sonin.mn

Энэтхэгийн Мумбай хотод болсон бодибилдинг, фитнессийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын мистер Ж.Нурлан 85 кг-ын жинд түрүүлж, алтан медаль хүртсэн.

Бодибилдингийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт тэрбээр өнгөрсөн баасан гаригт эх орондоо ирсэн юм. Энэ үеэр түүнтэй ярилцсанаа хүргэе.

 -Бодибилдинг, фитнессийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, алтан медалийн эзэн болсонд баяр хүргэе. Энэхүү тэмцээнд хэд дэх удаагаа оролцоод дэлхийн аварга болж байна вэ?

-Баярлалаа. Бодибилдинг, фитнессийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 2012 онд оролцож байсан. Энэ жил хоёр дахь удаагаа оролцоод 85 кг-ын жинд түрүүлж, дэлхийн аварга боллоо. Өмнө нь энэхүү тэмцээнд оролцсон ч амжилт үзүүлж чадаагүй.

Энэ удаад бэлтгэлээ сайн хангасны хүчинд амжилттай оролцоод ирлээ. Би бодибилдингээр 1990-ээд оноос хичээллэж эхэлсэн. Тэр үед би 17 настай байлаа. Бодибилдингийн спорт тухайн үед Монголд дөнгөж хөгжиж байсан.

Түүнээс хойш 25 жил энэхүү спортоор хичээллэж байна даа. Ер нь 2011 оноос бүр эрчимтэй хичээллэсэн. 1990-ээд оны дунд үеэр хоол унд, нэмэлт тэжээл, уураг амин дэмүүд нь олдохгүй хэцүүхэн бэлтгэлээ базаадаг байжээ. Манай тамирчид 1996 оноос эхлэн бодибилдинг фитнессийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байна.

Тэр үеийн тамирчид гаргасан амжилтаараа араасаа тоологддог байсан. Харин одоо хөрөнгө мөнгө нь байвал энэ спортоор хичээллэхэд харьцангуй хялбар болжээ. Тамирчид хоол, амин дэмүүдээ хүссэн үедээ хэрэглэх боломжтой болсон байна. Ховор байсан уураг, амин дэмүүд ч олдох нь элбэг болжээ.

-Таныг энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөн хүрэл медаль хүртсэн гэсэн. Ямар төрөлд оролцсон юм бэ?

 -Би дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёр төрөлд оролцож, 85 кг-ын жинд түрүүлсэн. Мөн тэмцээнд мастер ангилал гэж байдаг. Энэ төрөл дотроо 40-49, 50-60 хүртэлх насны ангилалтай.

Үүний 40-49 нас нь -80, +80 гэсэн хоёр жингийн ангилалтай байдаг. Би энэ төрлийн +80 кг-ын жинд оролцсон. Энэ ангилалд ерөнхийдөө туршлагатай тамирчид оролцдог.

Би мастер ангилалд хамгийн намхан нуруутай нь байсан байх. Ерөнхийдөө л жин ихтэй, нуруулаг тамирчид байсан. Ер нь бодибилдинг бол цаг хугацаа шаарддаг спорт юм. Хэн олон жил хичээллэнэ тэр хүн булчингаа сайн хөгжүүлж чаддаг. Энэ утгаараа тэмцээний 40-49 насны мастер ангилал өрсөлдөөнтэй болдог.

-Тэмцээн эхлэхийн өмнө өөрийгөө түрүүлнэ гэсэн мэдрэмж төрж байв уу?

-Тэмцээний өмнө тайзны ар талд тусгай халаалтын өрөө гаргасан байсан. Ер нь энэ жилийн тэмцээн зохион байгуулалт сайтай байлаа. Эрэгтэй, эмэгтэй тамирчдын халаалтын өрөө гээд бараг хоёр клуб нээчихсэн байсан.

Тэмцээн эхлэхийг хүлээгээд халаалт хийж байхдаа бусад тамирчнаа ажигласан юм. Тэр үед өөрийгөө ямар ч байсан шилдэг таван тамирчны нэг болно гэж бодож байлаа. Бэлтгэлээ ч сайн базаасан учраас булчингийн ялгарал харьцангуй илүү харагдсан.

-Тэмцээний сүүлийн шатанд аль улсын тамирчинтай тунаж үлдсэн бэ?

 -Тэмцээний шалгаруулалтын үеэр шүүгчид биеийн харьцааг их хардаг. Эхний шалгаруулалтад 20 тамирчнаас 15 нь үлдсэн. Улмаар тамирчдаар дөрөв дөрвөн пооз бариулсны дараа шилдэг таван тамирчин шалгарсан юм.

Шилдэг тавд надаас гадна Украин, Бразиль, Иран, Энэтхэгийн тамирчин багтсан. Аваргын төлөө би Бразилийн тамирчинтай өрсөлдсөн. Тэгээд эцсийн мөчид тэмцээний ялагчаар намайг нэрлэхэд би итгэж чадахгүй байлаа.

-Энэтхэг рүү тантай хамт явсан тамирчид үзэгчдийн суудлаас таныг дэмжиж байсан байх?

-Манайхан тэр тэмцээнийг бүгд үзсэн. Эхний шалгаруулалтын дараа тайзнаас буугаад очсон чинь “Та бусад тамирчдаас илүү байна. Яг засчихсан шагай шиг харагдаж байна” гээд л байсан. Тэгж манай тамирчид надад урам их хайрласан. Түүнээс болоод ч тэрүү сүүлийн шалгаруулалтад өөртөө итгэлтэйгээр тайзан дээр гарсан л даа.

-Та бодибилдингийн тамирчдад урам хайрлаж, хүн хөдөлмөрлөж чадвал амжилтад хүрдгийг харууллаа. Ялангуяа залуу тамирчид танаас их урам авсан болов уу?

 -Ер нь бодибилдинг их хатуужил, тэсвэр тэвчээр шаардсан спорт юм. Хоол унднаас эхлээд өдрийн ихэнх цагийг бэлтгэл хийхэд зарцуулах шаардлагатай болдог. Бидний иддэг хоол унд гэж хүн харахад хачин юм бий.

Дээрээс нь маш их ядарна. Илчлэг их алддаг болохоор гадуур худалддаг нэмэлт тэжээлүүдийг ихээр хэрэглэдэг. Тэгж байж алдагдсан амин дэмүүдээ нөхөж авдаг юм. Бодибилдинг уг нь их сайхан спорт шүү дээ.

Эр хүнд зохисон спорт гэж би боддог. Хүн хэцүү зүйлд дурладаг юм шиг байна лээ. Харин амархан зүйлд нэг их дурлахгүй байх.

-Энэ удаагийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн Б.Хүсэлтүвшинийг таны шавь гэсэн. Багш, шавь хоёр хамтдаа тэмцээнд оролцоод медаль ихэрлүүлнэ гэдэг үнэхээр бахархмаар юм?

-Өнгөрсөн хавар манай найз Б.Хүсэлтүвшинг дагуулж ирээд “Намайг хажуудаа бэлтгээд аваад яваач” гэснээр бид хамтарч бэлтгэл хийж эхэлсэн. Б.Хүсэлтүвшин дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, маш богино хугацаанд өөрийгөө харуулж чадлаа.

Өнгөрсөн наймдугаар сарын сүүлд есдүгээр сарын эхээр 48 дахь удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Макаод болсон юм. Тэмцээнд бид хамт оролцож Б.Хүсэлтүвшин фитнесс ангилалд мөнгөн медаль хүртсэн.

Бид хоёр тэмцээний эхний өдөр шалгаруулалтад хамт оролцож таарсан л даа. Би эхлээд гарсан. Миний дараа Б.Хүсэлтүвшингийн шалгаруулалт эхэлсэн.

-Зарим хүний ямар мэргэжилтэй болох нь хүүхэд байхаасаа харагддаг гэдэг. Та багадаа ямар хүүхэд байв. Ер нь багаасаа спортод элэгтэй байв уу?

-Би Амгаланд төрж, өссөн. Амгалангийн шороонд бужигнаж өссөн сахилгагүй шар хүүхэд байсан даа. 27 дугаар сургуулийг төгсч, наймдугаар ангидаа ТМС-д орсон. Тэр үеийн сахилгагүй хүүхдүүд голдуу л ТМС-д сурдаг байлаа. Дараа нь Багшийн дээд сургуулийн Тамирын сургуульд сурч байгаад бэлтгэл сургуулилтын цаг амжихгүй болохоор нь гарчихсан юм.

-1990-ээд оны үед та барилдаж болох байтал яагаад заавал бодибилдингээр хичээллэсэн юм бэ. Таныг энэ спортод хөтөлж оруулсан хүн бий юү?

-1990-ээд оны үед энэ спортыг хөрөнгөтний гэж тодотгодог байсан. Тухайн үед манай нэг хуурай ах Монголын бодибилдингийн анхны клубүүдийн нэгийг нээсэн юм. Ерөөсөө л “Хар ирвэс”, “Тайхар”, манай хуурай ахын “Гарьд” гээд хэдхэн клуб байлаа шүү дээ.

Бид Улаанбаатар төмөр замын хуучин уурын зуухыг засч янзлаад Ленинградаас тоног төхөөрөмжөө авчраад угсарч байсан юм. Дээр нь тэр үеийн сэтгүүлүүдээс гадаадын бодибилдингийн тамирчдын зургийг хайчилж авдаг байлаа.

Тэгээд л тэр үедээ “Энэ тамирчид шиг гоё биетэй болно” гэж бодоод тэндээ хичээллэж эхэлсэн дээ. 1991 оны нэгдүгээр сард бодибилдингийн анхны улсын аварга шалгаруулах тэмцээн болж, 17 настайдаа оролцож байв.

-Бодибилдингээс өөр спортын төрлөөр хичээллэж байгаагүй юү?

 -Өмнө нь дөрвөөс долдугаар анги хүртлээ “Алдар” нийгэмлэгт боксоор хичээллэж байсан. Тэр үед “Алдар” нийгэмлэгийн багш нь Магван гуай байсан. Долдугаар ангидаа Хөтөлд болсон Бүх ард түмний спартикиадад оролцохоор очсон ч жингээ хасч чадаагүйгээс тэмцээнд ороогүй. Миний оронд манай клубийн өөр хүүхэд оролцож байсан юм. Түүнээс хойш л боксоор хичээллээгүй хаясан.

-Паурлифтингийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан. Одоо хичээллэж байгаа юу?

-Паурлифтингийн дасгал нь бодибилдингтэй адилхан шүү дээ. Би 2005, 2006 онд болсон паурлифтингийн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж хошой аварга болж байсан.

-Бодибилдингээр 25 жил хичээллэхдээ шантарч байсан тохиолдол бий юү?

-Байлгүй яах вэ. Би 25 жилийн хугацаанд дунд нь хэд хэдэн удаа спортоо завсарлаж байсан. Бид энэ спортоор хичээллэхийн тулд асар их мөнгө зарцуулдаг. Гэр орондоо хоол унд авахгүй мөртлөө тэмцээн, уураг, амин дэм авахдаа мөнгө зарцуулаад явна. Тэгж явах үедээ их ядарна.

Тэгээд л “Би юу сонгоод авчихсан юм бэ. Өөрийгөө ингэж зовоох ямар шаардлага байна” гэж бодох үе гардаг байлаа. Гэхдээ нэгэнт л бодибилдингийн спорттой холбогдсон хүн хаяж чаддаггүй юм байна лээ. Хэчнээн шантарсан ч хэсэг хугацааны дараа спортоо үгүйлдэг. Тиймээс л өдий хүртэл бодигоор хичээллэж байна. Тэмцээн уралдаанд оролцоход надад найз нөхөд маань их тус дэм болдог.

Ялангуяа Мягмар гээд найз маань өөрөө бодигоор хичээллэдэг учраас намайг их ойлгож дэмждэг. Энэ ярилцлагын далимд танай сониноор дамжуулан найздаа “Баярлалаа” гэж хэлье.

-Бодибилдингээр хичээллэж байгаа залуус таныг нэмэлт тэжээлүүдээ хэрхэн хэрэглэдэг талаар сонирхож байгаа болов уу?

-Цэвэр уургийг би гурван цаг тутамд уудаг. Ер нь хүний бие гурван цаг тутамд 30 грамм уураг хүлээн авах чадвартай байдаг. Түүнээс илүү хэмжээгээр хэрэглэвэл үлдсэнийг нь өөх тос болгоод хувиргачихдаг юм.

Тиймээс уургийг авах ёстой хэмжээгээр нь хэрэглэх шаардлагатай. Мөн би усыг маш их хэмжээгээр уудаг. Тэмцээний бэлтгэлд гарсан үед өдөртөө зургаан литр ус уудаг. Гэхдээ 8-10 литр ус уух ёстой юм билээ. Ус бол энергийн эх үүсвэр.

 -Та спорт хороонд харьяалагддаг уу?

 -Харьяалагддаггүй. Харин “Шино бү” клубийн тамирчин л болж байх шиг байна даа. Өмнө нь “Хар ирвэст” клубт харьяалагддаг байсан.

-Одоо спортоор хичээллэхийн хажуугаар хувийн бизнес эрхэлж байна уу?

-Клуб ажиллуулж байгаад өнгөрсөн хавраас больсон. Түрээсийн байгууллагууд замбараагүй үнэтэй болчихсон байна. Фитнесс клубээс нэг их ашиг олоод байдаггүй. Ёстой дуртайдаа л хүмүүс бодибилдинг, фитнесс клуб ажиллуулдаг байх гэж боддог юм. Тиймээс одоо зөвхөн хувийн бэлтгэл сургуулилтдаа анхаарал хандуулж байгаа.

-Гэр бүлийнхнийгээ танилцуулна уу?

-Миний ханийг Б.Ундрах гэдэг. “Юнител” группт ажилладаг. Бид хоёр хүүтэй. Том нь 45 дугаар сургуулийн хоёрдугаар ангид суралцдаг. Бага нь цэцэрлэгт явдаг. Том хүүг маань Н.Амарсанаа, багыг нь Н.Тэмүүжин гэдэг.

-Бидний ярилцлага шинэ оны босгон дээр болж байгаа учраас таныг энэ жилийн ажлаа дүгнээд ирээдүйд хийхээр зорьж буй ажлаасаа танилцуулна гэж бодож байна?

 -2014 он миний хувьд амжилт бүтээлээр дүүрэн жил болж өнгөрлөө. Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж медалиа ихэрлүүллээ. Мөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртлээ. Ирэх онд “Дэлхийн мистер”- ын дэв жээнд өрсөлдөнө гэсэн том зорилго тавьчихаад байна. Тиймээс одооноос алгуурлалгүй бэлтгэлээ хийнэ дээ.

Б.Сэлэнгэ

Эх сурвалж: