sonin.mn

Уулын спортынхон сүүлийн үед өвлийн авиралт хийх нь олширчээ. Саяхан л гэхэд Монголын үндэсний скайраннингийн холбооны тэргүүн, уулын спортын мастер Н.Сүрэнжаваар ахлуулсан 11 хүний бүрэлдэхүүнтэй баг Өвөрхангай аймгийн нутагт орших Бага Богд ууланд гараад ирсэн байна. Аяллын сонин сайхнаас хуваалцахаар уулын спортын мастер Н.Сүрэнжавтай ярилцлаа.

-Саяхан таныг аяллын нөхдийн хамт ууланд авираад ирсэн гэж сонслоо. Дулаан цагт ч хичээллэхэд эрсдэл дагуулдаг уулын авиралтыг өвөл цас мөстэйд хийхэд амаргүй байв уу?

-Долоо хоногийн өмнө бид Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын урд байдаг 3690 метрийн өндөр Бага Богд уулын оргилд гараад ирлээ. Аялал нийтдээ 30 цаг үргэлжилсэн. Энэ авиралтад Монголын үндэсний скайраннингийн холбоо, “Саруул зам” клуб болон надтай хамт ууланд авирдаг уулчид оролцсон.

Багийн хувьд осол гэмтэлгүй амжилттай уулын оргилыг эзэлсэн. Нийт авиралт хийсэн цагийн таван цагт нь амарсан. Бусад цагийг бид ууланд авирахдаа зарцуулсан байна лээ. Бага Богдын авиралт шинэ хүмүүст их хүнд авиралт болсон.

Уулнаас буухдаа шөнө буусан болохоор тэдэнд амаргүй даваа болсон байх. Аяллын багт өмне нь Отгонтэнгэр, Бурхан Халдун, Асралт хайрханд авирсан уулчид явсан. Тэд ч гэсэн их шантарсан юм шиг санагдсан. Гар чийдэн нь хүйтэнд царцаад шөнө уулнаас буухдаа бид ихэвчлэн олсоор хамгаалалт хийсэн.

Би аяллыг ахалж явсны хувьд эхэнд нь хамгаалалт хийж явсан юм. Ер нь манай монголчууд Бага Богд ууланд авирсан тохиолдол их цөөн. Сөнөсөн галт уул болохоор хад асга нь нураад авирахад бэрх байдаг.

Байгалийн тогтоцын хувьд Хөвсгөл аймгийн Хорьдол Сарьдаг уултай адилхан. Би өнгөрсөн сард Хорьдол Сарьдаг ууланд гарсан ч ангал дайралдсаны улмаас оргил дээр гарч чадаагүй. Хорьдол сарьдаг модтойгоороо Бага Богд уулнаас ялгаатай юм билээ. Өндөр нь 3900 метр байсан.

-Бага Богдын авиралтаа үүрээр эхэлсэн гэл үү?

-Тэгсэн. Үүрээр хөдлөөд Мөсөн хүрхрээн ёроолд ирээд цааш уулын огцом авиралтаа хийсэн. Ерөнхийдөө 40-50 градусын налуутай, газар хөлдсөн, нимгэн цасан бүрхүүлтэй нөхцөлд авирсан.

Ууланд авирах хугацаандаа миний тооцоолсноор 11 удаа уналт хийсэн байна лээ. Нуранги хадтай болохоор зарим уулчинд том туршлага хуримтлуулсан авиралт болсон гэж бодож байна.

-Анх удаа өвлийн авиралт хийж байгаа хүмүүс аяллын багт явсан учраас ахлагчийн хариуцлага өндөр байсан байх даа?

-Анх удаа өвлийн авиралт хийж байгаа хүмүүс Богд ууланд авирч байгаа юм шиг гарчихаад ирэх юм чинээ бодсон байх. Гэтэл хүнд нөхцөлд уул өөд авирч, их алхсан болохоор их тамирдсан л даа. Гэхдээ уулчид маань сэтгэлийн тэнхээтэй байсныг дурдах хэрэгтэй.

Биднийг ууланд авирахад цаг агаар сайхан тогтуун байсан. Мэдээж өндөр дээр салхины хурд их. Тиймээс Бага Богдын оргил дээр 15 минут болоод л буусан. Ер нь тэргүүн оргил дээр хурдан гарахад хамгийн багадаа 17 цаг зарцуулах юм билээ.

-Олон оронд уулын спорт хөгжих болсон. Энэ утгаараа ууланд гарах, буух хугацаа нэг ёсны уралдаан болсон гэж хэлэхэд буруудахгүй байх. Ялангуяа гадаадын уулчид уулнаас буухдаа сноуборд, цана хэрэглэдэг болжээ. Харин та хэд явган буусан юм байна?

-Тийм. Бид зарим үед гулсаж буусан тохиолдол ч бий. Цас бага байсан болохоор хамаагүй буувал хөлөө гэмтээх эрсдэлтэй байсан. Тиймээс гулсаж буусан ч гэсэн давхар олсоор хамгаалалт хийсэн.

Ер нь манай залуучууд ууланд гараад сноуборд, цанаар буудаг болсон. Энэ жил Найрамдал, Алтай Таван Богд, Хүйтэн оргил, Цамбагараваас манай уулчид сноуборд, цанаар буусан. Одоо уулын спорт дэлхийд хөгжиж байна.Илүү адал явдалт чиглэл рүү хөгжиж байна.

Манай улсад гэхэд экстрим аяллын "Ажнай" клубийг байгуулсан байх жишээтэй. Тэднийх аль болох эрсдэлтэй зүйлийг сонирхож туршдаг. Өөрөөр хэлбэл, ажлын таван өдөр оффисын өрөөнд суусан хүмүүс илүү хүч шаардсан зүйл хийхийг эрмэлздэг болжээ.

Жишээ нь, “Алтайн ирвэс" клуб Туул голоор завиар аялдаг. Өмнө нь энэ төрлөөр спортоор мэргэжлийн гэсэн тодотголтой хэдхэн хүнийг нэрлэдэг байсан бол одоо байдал өөрчлөгдсөн. Уулчид ч гэсэн завиар явж сурч байна.

-Сүүлийн үед уулчид өвлийн авиралт их хийх болжээ. Энэ нь ямар ач холбогдолтой юм бэ?

-Уулын спортыг илүү экстрим тал руу нь хөгжүүлэхээр зорьж байгаа хэрэг юм. Өвлийн авиралтаас жинхэнэ уулчин тодордог. Даарч хөрөхөөс эхлээд бие даах зэрэг олон ажилд туршлагаждаг.

Энэ нь ганцхан уулын спорт ч гэлтгүй амьдралд хэрэг болдог юм даа. Ирэх жилийн тавдугаар сард Ялалтын баярт зориулан ОХУ-ын уулын клубээс Эльбрусын оргилд гарах дэлхийн цомын аварга шалгаруулах . тэмцээнийг зохион байгуулахаар болсон.

Энэ уралдаанд уулчид 3100 метрээс 5642 метр хүртэл гүйж ур чадвар, хурд хүчээ сорих юм. Манай уулчид өмнө нь энэ тэмцээнд амжилттай оролцож байсан. Ирэх жилийн уралдаанд ч улсынхаа рекордыг ахиулж амжилттай оролцоно гэдэгт итгэж байна.

Ер нь скайраннинг бол уулын марафоны нэг төрөл, “Тэнгэр өөд гүйцгээе’’ гэсэн уриатай. Энэ спортын төрлийн хүрээнд ганцаарчилсан хамгаалалтгүй аялал хийх нь олширсон байна.

-Уулын спорт нь ганц хүний спорт болохоор бэлтгэлээ сайн базаахаас их зүйл шалтгаалдаг юм шиг?

-“Хүнд битгий тус бол, хүнд битгий гай бол” гэж уулчид уриалдаг. Өндер ууланд авирахаар хүний төрөлх араншин илэрдэг. Тийм болохоор энэ мэт зүйлээс шалтгаалаад зарим авиралт бүтэлгүй болж замаасаа буцдаг.

Дараа жил Алтай Таван Богдод хүн авирсны 100 жилийн ой болно. Ирэх жилийн долдугаар сард тэрхүү тэмдэглэлт үйл явдалд зориулан олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна.

-Ууланд авирах явцад шөрмөс татах тохиолдол гардаг гэсэн. Тэр үед ямар арга хэмжээ авдаг вэ?

-Чацарганы шүүс уудаг. Уулчид хэрэгтэй зүйлсээ аваад явж байдаг. Ер нь бэлтгэл сайн хийсэн хүний шөрмөс татдаггүй. Бэлтгэлээ муу хийсэн хүн гэнэт ууланд авирснаас болоод толгой эргэх, шөрмөс татах зэрэг зовиур илэрдэг.

-Уулын спорт хүнд хэцүү учраас ихэвчлэн залуус хичээллэдэг юм шиг санагддаг. Танай энэ удаагийн аяллын багийн бүрэлдэхүүний хамгийн ахмад ' нь хэдэн настай хүн байв?

-Аяллын спортын мастер Г.Долгорханд гээд 56 настай хүн явсан. Энэ хүн бусад гурван эмэгтэйдээ үлгэр дуурайлал үзүүлсэн гэхэд болно.

Залуус “Энэ эгчийн насан дээр бид ингэж ууланд авирч чадах болов уу” гэж ярьж байсан. Бас Ичинноров гээд 83 настай хүн бий. Тэр хүн өнгөрсөн жил бидэнтэй Хэнтийн ноён оргил Асралт хайрхан руу гарсан.

-Ер нь хүн ууланд нэг авирчихаад дахиж гармаар санагддаг гэдэг. Ажиглахад уулчид зүгээр суух бодолгүй, байнга л ууланд авирах бодолтой явдаг юм шиг ээ?

-Би анх 2900 мөтрийн өндөр Асралт хайрханд авирч байсан. Тэгээд түүнээс хойш өндөр оргилуудыг судалж авирахыг хүсдэг болсон. Хүн дотроо өөрийнхөө рекордыг эвдэхийн төлөө зорьдог юм байна лээ. Ингэж л өөрийн эрхгүй дотроос хүсэл төрдөг юм. Уулчид амралтын өдөр ууланд гаралгүй өнждөг үө ховор доо.

-Таны авирсан хамгийн өндөр оргил гэвэл?

-Алтай Таван Богдын Хүйтэн оргилд гарсан. 4374 метрийн өндөртэй энэ оргилд жилдээ 3-5 удаа гарчихдаг юм.

•Ирээдүйн уулчдыг бэлтгэж байна уу?

-Ирэх жилийн хоёрдугаар сард Хонконгод скайраннингийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болно. Энэ тэмцээнд хэдэн хүүхэд оролцуулахаар төлөвлөж байна. Гэхдээ түүнээс өмнө буюу ирэх сард Улаан цутгаланд мөсөнд авиралтын улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулна.

Энэ тэмцээнээс хүүхэд шалгаруулж Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох багийг бүрдүүлнэ дээ,Хамгийн гол нь энэ тэмцээнийг Ази тивд анх удаа зохион байгуулж байгаагаараа онцлогтой.

Испани, Латин Америкийн орнууд, Европт энэ спорт аль хэдийнэ хөгжчихсөн. Учир нь энэ спортын төрөл 2018 оноос олимпын үзүүлэх төрөлд орох юм. Оросууд энэ спортын төрлийг хөгжүүлэхэд их бодлоготой ажиллаж байгаа. Үүний нэг илрэл “Сочи-2014” наадамд месөнд авиралтын үзүүлэх' тоглолтыг зохион байгуулсан явдал юм.

-Бага Богдод авирах явцад араатан амьтан таарсан уу. Ер нь хэр тохиолддог вэ?

--Бага Богд дархан цаазтай уул. Ирвэс, чоно, аргал, янгиртай Биднийг сая авирахад нутгийнхан “Уулан дээр нэг аргалыг чоно барьчихсан байгаа” гэсэн Би урьд жил ирвэс судлалаар мөн явж байсан юм.

Тиймээс араатан амьтны талаар гадарлаж байсан. Ер нь ирвэс хүн рүү дайрдаггүй. Яг мухардаад агуйд нь орсон тохиолдолд бамбараа хамгаалаад дайрдаг. Түүнээс биш хүнээс зугтаадаг амьтан юм шүү дээ. Одоохондоо чонын ороо орох арай болоогүй байгаа болохоор бидэн рүү дайраагүй.

Ихэвчлэн ганцаараа яваа хүн рүү чоно дайрдаг. Чацарганы ам ганц голтой. Тэнд нутгийн малчид хонио усалдаг юм байна. Тэгэхэд л эзэн нь хариулаад явж байгаа сүргээс хурга, ишгийг нь аваад явчихдаг гэсэн.

-Уулчид байгаль хамгаалахад их хувь нэмэр оруулдаг гэж сонсч байсан. Энэ талаар сонирхуулаач?

-Уулчид хэзээ ч хогоо ил задгай хаядаггүй. Харин ч хүмүүсийн хаясан хог хаягдлыг түүдэг. Бид өнгөрсөн сард Отгонтэнгэр хайрханд авирахад 1967 онд сөнөсөн нисэх онгоцны хоёр сэгийг уулнаас буулгасан.

Яагаад гэвэл тэр төмөр нарны энергийг шингээгээд цас хайлахад нөлөөлдөг. Магадгүй түүнээс болоод Отгонтэнгэр хайрхны мөнх цас багассан байж болох.

-Дараагийн өвлийн авиралтаа хаана хийхээр төлөвлөсөн бэ?

-Өмнөговь аймгийн ёлын амны хажууд Мухар Шивэртийн ам гэж бий. Тэнд очиж, тэр хавийн ууланд ирэх хоёрдугаар сард авиралт хийх төлөвлөгөөтэй байгаа. Түүнээс өмнө нэгдүгээр сард Хагийн Хар нуур руу чаргатай аялал хийнэ. Чаргатай аялал гэхээр хүмүүс нохой хөллөдөг гэж андуурдаг. Уулчид чаргатай аялал хийхдээ өөрсдөө чаргаа чирж авч явдаг юм.

-Танд авирахыг хүсч мөрөөддөг оргил бий юү?

-Мэдээж дэлхийн дээвэр Эверест уулчин бүрийн мөрөөдөл. Бас Монгол Улсын уулчдыг К2 руу авираарай гэж бодож явдаг юм. К2 бол эрсдэлээрээ дэлхийд нэг номерын уул.

Энэ ууланд гарсан монгол уулчин байдаггүй юм. Жилдээ их цөөхөн хүн оргил дээр нь гардаг юм даа. Харин Монголынхоо уулсаас Бүргэд, Суварга хайрханд гарах бодолтой байгаа.

Б.Сэлэнгэ

Эх сурвалж: