sonin.mn

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос үндэсний супер лигийн тэмцээнийг зохион байгуулаад гуравдахь жилээ үдэж байна. Энэ жилийн дээд лигийн тэмцээнд 11 багийн тамирчид өрсөлдөж хоёрдугаар тойргийн тоглолтууд эхэлжээ. Тус холбооны зүгээс энэ сарын сүүлээр Бүх оддын шоу тоглолтыг зохион байгуулахаар болсон байна. Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б. Төмөртэй цөөн хором ярилцлаа.

-Холбооны ажлыг аваад удаагүй байна. Ажил хэр бүтэмжтэй байна?

-Дажгүй шүү. Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос энэ ажлыг хийх санал тавьсан. Миний хувьд ч таатай хүлээн авсан. Ажлаа аваад удаагүй байгаа ч урьд нь явж байсан мөн шинэ ажлуудыг төлөвлөж ажлаа үргэлжлүүлэн хийсээр байна.

-Удахгүй Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны "Бүх одод"-ын тоглолт эхэлнэ. Энэ жил гурван өдөр болно гэх юм?

-Тийм ээ. Энэ сарын 30,31 ирэх сарын 1 ны өдрүүдэд болно. Эхний өдөр оюутны лигийн бүх оддын тоглолт болно. Хоёр дахь өдөр Үндэсний супер лигт статистик үзүүлэлтээр тэргүүлэгч тоглогчдын үзүүлбэр, сүүлийн өдөр Монголын үндэсний шигшээ баг легионер тоглогчдын эсрэг тулах юм. Энэ дундаа холын зайн шидэлт, ур чадварын тэмцээн гээд уламжлал болгон явагддаг тэмцээнүүд зохиогдох юм.

-Лигийн шилдэг тоглогчдын нэг н.Одбаяр багтаа эргэн ирэх гэж байгаа гэх юм. Үнэн юм уу?

-Тийм ээ. Одбаярын хувьд Австрали улсад амьдарч, ажиллаж байсан. Багтаа ирэх шийдвэр гаргасан нь сайн хэрэг. Өнөөдөр багийнхаа тоглолтод оролцох байх.

-Үндэсний супер лигт тоглож байгаа тамирчдын төлөөллийг гадны лигт урих болжээ гэх яриа гарах болж. Холбооны зүгээс ямар байр суурьтай байгаа вэ?

-Албан мэдээлэл бол байхгүй. Гэвч гадны сагсан бөмбөгийн спортоор тэргүүлэгч орноос боломжийн санал тавихад тамирчид татгалзах хэрэггүй байх. Үүн дээр энэ тал Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо ч дэмжиж ажиллана.

Ж.Цэцэгмаа
Эх сурвалж: