sonin.mn
ОХУ-ын Санкт-Петербург хотноо ирэх сарын 7-8-нд зохион байгуулах Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд хүчээ сорин барилдах Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн тодорлоо.
 
Энэ удаагийн тэмцээнд 48 кг-д ОУХМ Э.Нарангэрэл /Орхон аймаг, ”Хангарьд” клуб/, 53 кг-д ОУХМ Э.Сумьяа /”Замчин” спорт клуб, ДАШТ-ий мөнгөн медальт/, 55 кг-д ОУХМ С.Бямбацэрэн /”Аврагч” спорт хороо/, 58 кг-д ОУХМ Б.Шоовдор /”Цастын Барс” клуб/, 60 кг-д гавьяат тамирчин С.Цэрэнчимэд /”Алдар” спорт хороо, дэлхийн аварга/, 63 кг-д гавьяат тамирчин С.Батцэцэг /”Хилчин” спорт хороо, олимпийн хүрэл медальт, ДАШТ-ий алт, мөнгөн медальт, оюутны универсиад наадмын аварга/, 69 кг-д гавьяат тамирчин О.Насанбурмаа /Төмөр замын Цагдаагийн хэлтсийн офицер, “Алтай констракшн” компанийн бөх, ДАШТ-ий 3 хүрэл медальт, Ази тивийн аварга/, 75 кг-д гавьяат тамирчин О.Бурмаа /БЗД-ийн цагдаагийн II хэлтсийн офицер, ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт/, ОУХМ Г.Наранчимэг /”Хилчин” спорт хороо, Азийн наадмын аварга/ нар барилдахаар болжээ.
 
Харин багийн даргаар МЧБХ-ны ерөнхийлөгч, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Дагвадорж, албаны төлөөлөгчөөр МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, “Алтай констракшн” компанийн ерөнхий захирал Х.Бат-Эрдэнэ, дасгалжуулагчаар эмэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр, эмэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч, гавьяат тамирчин З.Дүвчин, гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар, шүүгчээр МЧБХ-ны нарийн бичгийн дарга, олон улсын шүүгч Б.Төмөрбаатар, эмчээр БТСХТ-ийн Спортын анагаах ухааны албаны эмч М.Саранцацрал оролцоно.
 
Манай улсын шигшээ баг “В” хэсэгт ОХУ, Украин, Шведийн багуудтай өрсөлдөнө, “А” хэсэгт Япон, Польш, АНУ, Азербайжаны багууд багтжээ. Дэлхийн цомын аваргын төлөө тэмцээнд Г.Наранчимэг, Б.Шоовдор нар анх удаа, Э.Сумьяа 2 дахь, Э.Нарангэрэл, С.Цэрэнчимэд нар 3 дахь, С.Батцэцэг 4 дэх, О.Бурмаа, С.Бямбацэрэн нар 5 дахь, О.Насанбурмаа 7 дахь удаагаа хүч, ур чадвараа сорьж байна.
 
Өнгөрсөн жил Ташкент хотод болсон ДАШТ-д ҮI байр эзэлж Дэлхийн цомын АШТ-д оролцох эрх олж авсан юм. Манай эмэгтэй баг тамирчид ДЦАШТ-д 2009 оноос хойш тасралтгүй оролцож байна. Үүнд II, ҮII байранд тус бүр 1 удаа, Ү, ҮI байранд тус бүр 2 удаа шалгарч байжээ. Өнгөрсөн жил Япон улсын Токио хотод болсон тэмцээнд Ү байр эзэлж байлаа.
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг