sonin.mn
Монголын хөлбөмбөгийн холбоо/МХБХ/- ны ээлжит Их хурал энэ сарын 27-нд болно. Энэ талаар хөлбөмбөгчдийн төлөөлөл мэдээлэл хийлээ. Тэдний зүгээс энэ удаагийн Их хурлаар МХБХ-ны Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч, Гүйцэтгэх хорооны гишүүдийг сонгохоос гадна Монголын хөлбөмбөгийн хөгжлийн хувьд шийдвэрлэх үйл явдал болно гэдгийг онцлов. 
 
Тус холбооны өмнөх Ерөнхийлөгчтэй холбоотой МХБХ-ны нэр хүнд FIFA /Олон улсын хөлбөмбөгийн холбоонд унасан байгаа энэ цаг үед ээлжит сонгуулийг ОУХБХ-ноос хүлээн зөвшөөрсөн дүрмийн дагуу шударга явуулж, зөв удирдлага, зөв багийг сонгохын төлөө “Хөлбөмбөгийг хөлбөмбөгчдөд” гэсэн уриан дор үе үеийн хөлбөмбөгчид нэгдэн ажиллаж буйгаа зарласан юм.
 
Мөн МХБХ-ны одоогийн нөхцөл байдал, холбооны удирдлагуудын дүрэмдээ оруулсан хууль бус өөрчлөлтүүд болон их хуралд сонгогдсон төлөөлөгчдийн дунд улс төрийн албан тушаалтнууд байгаа хэмээн мэдэгдлээ. 
 
МХБХ-ны Дэд ерөнхийлөгч асан, гүйцэтгэх захирал Б.Мэдрээ хэлэхдээ,  “МХБХ нь байгууллагын хувьд уналтанд орчихсон, сүүлийн үед үйл ажиллагаа нь дампуурчихсан байгаа.
 
Холбооны өмнөх Ерөнхийлөгч авлигын хэргээс болоод ОУХБХ-ноос хөөгдсөн. Энэ байгууллага 60 гаруй жилийн түүхтэй ч сүүлийн 17 жилийн турш байнга хууль дүрмээ зөрчдөг, шударга бус байдал давамгайлж, үйл ажиллагаа нь нэг хүний ес бус үйл ажиллагаанаас шалтгаалдаг аж.
 
Одоо удахгүй удирдлагуудаа сонгох хурал болох гэж байна. Энэ хуралд МХБХ-ны үйл ажиллагааны дагуу хөлбөмбөгчид, дасгалжуулагч, шүүгчид нэгдэж хөтөлбөр боловсруулж нэр дэвшихээр болсон" гэв.
 
Хэвлэлийн хуралд тус холбооны Ерөнхийлөгчид нэр дэвшигч Б.Мэдрээ, дэд ерөнхийлөгчид нэр дэвшигч Б.Буман-Учрал, Г.Ганхүү, гүйцэтгэх хороонд нэр дэвшиж буй Г.Мөнхчулуун, Д.Тэрбаатар, Ж.Хишигжаргал болон хөлбөмбөгчдийн төлөөлөл оролцов. 
 
 
Ж.Болор
 
Гэрэл зургийг Т.Чимгээ
 
 Эх сурвалж: "Монцамэ" агентлаг