sonin.mn

Таван тивийнхнийг нэг дээвэр дор нэгтгэдэг спортын наадмуудад гаргасан амжилт нь улс орны хөгжлийгтодорхойлогч нэгэн зүйл болсоор ирсэн. Улиран одож буй 2014 он Монголын спортын салбарынхны хувьд амжилт бүтээлээр бялхсан жил болж байна.

Ихэвчлэн ганцаарчилсан төрөлд оролцож медалийн тавцан дээр зогсдог байсан монголчууд энэ онд багийн төрлийн спортоо хэрхэн хөгжүүлж байгаагаа дэлхий дахинаа харууллаа.

Мөн дэлхийн аваргуудынхаа тоог нэмж, олимпын бус спортын төрлийн тамирчид маань олон улсын тэмцээнд хэрхэн үнэмлэхүй амжилт гаргаж байгааг үзлээ. Харин одоо тамирчдын гаргасан амжилтаас онцлох 10 үйл явдлыг тодруулснаа танилцуулъя.

Азийн наадамд оролцсон сагсан бөмбөгчид 2014 оны шилдэг баг боллоо

БНСУ-ын Инчён хотноо болсон Азийн спортын XVII наадмын сагсан бөмбөгийн тэмцээнд манай улсын эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн тамирчид шилдэг наймд шалгарсан билээ. Гуанжугийн Азийн наадмын амжилтаа ахиулсан тэд Инчёны наадамд шилдгүүдтэй өрсөлдөж эн тэнцүүхэн өрсөлдсөн юм.

Наадмын үеэр сагсан бөмбөгийн шигшээ багийн тоглогч Т.Санчирыг Азийн шилдэг тамирчнаар тодруулсан нь улиран одож буй 2014 оны спортын онцлох үйл явдлын нэг байв.

Тэдний гаргасан амжилтыг өндрөөр үнэлж, Монголын спортын оны шилдгүүдийг шалгаруулдаг “Бөртэ чоно-2014" наадмын спорт тоглоомын шилдэг багаар тодруулжээ.

Г.Болдбаатар 2014 онд зорилгоо биелүүлжээ

ОХУ-ын Челябинск хотноо болсон жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Г.Болдбаатар өвдөг шороодолгүй түрүүлж дэлхийн аварга болов. Тэрээр аваргын төлөөх барилдаанд дэвжээний эзэн орны бөхийг буулган авч аваргын титмийг хүртсэн юм.

Түүнд олимп, дэлхийн аваргаас бусад бүх медаль байсан. Харин 2014 онд өөрийнхөө зорилгыг биелүүлж дэлхийн аварга болсон нь энэ. Тив, дэлхийн тэмцээнүүдэд амжилттай оролцсон түүний хөдөлмөрийг үнэлж Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 103 жилийн ойгоор Монгол Улсын гавьяат тамирчин цол, тэмдгээр шагналаа.

Сүмогийн шинэ од Ичиножёо

2014 оны Японы мэргэжлийн шилдэг тамирчнаар тодорсон Ичиножёо буюу А.Ичинноров сүмогийн түүхэнд шинэ амжилтын эзэн болоод байгаа билээ. Озеки цолтнуудыг дараалан хаяж, ёкозүнаг унагасан дээд зиндааны анхны бөх болсон тэрбээр асар богино хугацаанд дээд зиндаанд дэвшсэн.

Мэргэжлийн сүмогийн 68, 69, 70, 71 дэх их аварга Монголоос төрсөн. Тэгвэл Ичиножёог Монголын их аваргуудын залгамж халаа болж 72 дахь их аварга болно хэмээн үзэж буй хүн олон байгаа биз ээ.

Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат түүнийг "Хочи'' сонины газраас онцлон шагнасан нь зар сурталчилгааны од болоход нөлөөлжээ.

19 настай дэлхийн аварга бөх

Узбекстаны нийслэл Ташкент хотноо болсон чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 60 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер С.Цэрэнчимэд хүч үзэж дэлхийн аварга болсон.

Тэрээр алтан медалийн төлөөх барилдаанаа Азарбейжаны бөхтэй хийж онооны илт давуугаар медалийн тавцанд зогссон юм. 19 насандаа дэлхийн аварга болж, Монголын чөлөөт бөхийн түүхэнд шинэ хуудас нэмснийг нь үнэлж түүнийг Монгол Улсын гавьяат тамирчин цол, тэмдгээр шагнасан.

Эмэгтэй жүдочид дэлхийн аваргаас багаараа мөнгөн медаль хүртэв

Улиран одож буй 2014 онд монголчуудыг цэнхэр дэлгэцийн өмнө өндөлзүүлсэн тамирчид бол жүдо бөхийн эмэгтэй тамирчид. Монгол хүн бур л тамирчдаа багийн тэмцээнд түрүүлнэ хэмээн захыг нь мушгиж суусан.

Тэд ч ард түмнийхээ итгэлийг алдалгүй ОХУ-ын Челябинск хотноо болсон жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний багийн төрөлд мөнгөн мөдаль хүртсэн юм. Эмэгтэй баг алтан медалийн төлөө Францын багтай барилдаж, 2:3-аар ялагдал хүлээснээр мөнгөн мөдалийн эзэн болсон билээ.

Шилдэг 16 багаас манай эмэгтэй баг Казахстан, Кубын багийг хожиж, хагас шигшээд шалгарсан. Эмэгтэй жүдочдын багийн бүрэлдэхүүнд М.Бундмаа, А.Цолмон, Д.Сумъяа, Ц.Цэрэннадмид, Б.Мөнгөнчимэг, Ц.Наранжаргал Б.Мөнхтуяа нарын шилдгүүд багтсан юм.

Хакухо М.Даваажаргал Тайхогийн дээд амжилтыг давтлаа

Японы Фукуока хотноо өндөрлөсөн мэргэжлийн сүмогийн арваннэгдүгээр сарын башёд 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал 14 даваа, нэг унаатайгаар итгэл төгс түрүүлсэн. Ингэснээр тэрээр сүмогийн түүхэнд хамгийн олон буюу 32 башёд түрүүлсэн домогт ёкозүна Тайхогийн дээд амжилтыг давтсан юм.

29 настай тэрээр Японы эзэн хааны цомыг гардсаныхаа дараа "Би 15 жилийн өмнө 62 кг жинтэй шавилхан хүү байхдаа анх сүмод хөл тавьж байлаа. Сүмогийн бурхан намайг тоож харсан тул би ийм амжилтад хүрсэн гэдэгт итгэдэг" гэжээ.

22 насандаа анх ёкозүна цолонд хүрсэн Хакухо ойрын үед сүмогийн түүхэнд хамгийн олон башёд түрүүлсэн бөхөөр тодорч нэрээ мөнхлөх биз ээ. Харин их аварга Тайхо 21 насандаа ёкозүна болж байжээ.

О.Гүндэгмаа “Дэлхийн цом”-оос мөнгөн медаль хүртэв

Азербайжаны Габала хотод болсон буудлага спортын "Дэлхийн цом"-ын шигшээ тэмцээний спорт гар бууны 25 метрийн дасгалд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Отрядын Гүндэгмаа мөнгөн медаль хүртэв.

Дэлхийн шилдэг 11 тамирчин медалийн төлөө өрсөлдсөнөөс О.Гүндэгмаа 583 оноогоор гуравдугаар байраар шигшээд шалгарсан. Аваргын төлөө өрсөлдсөн бөгөөд Германы Моника Каршич түрүүлж, О.Гүндэгмаа мөнгө, БНХАУ-ын Жиан Жин Зинь хүрэл медаль хүртсэн юм.

Отгон хүүхдээ төрүүлээд спортоос хэсэг хугацаанд завсарлаад их спортоо эргэн ирсэн тэрбээр энэ жил Монголын буудлага спортоор холбооны шилдэг тамирчин болжээ.

Долоон настай шатрын дэлхийн аваргатай болов

Долоон настай монгол хүүхэд сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж дэлхий нийтийн сонирхлыг татсан цаг саяхан. Түүнийг Е.Төгстөмөр гэдэг бөгөөд насныхаа ангилалд аль хэдийнэ дэлхийд дээгүүр эрэмбэлэгддэг шатарчин болжээ.

Тэрээр Грекийн Халкидики хотноо болсон сурагчдын дэлхийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн юм.

Дэлхийн шатрын холбоо, олон улсын сурагчдын шатрын холбооноос зохион байгуулсан тэмцээнд Е.Төгстөмөр хожигдолгүйгээр найман оноо авч дэлхийн аварга болсон. Тус тэмцээн талдаа 1 цаг 30 минутын хяналттай, швейцарь системээр нийт өсөн өрөг тоглож дүнгээ гаргасан билээ.

Бодибилдинг, фитнессийн Монголын анхны дэлхийн аварга Ж.Нурлан

40 гарч яваа монгол эр спортын хаан хэмээн өргөмжлөгддөг төрөлд дэлхийн аварга болов. 20 гаруй жил бодибилдингийн төрөлд үнэнч явсныхаа хэргийг гаргасан энэ эрхэм бол Ж.Нурлан.

Энэтхэгийн Мумбай хотноо болсон бодибилдинг фитнессийн дэлхийн аваргын 40-49 насны ангилалд алтан медаль хүртсэн тэрээр энэ амжилтаараа Монголын бодибилдингийн спортын түүхэн алтан үсгээр бичигдэн үлдэхээр болоод байна.

Ж.Нурлан 1991 оноос уг спортоор хичээллэж байгаа бөгөөд 23 жилийн дараа энэхүү алдрыг хүртсэн, Тэрээр 2004, 2005, 2006, 2012 оны улсын аварга шалгаруулах тэмцээний үнэмлэхүй аварга “Монголын мистер", Азийн аваргын хошой хүрэл медаль хүртэж байсан юм.

Монголын тамирчид Азийн зуны наадмаас ганзага дүүрэн ирэв

БНСУ-д болсон Азийн зуны XVII наадам монголчуудын хувьд сайн, муу олон мэдээ дагуулсан. Тус наадмаас манай баг тамирчид таван алт, дөрвөн мөнгө, 12 хүрэл медаль хүртэж, 45 орноос 16-д жагссан нь оны онцлох үйл явдлуудын нэг байв. Гэхдээ тэд үүнээс ч илүү олон медальтай ирэх боломжтой байсан юм.

Наадмын үеэр болсон зарим үйл явдал манай тамирчдын амжилтад нөлөөлсөн гэхэд болно. Медаль авахын төлөө наадмыг зорьсон боксчидын шүүлтэд асуудал үүсч, эмэгтэй жүдочдын хоолонд бохир зүйл хийсэн нь тамирчдын сэтгэл зүйд нөлөөлсөн юм.

Гэхдээ манай тамирчид Азийн XVII наадамд өмнө нь гаргаж байгаагүй амжилт үзүүлсэн билээ. Азийн наадмаас Монголын боксчдоос анхны Азийн наадмын аваргыг олон улсын хэмжээний мастер Д.Отгондалай, таеквондогийн тамирчдаас анхны медальтан болсон М.Түмэнбаяр, марафон гүйлтийн төрөлд Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од 2:06:13 цагийн амжилтаар IV байрт шалгарсан.

Жүдо бөхийн төрөлд эрэгтэйчүүдийн 100 кг-д олимпын алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, 66 кг-д дэлхийн залуучуудын аваргын хошой мөнгөн медальт Д.Төмөрхүлэг, эмэгтэйчүүдийн 48 кг-д Дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Уранцэцэг нар алтан медаль хүртэж, мөнгөн медалийг дэлхийн авврга, олон улсын хэмжээний мастер Г.Болдбаатар, н.Дүүрэнбилэг, Г.Одбаяр, хүрэл медалийг Л.Отгонбаяр, Н.Дагвасүрэн, Д.Сумъяа, Ц.Наранжаргал нар хүртсэн юм. Чөлөөт бөхийн баг тамирчдаас нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртлээ.

Эмэгтэйчүүдийн 55 кг-д олон улсын хэмжээний мастер С.Бямбацэрэн мөнгөн медаль, эрэгтэйчүүдийн 57 кг-д эалуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Б.Номин, эрэгтэйчүүдийн 97 кг-д Азийн аварга Д.Хүдэрбулга, эмэгтэйчүүдийн 63 кг-д насанд хүрэгчдийн болон эалуучуудын Дэлхийн аварга С.Цэрэнчимэд, 75 кг-д дэлхийн аваргын мөнгө, хошой хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин О.Бурмаа нар хүрэл медаль хүртлээ.

Мөн Азийн наадмын буудлагын тэмцээнд урт бууны тамирчин Чулуунбадрахын Нарантуяа 50 метрт хэвтээ байдлаас 60 сум буудах дасгалд 624.1 оноогоор алтан медаль хүртэж, Азийн наадмын аварга болов. 25 мөтрийн спорт гар бууны дасгалд онч сорьсон олимпын мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа хүрэл медаль хүртэв.

Түүнчлэн Азийн наадамд оролцсон Монголын сагсан бөмбөгийн эрэгтэй болон эмэгтэй баг тамирчид маань гайхалтай тоглолтуудыг үэүүлж, шөвгийн наймд шалгарсан түүхэн амжилтыг үэүүллээ.

Ийнхүү амжилт бахархалаар дүүрэн, алдаа оноо, сургамж шүүмж, хөлс хөдөлмөрийг харуулсан олон олон сонирхолтой тоглолтууд Азийн XVII наадмын үеэр болсон юм.

Б.Сэлэнгэ

Эх сурвалж: