sonin.mn

Тайванийн Каосун хотод болсон Зүүн Азийн бүсийн элсний волейболын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, багийн нийлбэр дүнгээр гуравдугаар байр эзэлсэн багийн ахлах дасгалжуулагч А.Баясгалантай ярилцлаа.

-Элсний волейболчид Азийн цомын тэмцээнд оролцох эрхтэй боллоо. Энэ тэмцээнд зөвхөн шилдэг багууд өрсөлддөг гэсэн үү?

-Манай элсний волейболын эрэгтэй, эмэгтэй баг Тайванийн Каосун хотод энэ сарын 5-10-ны өдрүүдэд болсон Зүүн Азийн бүсийн тэмцээнд амжилттай оролцож, багийн нийлбэр дүнгээр гуравдугаар байр эзэлсэн.

Ингэснээр бид дараа жил болох Азийн топ зургаан багийн цомын тэмцээнд оролцох эрхтэй боллоо. Энэ тэмцээнээс эхний хоёр байрт шалгарч чадвал олимпод оролцох эрхтэй болно.

-Тэмцээнд нийт хэчнээн баг оролцов. Хамгийн хүчтэй өрсөлдөгч аль улсынх байсан бэ?

-Тэмцээнд БНСУ, Хонконг, Тайвань, Макао болон Монголын нийт 16 багийн 32 тамирчин өрсөлдсөн. Манайхаас спортын мастер С.Амгаабазар, А.Баясгалан нарын удирдлага дор эрэгтэйчүүдийн ангилалд нэгдүгээр багийн бүрэлдэхүүнд спортын мастер Э.Сайханбаатар М.Цэрэнбаатар, хоёрдугаар багт А.Мөнхбаяр, М.Мягмарсүрэн нар тоглосон.

Эмэгтэйчүүдийн ангилалд нэгдүгээр багийн бүрэлдэхүүнд олон улсын хэмжээний мастер С.Пүрэвжаргал, Г.Энхнаран, хоёрдугаар багт олон улсын хэмжээний мастер Д.Үнэнтуяа, А.Намуун нар тоглож, нийлбэр дүнгээр мөн тэмцээний зохион байгуулагч орон болох Тайвань, БНСУ-ын багийн дараа гуравдугаар байрт шалгарсан юм.

Анх эмэгтэй, эрэгтэй тус бүр нэг баг явуулах төлөвлөгөөтэй байсан. Гэвч Азийн волейболын холбооноос бидэнд дэмжлэг үзүүлж, дөрвөн  баг явуулах хүсэлт тавьсан.

Учир нь, хоёр баг хоорондоо тоглоод тэнцвэл хайнаа хагалж, дундаасаа шигших зорилготой байсан юм билээ. Дөрвөн баг дөрвүүлээ ялсанд маш их баяртай байна. Эмэгтэй багийн хувьд хамгййн хүчтэй өрсөлдөгч Хонконг, Солонгос, эрэгтэй багийн хувьд нутгийн тамирчид байв.

-Манай тамирчдын чадвар ямар төвшинд байна вэ?

-Бусад орны волейболчдын хувьд дор хаяж арван жил бэлтгэл хийсэн тамирчид байсан. Манай орны хувьд элсний волейбол гэж ярихад асуудалтай. Нэгдүгээрт, бэлтгэл хийх тоглох талбай байхгүй.

Энэхүү тэмцээнд заалны волейболчдоос хоёр хоёроор нь сугалаад авч явсан. Гэтэл энэ хүүхдүүд ганцхан хоногийн хугацаанд тухайн орчиндоо дасан зохицож, бусад тамирчдыг ажиглаж судлаад амжилт гаргасан. 40 см зузаан элсэн дээр үсрээд, хамгаалж тоглох хэцүү шүү дээ.

Хөл шигдэж орохоос эхлээд хүндрэл байдаг. Гэтэл манай тамирчид маш сайн тоглосон. Бидэнд боломж бололцоог нь олгоод дараа дараагийн тэмцээн уралдаанд оролцох төлөвлөгөө гаргаад өгвөл амжилт гаргаж чадна гэдэгт итгэлтэй байна.

-Энэ удаагийн тэмцээний санхүүг хэрхэн шийдсэн бэ. Дараагийн тэмцээний хөрөнгө мөнгө, зардлыг хаанаас гаргах бол?

-Азийн волейболын холбооноос Монголын баг тамирчдад Зүүн Азийн бүсийн тэмцээнд оролцоход нь зориулж 5600 ам.долларын тусламж үзүүлсэн. Тиймээс бид бүхэн санаа зовох зүйлгүй, амжилттай сайн оролцоод ирлээ.

Ирэх жилийн зургадугаар сараас арванхоёрдугаар сар хүртэл болох тэмцээнд оролцоно гэдэг мэдээллийг холбоондоо урьдчилан хүргүүлсэн. Төсөв мөнгөний талаар одоохондоо төлөвлөөгүй байна. Ямар ч байсан заалны волейболоос бага зардлаар амжилт үзүүлж, эх орныхоо нэр төрийг дэлхийд гаргах боломж бидэнд бий.

Ц.Заяа

Эх сурвалж: