sonin.mn
 
ОХУ-ын Санктпетрбург хотод энэ сарын 7-8-нд болсон дэлхийн шилдэг найман баг уригдсан “Дэлхийн цом”-ын эмэгтэй багийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг анхны хүрэл медалиа хүртсэн билээ. “Дэлхийн цом”-д долоо дахь удаагаа оролцсон Монголын эмэгтэй чөлөөт бөхийн шигшээ баг дэлхийн хоёр аваргыг эгнээндээ багтааж, есөн тамирчны бүрэлдэхүүнтэй дээрх тэмцээнд оролцсон юм. 
 
Ингэхдээ хэсэгтээ Швед, Украйны багуудыг хожиж, ОХУ-ын багт 5:3 харьцаагаар хожигдож хүрэл медалийн төлөөх барилдаанд АНУ-ын багийг 5:3-аар буулган авч медалийн тавцанд зогссон. Тэмцээний медаль гардуулах ёслолын үеэр ОХУ-ын бөхийн мэргэжилтнүүд манай багийн дасгалжуулагч нартай уулзан “Танай охид Украйны багийг хол тасархай хожсоноор манай баг мөнгөн медаль хүртэх боломжтой болсон. Та бүхэнд чин сэтгэлээсээ баярлалаа” гэж урмын үгээр мялааж байжээ. Ингээд ОХУ-ын эмэгтэй чөлөөт бөхийн Ерөнхий дасгалжуулагч профессор Юрий Шахмурадовын “Wrestrus.ru” агентлагт өгсөн ярилцлагыг хүргэж байна.
 
-Нутагтаа болсон тэмцээнд ОХУ-ын багаас арай илүү амжилт хүлээж байсан олон хүн бий. Тэдэнд хандаж ямар тайлбар хийх вэ?
 
-Хариуцлагатай хэрнээ, хүндхэн ялагдлын дараа яаран тайлбар хийхийг хүсээгүй юм. Хэсэг хугацаанд болоод өнгөрсөн бүх барилдаанд дүгнэлт хийх шаардлагатай байсан. Гэхдээ би одоо ч “Дэлхийн цом”-д манай бөхчүүд хэрхэн барилдсан үр дүнгийн талаар ярихыг хүсэхгүй байна. Харин бидний үндсэн суурь ямархуу байгаа талаар ярих хэрэгтэй болов уу. Товчхондоо бид боломжоо бүрэн ашиглаж чадаагүй. Энэ нь мэдээж манай охид Украйн, Монгол, Японы охидоос тэмцэх чадвараар сул дорой байсантай холбоотой. Энэ нь бид бүхнийг бэлтгэлжилтээ бүр эхнээс нь анхаарахыг сануулж байгаа хэрэг юм. Өнөөдөр манай өрсөлдөгчид барилдааны эхнээс эцсийн минут хүртэл бүх хүчээрээ тэмцэлдэж чадаж байна.
 
-Монголын охидын талаар та ямар бодолтой байна?
 
-Хамгийн гол нь манай охид хүчтэй өрсөлдөгчтэйгөө барилдахдаа биеэ барьж нэг ёсондоо айгаад байна. Тэд уг нь зодолдох гэж ирээгүй шүү дээ. Яагаад Монгол охид улсынхаа аварга шалгаруулах тэмцээнээ дөнгөж дуусгаад хоёрхон хоногийн дараа Ярыгиний тэмцээнд хүрэлцэн ирж чадаж байна. Гэтэл манай аль ч охин хэзээ л бол хэзээ бэртэл авахад бэлэн байдаг. Тийм болохоор тэд улс доторх тэмцээнээс халширч, болж л өгвөл оролцохгүй санаатай байдаг. 
 
Би алдарт хоккейчин В.Фетисовын “Би хоккей тоглосон 26 жилд томхон гэмтэл авч үзээгүй. Яагаад гэвэл би үргэлж дээд зэргийн бэлтгэлжилттэй, байнга бүхний бүх арга техникээ өөрчилж, орчин үеийн арга барил, тэмцэлдэх чанарт зайлшгүй суралцах шаардлагатай байна. Үндсэндээ барилдааныхаа арга мэхийг огт өөр болгох хэрэгтэй байна. Өөр хоорондоо л байнга гар зөрүүлж байхын оронд шинэ хүчтэй, илүү чадварлаг өрсөлдөгчидтэй гар зөрүүлж байж бэлтгэлийн чанар сайжирна. 
 
Жишээлбэл Монголын охид дэвжээн дээр гарсан л бол ямар ч дүрэм журамд үл баригдан чөлөөтэй ажиллаж чадаж байна. Бидэнд барилдааны энэ чанар, тухайн агшинг өөртөө ашигтайгаар эргүүлэх хурд үнэхээр дутагдаж байна. Харин Наталья Воробьевагийн дасгалжуулагч Герчегло, Исламов нар сайн ажиллаж байгаа. Гэхдээ л бүрэн төгс гэж хэлж боломгүй. Зарим зүйлийг гэртээ давтах хэрэгтэй. 
 
Инна Тражукова болон дасгалжуулагч Голубовский нарын тухай хэлэхгүй өнгөрч болохгүй. Хагас сарын хугацаанд хариуцлагатай тэмцээнд гурван удаа ялагдчихлаа. Би Олимпийн шигшээ багт тамирчдыг ямар шалгуураар авдаг байсныг сайн санахгүй байна. Гэхдээ одоо бол маш шударга шүүлтүүрээр тодруулах ёстой гэдгийг л мэдэж байна. Яг энэ шалгуурыг би Ирина Ологонова болон түүний дасгалжуулагч Бузин нарт тавих ёстой гэж бодож байна. Тэд барилдааныхаа техникийг сайжруулах гэж ерөөсөө хичээхгүй, хөдөлмөрлөхгүй байна. 
 
Ур чадвараа хөгжүүлэхгүйгээр яаж ялалтад хүрэх юм бэ. Мөн Жаргалма Цыренов түүний дасгалжуулагч Гулгенов, Молонов, Скрылев нарыг хатуухан шүүмжлэх ёстой. Тэд ерөөсөө хариуцлагатай бэлтгэл хийгээгүй. Тамирчин нь жингээ зүгээр л сул тавьчихсан. Тийм жинтэй, тийм бэлтгэлтэй байж яаж ийм хариуцлагатай тэмцээнд оролцохоор ирснийг нь үнэндээ ойлгохгүй байна. Би дахиад хэлье. Маш чанартай, хариуцлагатай бэлтгэлийг тус тусдаа хангахгүйгээр шигшээ баг дээр цуглан 15-хан хоногт тэдний сэтгэлзүй болон биеийн бэлтгэлийг зохих түвшинд хангана гэж байхгүй. 
 
Бидний эсрэг ямар хүчтэй биеийн болоод сэтгэлзүйн бэлтгэлтэй багууд зогсож байгаад маш ноцтой дүгнэлт хийх цаг болсон. Жишээлбэл энд би Монголын охидыг нэрлэх байна.
 
Д.Энхтүвшин
Эх сурвалж: