sonin.mn

Анх 1882 онд Японы иргэн Кано Жигороогийн зохиосон японы цэрэг, байлдааны урлагийн нэг хэмээгддэг жүдо бөхийн спортын дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна.

Жүдо бөх нь хөгжлийнхөө явцад бие хамгаалах урлагаас спортын төрөл болсон төдийгүй олимпийн төрөлд орж дэлхийн бараг бүх оронд хөгжиж чадсан гэдгээрээ алдартай.

Энэхүү жүдо бөхийн барилдааныг зохиосон Кано Жигороогийн төрсөн өдрийг дэлхийн жүдо бөхийн өдөр болгон тэмдэглэх болсон юм. Дэлхийн жүдо бөхийн өдөр бол жүдо бөх сонирхогч хүн бүр, жүдочид, дасгалжуулагчид, хөгжөөн дэмжигчид, шүтэн бишрэгчдийн баярын өдөр билээ.

Анх жүдог 1964 онд Японд болсон Олимпийн наадмын хөтөлбөрт оруулснаар өдгөө энэ спортын төрлийг сонгон өдөр тутамд хичээллэгчдийн тоо  20 саяас давжээ. Өнөөдөр таван тивд 200 гаруй үндэсний жүдо бөхийн холбоод үйл ажиллагаагаа явуулж байна. Жүдо бөхийн олон улсын өдөрт зориулан энэ жил олон талын хүндэтгэлийн үйл ажиллагаа явуулахаар төлөвлөжээ.

Манай улс 1960-аад онд Зүүн Герман,  ЗХУ, Чех зэрэг улсад сурч байсан оюутнууд  жүдо бөхөөр хичээллэж, бэлтгэл  сургуулилт хийж эхэлсэн түүхтэй. 1971 онд МҮОХ жүдо бөхийг албан ёсоор бүртгэж улмаар 1972 онд Монголын жүдо бөхийн холбоог байгуулж Олон улсын жүдо бөхийн холбоо,  Азийн жүдо бөхийн холбоонд гишүүнээр элссэн байна.

Монголын жүдо бөхийн анхны шигшээ багийн багш дасгалжуулагч Ч. Машбат, С. Эрдэнэ, Л. Батмөнх, ЗХУ-ын мэргэжилтэн В. Карамлак нар Монголын жүдогийн спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

Анх 1980 оны Москвагийн олимпийн наадмаас Ц.Дамдин мөнгөн медаль, Р. Даваадалай хүрэл медаль  хүртэж Монголын жүдочдын  медалийн салхийг хагалсан бөгөөд түүнээс хойш үе, үеийн жүдочид бахархам амжилт гаргаснаас 2008 оны Бээжингийн олимпийн наадмаас Н. Түвшинбаяр анхны алтан медалийг хүртэж, 2009 онд Х.Цагаанбаатар  анхны Дэлхийн аварга болсон нь Монголын жүдочдын түүхэнд алтан үсгээр бичигдсэн юм.

Өнөөдөр манай жүдочид олимпийн нэг алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл бөгөөд хоёр дэлхийн аварга/эрэгтэй, эмэгтэй/, 2 мөнгө, 4 хүрэл медальтныг төрүүлээд байгаа юм.

Д.Өлзий

Эх сурвалж: