sonin.mn
ОХУ-ын Буриад улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит чөлөөт бөхийн ХХ удаагийн уламжлалт олон улсын тэмцээн Улаан-Үд хотын Биеийн тамир, спортын цогцолборт хоёр өдөр үргэлжилж манай бөхчүүд амжилттай оролцож хоёр алтан медаль хүртлээ. Тэмцээний хоёр дахь өдөр 61, 70, 86, 125 кг жингийн барилдаан болж хамгийн хүнд жинд ОУХМ Ж.Чулуунбат мөнгөн медалийн төлөө барилдаанд нутгийн бөх Н.Золбоог өвдөг шороодуулж алтан медалийн төлөө Украины бөх Михаил Даценкотой барилдаж 8:4 онооны харьцаагаар ялж аварга болсноор энэ тэмцээний хүрэл, 3 мөнгөн медаль дээрээ алтан медаль нэмлээ. Хүрэл медалийн төлөө ОУХМ Н.Золбоо, нутаг нэгт Ө.Батзултай өрсөлдөн дийлжээ.
 
61 кг-д ОУХМ Б.Номин Японы бөхийг ялж хагас шигшээ барилдаанд Якутын бөх В.Флегонтовыг 6:4 онооны харьцаагаар ялж алтан медалийн төлөө барилдаанд Буриадын бөх Александр Богомоевт 2:9 онооны харьцаагаар дийлдэн мөнгөн медаль авсан юм. Тэрбээр тус тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медалийн бүрэн цуглуулгатай болов. ОУХМ Б.Баянмөнх хүрэл медалийн төлөө Якутын бөх В.Флегонтовыг 5:4 онооны харьцаагаар хожжээ. Н.Лхамгармаа хоёрдугаар тойрогт Якутын бөх Б.Семёновыг ялж хагас шигшээ барилдаанд Якутын бөх В.Флегонтовт 4:7 онооны харьцаагаар дийлджээ.
 
70 кг-д ОУХМ Б.Анхбаяр хагас шигшээ барилдаанд манай бөх Д.Алтангэрэлийг ялж алтан медалийн төлөө Тажикийн бөх З.Юсуповтой барилдаж өвдөг шороодож энэ тэмцээний хошой мөнгөн медальт бөх болов. Д.Алтангэрэл хүрэл медалийн төлөө Оросын бөх Р.Вершинскийтэй, Б.Батсүх Оросын бөх И.Касумовтой барилдаж дийлджээ. 86 кг-д ОУХМ П.Өсөхбаатар хагас шигшээд манай бөх О.Үйтүмэнг дийлж алтан медалийн төлөө Японы бөх М.Ацушитэй барилдаж хожигджээ. Хүрэл медалийн төлөө барилдаанд ОУХМ О.Үйтүмэн нутгийн бөх Б.Бат-Эрдэнийг ялжээ.
 
Манай бөхчүүд энэ удаа тус тэмцээний 8 жингийн 6 жинд шувтаргын барилдаанд өрсөлдөж 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл нийт 12 медаль хүртлээ. Манай улсаас шүүгчээр олимпийн зэрэглэлийн шүүгч Б.Төмөрбаатар, олон улсын шүүгч Б.Алтангадас, М.Баярсайхан, Л.Жаргалсайхан, Б.Раднаа нар, дасгалжуулагчаар үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат тамирчин Ц.Цогтбаяр, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Б.Баяраа, Гавьяат тамирчин О.Пүрэвбаатар болон Л.Энхбаяр, “Арслан” клубын дасгалжуулагч Б.Баттулга нар зэрэг клуб, спорт хорооны дасгалжуулагч нар оролцжээ.
 
Д.Өлзий
Эх сурвалж: