн учир эхнэр аваагүй/ асар бяртай бөх хүн байсан гэдэг.

3.Олзны бага нь дээр
Нэгэн залуу лам /нэр нь Чүлтэм/Буян-Өлзийг Алтайгаас адуу хөөхдөө намайг хамт дагуулж яваач гэж олон өдөр гуйж. Гуйгаад байхаар нь Буян-Өлзий “чи явдал дааж чадах юмуу” гэж нөгөө залуу “чадна чаднаа л” гэж. За тэгвэл “сайн морио унаад төдийд хүрээд ир” гээд явуулчихаж. Залуу бөөн баяр хөөр болж товлосон өдөр нь жаал жуул идэх уух юм бэлдэж аваад сайн морио унаад яваад очиж.

Тэгсэн Буян-Өлзий нас бие гүйцсэн эр хонь төхөөрчихсөн махыг нь чанаад сууж байна гэнэ. Залуу за энэ хүн хоол хүнсээ бэлдэж байгаа юм байна гэж бодож суув. Гэтэл Буян-Өлзий чанаж буй махаа гаргаад идэж гарч, залууг “махнаасаа ид” гэж залуу ганц нэг мөч идэж, харин Буян-Өлзий ганзалгаа хэрэггүй моринд халтай нэг мөсөн идэж авсан нь дээр гээд махаа гэдэс дотортой нь бүгдийг идчихээд яваад өгчээ.

Хоёр гурван хоног явж замдаа нэг ч удаа хооллож ундалсангүй гэнэ. Нөгөө залуу ядарч нойрмоглон мориноосоо ч унаж. Буян-Өлзий “ийм байж юун дэмий дагаж явсан юм” гэж зэмлэж явж.

Явсаар нэгэн уулын оройд ирж “за сайн цадаж авна” гээд тэр, чулуун дороос “тийм юм бий гаргаад ир” гээд туламтай ус, чанасан мах, тогоо цагаан тос зэргийг гаргаж хоол цай хийж иджээ. Өдөр нь ийш тийш адуу малаа нүдлэж аваад шөнө үүрээр /адуу үүрээр унтдаг гэнэ/ хөөнө шүү гэж залууд хэлж.

Ингээд 1 хоног бие болон унаа морьдоо амраагаад үүрээр адуугаа хөөж мөн л 2-3 хоног явж нутагтаа иржээ. Буян-Өлзий залууд хэлэхдээ “хирэндээ тохирсон адуу хөөнө шүү” гэж хэлж явсан гэнэ. Нутагтаа ирээд нөгөө залуудаа “олзны бага нь амттай байдаг юм” гээд 1 гүү 1 морь өгч өөрөө юу ч авалгүй үлдсэнийг нь хүмүүст тараагаад өгчихжээ.

Нөгөө залуу “ингэж ядарч явж байж иймхэн юм авах ч гэждээ” гэж гомдонгуй байсан гэнэ. Буян-Өлзий нөгөө залуугаа “дахин явах уу” гэж асуухад “ёстой үгүй” гэж. Энэ явдлаас хойш нөгөө залуугийнх адуу маллаж олон сайхан адуутай болж гэнэ. Олзны бага нь амттай гэдэг энэ байжээ.

4.Хасаг сайн эрийг морьтой нь чирсэн нь
Алтайн цаанаас адуугаа хөөгөөд явж байтал “мончуурга” /сэнжтэй мод сайн эрс чадамгай эзэмшсэн байдаг тул тун хэцүү мод/ барьсан хасгийн сайн эр хойноос нь хөөгөөд ирж явна гэнэ. Хасаг эрийн мончуургаар сугандаа нэг цохиулаад хавчаад авч.

Мань эр мончуургаа сугалж авч чадахгүй байна гэнэ. Тэгэхээр нь хавчсан чигээр нь морьтой нь чирээд давхичихаж. Хасаг эрийн хойноос ирсэн бусад хасгууд нь энэ Өөлдийн Буян-Өлзий байна гээд буцаад явчихсан гэдэг.

5.Xовд-27 наадам
Ховд 27 хошуутай байснаас 12 хошуу нь Далайханых, 15 хошуу нь Зоригт ханых гэдэг байжээ. Ховдын 27 наадамд цол олгодоггүй байж л дээ. Ховд-27 хошууны наадам болдогоороо болж хасагаас лут сайн бөх Өөлдийн Буян-Өлзийтэй барилдахаар ирж гэнэ.

Буян-Өлзий хасгийн бөх хоёр ч түрүү үзүүр булаалдахаар үлдэж, тэд маш удаан барилдаж түр тавилцаж. Буян-өлзий хэсэг харж зогссоноо “би буруу барилдаж байгаа юм байна зодогтой нь биш биетэй нь барилдах юм байна" гэдгээ анзаарч. Учир нь мань хасаг бөх үхрийн ширээр хийсэн зодог шуудагтайг анзаарч дахин барилцаж авахдаа 2 хуруугаа эгэм мөрний мах руу шигдтэл оруулж сэнжигдэж барьж аваад хаясан гэдэг.

Ингэснээр Зоригт хан “за Буян-Өлзий минь би чамайг адуу мал хөөлөө гэж шийтгэхээ больё чамайг дархаллаа, харин хүний амь бүү бүрэлгэ" гэсэн гэдэг. Үүнээс хойш Буян-Өлзий хүний амь биед хүрэхээ больсон гэнэ. Харин нэгэн удаа адуу хөөж ирээд түүнийгээ жасын хүрээнд өгсөн гэдэг.

Үргэлжлэл нь дараагийн дугаарт

Эх сурвалж: "Бөх" сонин