sonin.mn
Энэ удаагийн “Өглөөний зочин” маань зуун буудалт даамын их мастер, Азийн тав, улсын арван нэгэн удаагийн аварга, Монгол Улсын гавьят тамирчин Д.Эрдэнэбилэг. Түүнтэй оюуны спортын талаар цөөн хором ярилцсан юм.
 
-Ойрын үед оролцох тэмцээнүүдийнхээ талаар сонирхуулаач? 
 
-100, 64 буудалт даамын 2015 оны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ гуравдугаар сард Улаанбаатар хотод болно. Эхний хоёр байранд шалгарсан тохиолдолд Узбекстаны Ташкент хотноо дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 5-ны хооронд болох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд орно. Аравдугаар сард Монгол-Хятадын уулзалт тэмцээн болно. Дараа нь арваннэгдүгээр сард 100 буудалт даамын 2015 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Голланд улсад болно. Тив дэлхийгээс шалгарсан шилдэг 20 даамчин тойргийн журмаар тоглодог юм. 
 
-Таныг чансаагаараа Азид тэргүүлж, Дэлхийд ч нэлээд дээгүүрт бичигдэж байгааг энэ спортыг сонирхогчид мэддэг. Манай улсад энэ спортын цар хүрээ хэр байна вэ, олон нийтэд түгээн дэлгэрүүлэхийн тулд ямар арга хэмжээ авбал дээр вэ? 
 
-Спортын цар хүрээний хувьд сүүлийн жилүүдэд өргөжиж байна. 2014 онд гэхэд Өсвөрийн болон залуучуудын дэлхийн аваргаас хоёр хүүхэд мөнгө, хүрэл медаль авлаа. Цаашид ч олон медаль авах байх. Саяхан болж өнгөрсөн 100 ба 64 буудалтын 2015 оны өсвөрийн улсын аваргад хот, хөдөөнөөс шалгарсан 600 орчим хүүхэд оролцлоо. Эцэг, эхчүүд даамын спортын ашиг тусыг мэдэрч хүүхдүүдээ аль тэр баруун зүүн хязгаараас тэмцээнд оролцуулах, бэлтгэл сургуулилт хийлгэхээр авч ирж байгаа нь энэ спортын цар хүрээ нэмэгдэж байгааг харуулж байгаа. 2014 оны байдлаар зөвхөн Улаанбаатар хотод бүх насны ангилад 14 тэмцээн зохиогдсоноос нийт 1500 гаруй тамирчин оролцсон байна. үүн дээр хөдөө орон нутагт болдог тэмцээнд оролцсон тамирчдыг оруулах хэрэгтэй. Мөн тэмцээн уралдаанд ордоггүй олон мянган сонирхогч бий. 
 
-Тэгвэл улсаас хэр дэмжиж байгаа вэ? 
 
-Онц гойд дэмжлэггүй, тамирчид маань өөрсдийгөө болгоод л явж байна. Даамын спортын хувьд шигшээ багт ороогүй, тамирчдад олгодог Ерөнхийлөгчийн нэрэмжит урамшуулалд олимпийн бус төрөл учраас багтаагүй зэрэг юм юмнаас л хасагдсан байдаг. Монгол хүний оюуныг зарж идэж байж л энэ улс хязгааргүйгээр хөгжих байх. Түүнээс хэдэн “толгой”-ныхоо нөөцийг идэж амжаагүй байтал юу болж байгааг харж байгаа биз дээ. Хүний оюун ухааны нөөц гэдэг бол асар их. Монголын ирээдүйн хөгжил монгол хүний оюун ухаан болохоос хэдэн алт нүүрс биш гэж боддог. Тийм болохоор улсаас оюуны спорт шатар, даамыг онцгой анхаарах хэргтэй. 
 
-Та өмнө нь Голландын тамирчин болох, Хятадад ажиллах саналаас татгалзаж байсан. Түүнээс хойш аль нэг улсаас урилга ирэв үү? 
 
-Ойрхон учраас Хятад улсаас санал хэд хэд ирсэн. Хамгийн сүүлд 2014 онд Ази тивийн аваргад оролцож байхад Хятадын Даамын холбооноос санал тавьсан. Улс нь ихээхэн анхаарч бүх муждаа даам хөгжүүлж бүх хятадын шигшээ баг байгуулсан байна лээ. Дэлхийн шилдэг даамчид аваргуудыг урьж хичээл заалгаж байгаа. Монгол хүүхдүүддээ даам зааж өгөөгүй байж хятад хүүхдүүдэд даам заана гэж юу байхав. Дараа нь монгол хятад хоёр хүүхэд тоглоход алиныг нь дэмжих вэ. 
 
-Гэхдээ нэгэнт улсаас энэ спортыг дэмжихгүй шахам байхад өөрийнхөө карьер, ирээдүйг бодоод гадаадад ажиллая гэдэг бодол төрж байв уу? 
 
-Над шиг боловсон хүчинг бэлдэхэд улсаас хэдий хэр зардал гарч, цаг хугацаа өнгөрч байгааг тооцож үзсэн болов уу. Ясли, цэцэрлэг, сургууль, тэмцээн уралдаанд явах мөнгө гэх мэх мэт. Эх орон улсаараа тэжээлгэж, бэлдүүлчихээд ид насан дээрээ хэдэн цаасны хойноос гадаадад гарч ажиллачихаад эргэж ирж ясаа тавина гэж ёстой бодож байгаагүй. Улсаас ч энэ тал дээр анхаарах асуудлууд байгаа л гэж болож байна. Өөрсдөө ч гэсэн хичээгээд явах хэрэгтэй. 
 
-Даамын спортын тамир­чдын хувьд ямар нэг тэмцээн уралдаанд явахад хэдий хугацааны бэлтгэл, ямар хэмжээний зардал мөнгө шаардагддаг бол. Мэдээж тэмцээн хаана болох, хэд хоног зэргээсээ шалтгаалаад өөр өөр байх. Гэвч дунджаар тодорхой хэмжээний тооцоо байдаг байх? 
 
-Ямар тэмцээнд орох вэ гэдгээс шалгаалж бэлтгэлээ базаана одоогоор албан ёсоор бэлтгэл сургуулилтаа хийдэг, зардал мөнгийг нь даадаг газар байхгүй учраас өөрсдөө л болгоод явж байна. Бусад төрлийн спорт шиг техник хэрэгсэл, тоног төхөөрөмж шаардаад байхгүй болохоор техник хэрэгслийн хувьд харьцангуй бага зардал гардаг. Тэмцээнд явахад замын зардал л хүнд асуудал болдог. Одоохондоо манай даамынхан Монгол Улсын шигшээ багт хамрагдаад идсэн хоол, оролцсон олон улсын тэмцээн болгоныхоо зардлуудыг даалгаад яваад байгаа юм алга. Ихэвчлэн өөрийн болон зарим ивээн тэтгэгч нарын тусламжтай л ази тивээ төлөөлөөд Монгол улсынхаа нэрийг гаргаад явж байна. 
 
-Ер нь манай тамирчдын чансаа хэр байдаг вэ? 
 
-Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн арван удаа зохиогдсоноос одоогийн байдлаар долоог нь манай улсын тамирчид аваад байна. үүний тавд нь би түрүүлээд байгаа. Хятад улс сүүлийн найман жилийн хугацаанд энэ спортыг эрчимтэй хөгжүүлж тамирчдаа байнгын бэлтгэж, олон ч уралдаан тэмцээнийг өөрийн улсдаа зохиодог. Гэхдээ насанд хүрэгчдийн ангилалд нэг ч түрүү аваагүй байна. Энэ нь монгол хүний оюуны чадамж хэр байгааг харуулж байгаа жишээ байх. Сүүлийн жишээ гэхэд түрүүн хэлсэн 2014 оны Өсвөрийн болон залуучуудын дэлхийн аваргаас хоёр ч хүүхэд мөнгө, хүрэл медаль авлаа. Яг миний хувьд гэвэл 2013 оны дэлхийн аваргад тив дэлхийгээс шалгарсан 40 шилдэг тамирчнаас шигшээ 12-т шалгарч, өнгөрсөн арванхоёрдугаар сард Бээжин хотноо зохиогдсон Оюуны спортын наадамд дөрөв дэх удаагаа тивээ төлөөлж оролцоод ирлээ. 2266 гэсэн чансаагаар дэлхийн дээд ангилалд 97-д бичигдэж байна. Олон улсын шүүгчид Монгол Улс шиг 3 сая гаруйхан хүнтэй оронд чамлахааргүй амжилт гэж бичсэн байна лээ. 
 
-Тэмцээн алгасахгүй орж, өндөр амжилт гаргавал чансаа нь өгсөөд л байх юм байна. Тийм үү? 
 
-Тийм. Гэхдээ ихэнх тэмцээн Европын орнуудад зохиогддог болохоор манайхан тэр болгон оролцоод байж чаддаггүй. Зардал мөнгөний асуудал гээд л хэцүү шүү дээ. 
 
-Оюуны спортын үнэлэмж сайтай орнуудыг нэрлэвэл? 
 
-Ер нь оюун ухааныг үнэлдэг ашиглаж чаддаг Англи, Америк, Европын холбоо зэрэг улсууд хөгжлөөрөө тэргүүлж байна. Хятадууд энэ тал дээр ихээхэн анхаарч Шатар, даам, го, бридж, зэрэг оюуны спортын 5 төрөлтийн Оюуны спортын их наадмыг сүүлийн дөрвөн жил өөрийн улсдаа зохион байгууллаа. Дараа жилээс манай хойд хөрш зохион байгуулна. Манай улс ч гэсэн энэ жилээс Оюуны спортын наадам хийж цаашдаа жил болгон уламжлал болгох байх. 
 
-Яагаад заавал даамын спортыг сонирхож, хорхойссон юм бол гэдэг бодол олон хүнд төрж байгаа байх? 
 
-Жилийн дөрвөн улиралд зохицуулж мал аж ахуй болон орон гэрээ авч явдаг, Орос Хятад гэсэн өөр өөр соёл бүхий мөнхийн өрсөлдөгч хөршүүдтэй, тархи толгойгоо хөгжүүлэхэд хамгийн тохиромжтой цаг ууртай, бусад үндэстэнгүүдтэй харьцуулахад арай том тархитай, оюун ухааныг дээдэлж эртнээсээ шатар, даам, даалуу, хөзөр, оньс зэрэг олон тоглоом наадгайтай манай ард түмний хувьд энэхүү томоохон толгойнуудыг задалж хөгжүүлэх, баясгахад арай л тохиромжтой тоглоом нь миний хувьд даам байсан. Хүн анхаарлаа төвлөрүүлэх, логикоор сэтгэх, математик, тооцоолох ур чадвар сайжрах, суралцах чадвараа дээшлүүлэх, шийдвэр гаргаж сурах зэрэг олон чухал ур чадваруудыг суулгаж өгдөг спорт. 
 
-Тэмцээндээ хангалттай сайн бэлтгэж чаддаг уу? 
 
-Бэлтгэл гэдэг харьцангуй ойлголт. Зарим спортын төрөл богино хугацааг хамардаг байхад оюуны спортын хувьд олон жилийн нөр их хөдөлмөр бэлтгэл, сургуулилт, туршлагын үр дүнд бий болдог. Би даам тоглож эхэлснээс хойш олон улсын тэмцээнд 460 орчим өрөг тоглосон байдаг бол дэлхийн аварга А.Георгиев 1469 өрөг тоглосон. Мэдээж 1000 гаруй өрөг гэдэг бол асар их туршлага, бэлтгэл сургуулилттай учир хожих магадлалаар илүү гэсэн үг. Ер нь тэмцээнд сэтгэл санааны бэлтгэл их чухал л даа. Зарим орны тамирчид сэтгэл зүйч, дасгалжуулагчидтайгаа хамт бэлддэг гэдэг. Гэхдээ тэрийгээ бидэнд хэлэхгүй шүү дээ. Харин бид бол өөр өөрсдийгөө бэлдээд л дасгалжуулаад явж байгаа.
 
Манай улсад даамын тэмцээн уралдаан их зохион байгуулагдаж байна. Гэхдээ олон улсын бүх л тэмцээн зохиогддог Европ тивтэй ойрхон, тэмцээнд оролцохдоо бэлтгэл хийхээсээ илүү тэмцээнийхээ зардал мөнгийг хайж санаагаа зовоож гүйдэггүй, ивээн тэтгэгчтэй, бэлтгэл сургуулилт хийх орчин бүрдсэн, оюуны спортыг улсаас нь сайн анхаарч дэмждэг зэрэг олон хүчин зүйл бүрдсэн байдагсан бол зөвхөн би ч биш Монголын даамчдад хангалттай боломж бий. Илүү ч амжилт гаргахаар байгаа. Даанч нөхцөл нь сайн бүрдэж өгөхгүй л байна. 
 
-Таны хувьд олон жил тоглосон, байнга бэлтгэлээ хийдэг даам байдаг уу?
 
-Байлгүй яах вэ. Тэрийгээ маш сайн хадгалаад, дээдэлж явдаг юм. Даам гэдэг бол цэрэг дайны зориулалттай өрсөлдөгчөө ялах л тоглоом шүү дээ. Өөрөөр хэлбэл 20 хүү нь миний цэрэг, би өөрөө жанжин. Өөрийн 20 хүүгээ зөв удирдвал хожно, буруу удирдвал хожигдох дайн шүү дээ. Холыг харж, илүүг сэтгэж байж л ялна.
 
-Оюуны спортынхон их даруухан хүмүүс байдаг шиг санагддаг. Бусад спортынхон медаль аваад л эх орондоо ирэхэд нь сүр дуулиантай хүлээж аваад л бөөн ярилцлага болдог. Харин оюуны спортынхон ийм байдаггүй шүү дээ. Энэ нь та нар төвлөрч суудаг, даруухан хүмүүс байдагтай холбоотой юм болов уу?
 
-Тийм тал байгаа байх. Бидний бодол заримдаа бүүр сансарт нисчихсэн явж байдаг. Бүгд тийм байдаг гэх нь хаашаа юм. “Биеийн хүчээр ганцыг ялна, сэтгэлийн хүчээр 1000-г ялна” гэдэг шүү дээ. 21-р зуун бол оюун ухааны зуун.  Шатар даам бол ухаан шаардсан уран гоё нүүдэлтэй, гүн утгатай спорт. Эрдэмт хүн даруу, их мөрөн дөлгөөн гэдгийн л жишээ болов уу гэж бодож байна.
 
-Та “хожихдоо биш тоглож сурахдаа гол нь байдаг” гэж хэлсэн байсан. Тиймээс залуу даамчдад энэ спортын гол онцлогийг хэлж өгнө үү?
 
-Спортоор хичээллэхээр маш олон давуу талтай. Нэгдүгээрт, хүүхэд аливааг дэс дараатай зөв сэтгэж сурдаг, хоёрдугаарт, ялж, ялагдаж тэмцэлдэж сурдаг, гуравдугаарт, цагаа зөв хувиарлаж төлөвлөгөө гаргаж сурдаг. Хүүхдүүдэд хэлэхэд “алга ташуулах гол нь биш хамгийн гол нь хүлээн зөвшөөрөгдөх” хэрэгтэй. Өөрөөр хэлбэл зөвхөн медалийн төлөө биш ур чадвараа хөгжүүлэх юм бол хэзээ нэгэн цагт медаль авч, амжилт гаргах нь тодорхой. 
 
Эх сурвалж: