sonin.mn
О.Саранчулуун өнгөрсөн жил АНУ-д болсон марафон гүйлтэд эх орноо төлөөлөн оролцож, 42 км зайг 8.15 цагт туулж барианд орсон бөгөөд цахим өртөнцөөр шуугиулсан мэдээллийн нэг байлаа. Учир нь тэрбээр эрүүл хүмүүсийн оролцдог марафонд хиймэл хөлтэй гүйсэн анхны монгол эмэгтэй болсон юм. Одоо О.Саранчулуун “Амжилтын хэлхээ” ТББ-ыг тэргүүлдэг төдийгүй АШУҮИС-д багшилдаг.
 
-Хүмүүс намайг эхлээд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн марафон гүйлтэд түрүүлсэн гэж ойлгосон байсан. Хамгийн гол нь 42 км холын зайд эрүүл хүмүүс гүйдэг. Олимпод марафоны төрөлд холын зайнд хөлгүй хүн уралддаггүй. Клиникийн хувьд ч боломжгүй. Хиймэл хөлтэй хүмүүс голдуу холын зайнд урдаа нэг, хойноо хоёр дугуйтай, араа нь гар дээрээ байдаг дугуйгаар уралддаг. Холын зайнд хиймэл хөлөөр гүйнэ гэдэг нэлээд “галзуу” хүмүүсийн хийдэг ажил. Шинжлэх ухаанд хиймэл хөлтэй хүнийг марафонд гүйх боломжгүй гэдэг ч би боломжгүй зүйл байдаггүй гэдгийг харуулахыг хүссэн юм. Мэдээж надаас илүү хоёр хөл нь хиймэл хүмүүс ч гүйсэн байдаг. Гэхдээ их цөөхөн гэж О.Саранчулуун ярьсан юм.
 
Тэр спортоос хол хөндий охин байжээ. Хөл муутай гээд биеийн тамирын хичээлд ч ордоггүй байсан гэнэ. 13 наснаасаа хойш 20 жил хиймэл хөлтэй амьдарч байгаа. Түүний Монголд хийлгэсэн хиймэл хөл нь гүйх байтугай өдөр тутмын амьдралд ч түүртдэг байж. Харин Америкт сурч байхдаа “Хиймэл хөлөн дээр гүйгчид” холбооны вэб сайтыг олж үзээд холбогдож, “шинэ хөлтэй” болсон байна. Тэгээд л бага багаар гүйж эхэлжээ. Хүмүүсийг ч уриалан олон удаа хол, ойрын зайд гүйж, түүндээ урамшин, өөртөө итгэх итгэл нь улам нэмэгдэж байлаа. Тэгээд нэг их удалгүй шинэ хөлөндөө дассан тэрээр дээр дурдсан марафонд зориглон оролцоод иржээ.
 
Жаахан байхдаа мэс засалд орсныхоо дараах хоёр жил тэргэнцэр дээр сууж, суга таягтай явсан гэдэг. Харин хөлөө эдгэхээр нь хиймэл хөл хийлгэсэн байна. Өвдөж, хөлөө тайруулсан болохоор гэртээ байхдаа байнга л ном уншдаг байж. Эмээ, ээж хоёр нь түүнд тусалж, бүгдийг хийдэг байв. Тэд “Хөлөө алдсан болохоос толгойгоо алдаагүй шүү. Чи хөгжлийн бэрхшээлтэй ч гэсэн толгойдоо мэдлэгтэй , байхгүй бол хэн ч чамайг харжүзэхгүй. Чи бусдаас нэг юмаараа дутуу байгаа бол хоёр зүйлээр илүү байхыг хичээ” гэж хэлдэг байсан учраас О.Саранчулуун зөвхөн хичээлээ л хийдэг хүүхэд байлаа. Энэ бүгдийн дараа дунд сургуульдаа эргэн ороход багш нар, ангийнхан нь түүнийг үнэхээр сайхан угтжээ. Онц сурдаг, бусдыгаа уриалсан олон ажил хийдэг идэвхтэй болохоор хөлгүй гэдгээ ч нэг их анзаардаггүй шахам байв.
 
Гэвч хэцүүхэн он жилүүд ард үлдсэн. Тэр өсч том болж, одоо аль хэдийнэ гэр бүлтэй болсон. Нөхөртэйгээ амьдраад тав, зургаан жил болж байна. Израйлд суралцаж ирснийхээ дараа тэд танилцсан байна. Нөхөр нь хүнлэг, зөөлөн сэтгэлтэй, бас түүний маш гайхалтай сайн найз.
 
-Хүн өөрийгөө хэзээ ч 100 хувь дайчилж чаддаггүй. Тиймээс бүсгүйчүүдээ, ядаж 10-хан хувь өөрийгөө дайчлаад үзээрэй, үр дүнд заавал хүрнэ шүү гэж тэр хэлсэн. Бас спортоор хичээллээрэй гэдгийг ч дамжуулсан юм.
 
Т.Болор 
Эх сурвалж: "Хөдөлмөр" сонин