sonin.mn

Олимпийн хошой аварга, дэлхийн аварга И.Ярыгиний нэрэмжит “Алтан Гран при” тэмцээнд манай улсаас 13 тамирчин хүч, ур чадвараа сорино. Энэхүү тэмцээн болон хүнд жингийн бөхчүүдийн олон улсын 26 дахь удаагийн тэмцээн ОХУ-ын Красноярск хотноо сарын 23-25-нд И.Ярыгиний нэрэмжит Спортын ордонд болно. Энэ тэмцээнийг Бүх Оросын бөхийн төрлүүдийн холбоо, Ярыгиний нэрэмжит сангаас Красноярск мужийн Амбан захирагчийн албатай хамтран зохион байгуулж байна. Тус тэмцээнд ОХУ-ын бөхчүүдээс гадна Армян, Беларусь, Казахстан, Киргиз, Латви, Молдав, Монгол, Тажик, Узбек, Япон зэрэг 15 гадаадын орны бөхчүүд өрсөлдөх юм.

ОХУ-ын Буриад улсын эмэгтэй шигшээ багийн урилгаар Улаан-Үд хотод 10 өдрийн хамтарсан цугларалт хийсэн манай эмэгтэй үндэсний шигшээ багийн Э.Нарангэрэл, Э.Даваачимэг, С.Бямбацэрэн, Э.Сумьяа, Т.Мөнхтуяа, С.Батцэцэг, О.Насанбурмаа, Ш.Түмэнцэцэг, О.Бурмаа нарын 9 бөх гавьяат дасгалжуулагч З.Дүвчин, Т.Сүхбаатарын нарын удирдлага дор оролцоно. Мөн “Цастын барс” клубээс дасгалжуулагч Д.Батнямын удирдлагын дор Б.Шоовдор /эмэгтэй 58 кг/, С.Наранцэцэг /эмэгтэй 60 кг/, Б.Далайбаяр /эрэгтэй 57 кг/, Б.Өсөхбаяр /эрэгтэй 61 кг/ нарын дөрвөн бөх хамт оролцохоор Красноярскийг зорьсон байна.

Энэхүү тэмцээнд манай бөхчүүд 1990 оноос хойш алгасахгүй оролцож байгаа юм. Энэ өнгөрсөн хугацаанд Л.Сэргэлэнбаатар /1991/, О.Пүрэвбаатар /1999/, Д.Отгонцэцэг /2011/, О.Бурмаа /2013-2014/ нар алтан медаль хүртэж байсан юм.

Д.Өлзий

Эх сурвалж: