sonin.mn

"MGL- Fighting Championship” VI тэмцээний холимог тулааны төрөлд Хилийн 0303 дугаар тусгай салбарын Тусгай томилгоот бүлгийн сургалт эрхэлсэн орлогч, галын бэлтгэлийн сургагч, ахлах дэслэгч Д.Батсүмбэрэл 77 кг-ын жинд амжилттай оролцон түрүүлжээ.

-Холимог тулааны онцлог нь юу вэ?

-Монголын тулааны шилдэг тамирчдын холбоо анх 2010 онд холимог тулааныг зохион байгуулж эхэлсэн юм. Энэ тэмцээнд Монголын Үндэсний бие хамгаалах урлагийн холбоо, Гардан тулааны холбоо, Кик боксын холбооноос шалгарсан тамирчид оролцдог.

Холимог тулаан гэдэг нь гардан тулааны бух төрлийг өөртөө нэгтгэдэг спорт. Тиймээс холимог тулааны үед өчиж, боож тэр ч бүү хэл барилдаж болно. Гар хөлийн бүх техникийг ашиглан тулалдаж болдгоороо онцлогтой. Энэ тэмцээнд Монголын бүх шилдэг тамирчид оролцдог тул ширүүн өрсөлдөөнтэй болдог.

-Энэ тэмцээн ямар давтамжтайгаар зохион байгууллагддаг вэ?

-Жил бүр зохион байгуулагддаг. Ирэх жилийн тэмцээнд 77 кг-ын жингийн аваргаа хамгаалах тулааныг хийнэ. Үүний тулд аваргын тэмцээний өмнө зохиогдох сорил тэмцээнд 77 кг-ын жинд түрүүлсэн тамирчинтай тулалдах ёстой.

-Та хэзээнээс гардан тулаанаар хичээллэж эхэлсэн юм бэ?

-Хилийн 0303 дугаар тусгай салбарт орсон цагаасаа хичээллэж эхэлсэн. Өмнө нь “Монгол Зо”-гийн төрлөөр дүүргийн хэмжээний жижиг тэмцээнд оролцож байснаас биш холимог тулааны төрлөөр томоохон тэмцээн уралдаанд орж байгаагүй.

-Энэ жил ямар тамирчинтай тулалдаж аварга болов?

-“Ширэн бээлий" клубын тамирчин Г. Ирэх Мөнгөнбаяртай тулалдсан. Өчих, боох мэх аваргаа хийдэг, хэвтээ барилдаандаа сайн тамирчин байсан. Миний 77 кг-ын жин энэ оноос шинээр гарч ирж байгаа төрөл учир бид хоер хоёулаа шинэ тамирчид байсан.

Миний хувьд ахлах дэслэгч Х.Онолбек, Б.Ганбаяр хоёрынхоо удирдлага доор бэлтгэл сургуулиа сайн хийсний хүчинд ялалт байгууллаа. Цаашид албарт манай салбарынхан төдийгүй хилчдийн өмнө нь хувьд тулааны чиглэлээр амжилт үзүүлэх боломж бий.

-Энэ тэмцээн олон улсын хэмжээнд хэрхэн зохион байгууллагддаг юм бол?

-Олон улсын хэмжээнд UFС төрөл хурдтай хөгжиж байна. Энэ нь та бүхний мэддэгээр торон хаалтан дотор явагддаг тулаан. Европын улс оронд бол сүүлийн үед шоу бизнес хэлбэрээр хөгжиж байна. Миний хувьд өөрийгөө хөгжүүлж байгаад энэ төрөлд хүч үзэх зорилго бий.

-Зодооны спорт маш их эрсдэлийг дагуулж байдаг шүү дээ. Та өөрийгөө эрсдэлээс хэрхэн хамгаалж байна вэ?

-Аливаа спорт бүхэн эрсдэлтэй. Харин тамирчин хүн эрсдэлийг бууруулахын тулд бэлтгэл сургуулилтаа сайн хийх ёстой. Ингэсэн тохиолдолд бэртэл гэмтэл бага авна. Авсан ч аль болох хөнгөн тусдаг л даа.

-Баярлалаа. Дараа дараагийн уралдаан тэмцээнд нь өндөр амжилт хүсье.

Ахлагч О.Алтанцэцэг

Эх сурвалж: "Эх орны манаа" сонин