sonin.mn

Монгол Ул­сын хөлбөмбөг­­ийн шигшээ багийн тоглогч А.Мөрөн өнгөрсөн жил Тайландын нэгдүгээр дивизионы “Карби ФС” багтай гэрээ байгуулж өнгөрсөн наймдугаар сараас эхлэн тус улсын хоёрдугаар дивиозоны “Сатун Юнайтед” багт зээлээр тоглох болсон билээ. Учир нь “Карби ФС” багийн бүрэлдэхүүнд олон минут тоглох боломжгүй учир манай тамирчин “Сатун Юнайтед” багт зээлээр тоглох шийдвэрийг гаргасан юм.

Тэгвэл мэргэжлийн хөлбөмбөгт дахин “Эрчим” клубын тоглогч М.Төгөлдөр, “Хоромхон” клубын тамирчин Х.Цэнд-Аюуш нар шалгуулахаар хилийн дээс алхах гэж байна. Монгол Улсын шигшээ багийн лидер Х.Цэнд-Аюуштай ярилцлаа.

-Япон дасгалжуулагч Та­каши Моримото уг нь гурван хөлбөмбөгчин авч явна гэдгээ хэвлэлийн бага хурлын үеэр зарлаж байсан. Гэтэл “Эрчим” клубын С.Гал-Эрдэнэ замаасаа “ухарч”. Юу болсон юм бэ?

-Ар гэр­­­ийхэн, багийн­­хантайгаа ярилцсан уу, багтаа үлдэх шийдвэр гаргасан. Ингэсэнээр М.Төгөлдөр бид хоёрын хувьд явахаар болоод байна.

- Лигийн аварга баг лидерээ явуулна гэдэг нь хүндхэн асуудал байсан байх л даа?

-Бидний асуу­­далд дасгал­­­­жуул­агчид болон холбооны зүгээс тийм ч нааштай хандахгүй байгаа. Миний хувьд 15 жилийг хөлбөмбөгийн спортын төлөө зориулсан. Мэргэжлийн хөлбөмбөгт тоглох бодол зөвхөн надад гэлтгүй бүх л тамирчдад байдаг .

Миний хувьд гэр бүлийнхэнтэйгээ гадагшаа гарч ажиллаж, амьдрах бодол байсан. Гэтэл хөлбөмбөгийн мэргэжлийн багаас санал ирсэн учир үүнээс татгалзах арга байгаагүй. Ямар ч байсан шалгуулаад, тэнцвэл Тайландын лигт тоглоно. Монгол Улсын шигшээ багийн тамирчнаас мэргэжлийн лигт тоглоно гэдэг алдаж болохгүй боломж.

-А.Мөрөнтэй холбоотой байгаа юу. Магадгүй энэ санал тавьсан шалтгаан түүнтэй ч, холбоотой байхыг үгүйсгэхгүй шүү дээ?

-Холбоотой байгаа. Гэхдээ би Тайландад очлоо гэхэд А.Мөрөнтэй цуг байхгүй. Нэг багт ч, тоглохгүй байх. Миний мэдэхээр А.Мөрөнгийн амьдарч байгаа газраас 12 цагийн зайтай газар байрлах юм билээ. Ямар ч байсан шалгалтын дараа л үлдэх үү , ирэх үү гэдэг нь мэдэгдэх биз. /Инээв /

-Миний хувьд Х.Цэнд-Аюушийг спортод үнэнч, тууштай гэдгээр сайн мэднэ?

-Баярлалаа.

-Үнэлэх үнэлэмжийн нэг нь та “Хоромхон” клубт 15 дахь жилдээ хүчин зүтгэж байна. Ямар ч баг солихгүйгээр тоглолоо. Энэ нь мэдээж амар хялбар байгаагүй нь тодорхой?

-Тийм ээ. Олон жил хөлсөө урсгаж, хоёргүй сэтгэлээр зүтгэлээ. Бүгдтэй л адилхан амьдралтай учир ийм зам сонголоо.

-Та бол Монгол Улсын шигшээ багийн түлхүү тоглогч. Лигийн багуудаас жил бүр санал ирдэг шүү дээ. Энэ багтаа үнэнч зүтгэсээр ирсний нууц нь юунд байдаг бол?

-Би зургадугаар дунд сургуулийг төгссөн. Байрны хүүхдүүдтэйгээ нийлж хөлбөмбөг их тоглоно. Есөн насандаа “Хоромхон клубт хичээлэж эхэлсэн. 2004 онд өсвөрийн шигшээ багаас Олон улсын тэмцээнд өрсөлдөхөөр Шанхайг зорьж байлаа. Энэ тэмцээн урам өгч, цаашлаад өдий хүртэл багтаа зүтгэсээр ирлээ. Сайн ч тоглож байсан гэж бодож байна.

-2005 онд “Хоромхон” клуб дээд лигийн аварга болж байлаа. Тэр мөчөө эргэн дурсвал?

-Насаар бага байсан үе. Ах нартайгаа лигийн аварга хэмээх эрхэм хүндтэй цол хүртэж явсан үе сэтгэлд минь тодоор зурайдаг. Үнэхээр сайхан байсан шүү.

-Тэр өдрөөс хойш есөн жилийн дараа та дээд лигийн аварга хэмээх цолыг хүртсэн. Тэртээх 2005 онд сэлгээнд сууж байсан бол энэ цаг үед багаа аварга болгоход хамгийн их нөлөөлсөн шүү дээ?

-Хамгийн гоё нь Д.Лхүмбэнгарав ахтайгаа есөн жилийн тэртээ лигийн аварга болж байсан бол энэ жил хамтдаа дахин аварга болсон. Ялангуяа шөвгийн дөрвийн тоглолт тун хүндхэн болсон. Манай багийн бэлтгэл сургуулилт маш сайн байсан. Нэгдмэл чанар аварга болоход нөлөөлсөн байх.

-Тайландын лигт тэнцвэл бэлтгэл сургуулилтаа үргэлжлүүлж, тоглолтоо эхлүүлнэ. Хэрэв байдал өөрөөр эргэвэл дээд лигтээ үргэлжлүүлэн зүтгэх үү?

-Мэдээж хэрэг. Гэхдээ Тайландын лигт тоглосон ч, Монгол Улсын шигшээ багийнхаа зүгээс Олон улсын тоглолтод оролцоод явах боломжтой. А.Мөрөн ч энэ адил тоглоод явж байгаа.

-Дээд лигтээ үргэлж­лүүлэн тоглосон ч багаа солино гэсэн яриа гараад байна. Түүнчлэн дээд лигт шинэ баг мэндлэх сураг дуулдсан. Энэ үнэн үү?

-Тийм ээ. Лигийн шилдэг тоглогчид болох Н.Цэдэнбал, Ц.Түмэнжаргал, П.Алтантулга нарын тамирчидтай нийлж шинэ багт хүчин зүтгэх байх. Багаасаа хөлбөмбөг хамтдаа тоглож ирсэн н.Анархүү найз минь болон “Ньюс.мн” сайтаас шинээр мэндлэх багийг ивээн тэтгэж, дээд лигт өрсөлдөхөөр болсон.

-Олон жилийн ялалт, ялагдалд хамтдаа байсан багаа орхих гэдэг амаргүй л даваа байх даа?

-Мэдээж. 15 жил гэдэг богино хугацаа биш шүү дээ. Ямар ч байсан найз нөхөд, багш дасгалжуулагчтайгаа ярилцаж энэ шийдвэрийг гаргасан.

-Таны хувьд март­агдахгүй, сэтгэлд хоногшсон ялалт тань 2011 онд тохиосон байх. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шат. Монгол Улс талбайдаа Мьянмарын шигшээ багийг хүлээн авч, та түүхэн хожлын гоол оруулж байсан даа?

-Тийм ээ. Амьдралын минь дурсгалтай мөчүүдийн нэг. Тухайн үеийн шигшээ багийн бүрэлдэхүүн ч бэлтгэл сургуулилт сайтай, нэг баг болон бүрэлдэж чадсан байсан.

Ер нь бид Олон улсын тэмцээн уралдаанд байнга өрсөлдөж туршлага солилцож чаддаг бол амжилт гаргаж, хувь хүний ур чадраар ч маш хурдан өснө гэж боддог. Харамсалтай нь одоохондоо тэр бүр боломж гарахгүй байгаа.

-Хөлбөмбөгчдийг Монгол Улсдаа л хамгийн баян холбооны тамирчид хэмээн ярих нь бий. Гэтэл Олон улсын тэмцээн уралдаанд тогтмол оролцож чаддаггүй гэх юм?

-Тийм ээ. Нэг үгээр өөрсдийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх ч хязгаарлагдмал байлаа. Олон улсын тэмцээнд өрсөлдөх урилга ирсэн ч, холбооны удирдлагууд “Манай шигшээ баг өрсөлдөх боломжгүй” хэмээн хэд хэдэн удаа явуулаагүй юм билээ.

Ингэхээр хэн нь өсч, дэвжих вэ дээ. Тамирчид хэвлэл мэдээлэлд үнэн зөв мэдээлэл өгөх ч эрхгүй байсан. Хэрэв ам нээвэл лигт болон шигшээ багт тоглох эрхгүй болох үе бишгүй олон таарч байлаа. Нэг ёсондоо томоохон дарангуйлал дор байсан гэсэн үг. Одоо сайн тал руугаа өөрчлөгдөх байлгүй дээ.

-Одоо хөл­бөмбөг­ийн хол­боо шинэчлэгдэнэ л гэх юм. Хэрвээ жинхэнэ утгаар шинэчлэл хийгдэж чадвал амжилт үзүүлэх таатай нөхцөл бүрдэх байх даа?

-Монголын хөлбөмбөгийн холбооны хуучин удирдлага авилга авсан нь тогтоогдож огцорлоо. Холбооны үйл ажиллагаа сэргэж баг тамирчдаа, амжилтын төлөө гэсэн хүсэл эрмэлзэлтэй ажиллавал бидэнд амжилт ойрхон гэж итгэдэг.

2009 онд Гуамын шигшээ багтай тоглож байсан. Гэтэл таван жилийн дараа эргээд тоглоход ур чадвар нь биднээс хамаагүй өсч, мэргэжлийн төвшинд хүрсэн байсан. Энэ бас л Олон улсын тэмцээн уралдаан, бэлтгэлд тэд биднээс илүү хамрагдаж байгаагийн илрэл шүү дээ.

-Та бүхэнд тулгардаг зовлонг үзэгч, хөгжөөн дэмжигчид төдийлөн ойлгодоггүй л дээ?

-Хуучин холбоо булхай, луйвраа үнэхээр сайн нууж чаддаг байж. Азийн хөлбөмбөгийн холбооноос орж ирдэг мөнгийг тамирчдад 100 хувь зарцуулж чадсан уу гэвэл томоохон эндүүрэл болно.

Бид гадагшаа тэмцээнд явахдаа өөрсдөө хувцсаа худалдаж аваад л явдаг байсан. Аргагүй шигшээ багийн тамирчин болохоор зардлаа л даалгадаг байсан байх. Тэр их мөнгө хаашаа алга болж, хэний халаасыг зузаалсныг шалгаж тогтоох л ёстой.

-Өөрчлөлтийг юунаас, хэрхэн эхлэх хэрэгтэй вэ?

-Үнэхээр энэ спортын төлөө гэсэн сэтгэлтэй хүн л хөлбөмбөгийн холбоог удирдаж, баг тамирчдыг нэгтгэж чадна. Нэг санаатай, нэгдмэл байж гэмээнэ бид амжилт гаргана.

Ж.Цэцэгмаа

Эх сурвалж: