sonin.mn
Ширээний теннисний 2015 оны насанд хүрэгчдийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 13-15-нд “Оч” клубт  болж шилдгүүдээ тодрууллаа.
“ARB Mongolia” ХХК-ийн нэрэмжит тус тэмцээнд 35 байгууллагын нийт 204 тамирчин оролцож, ганцаарчилсан болон багийн төрөлд өрсөлдсөн юм. Тэмцээний дүн гарахад ганцаарчилсан ангилалд эрэгтэйчүүдээс ОУХМ Э.Лхагвасүрэн гурав дахь удаагаа түрүүлсэн бол эмэгтэйчүүдээс М.Дэлгэрмаа анх удаа улсын аварга боллоо.
 
Дэлхийн чансааны 453-т бичигдсэн ОУХМ Э.Лхагвасүрэн өмнө нь 2005, 2013 онд улсын аварга болж байв, Мөн 2002, 2004 оны улсын аварга ОУХМ Я.Бэгз мөнгөн медаль хүртлээ. Үндэсний IX дэх удаагийн лигийн тэмцээнд мөнгөн медаль хүртэж, харих болоогүй гэдгээ харуулаад авсан хашир туршлагатай Я.Бэгз залуучуудад том сургамж өгөв. Тэрбээр 40 насыг давсан ч энэ онд хоёр дахь удаагаа дэд байрт шалгарч байна. Өсвөрийн улсын аварга, энэ жил 14 настай Ч.Эрдэнэбаяр хүрэл медаль хүртэж, спортын дэд мастерын болзол биелүүлэв.
 
Харин эмэгтэйчүүдийн төрөлд шинэ залуу аварга төрлөө. Энэ спортоор олон шилдэг тамирчдыг төрүүлж буй Мэргэн багшийн охин Дэлгэрмаа энэ жил улсын аварга болж спортын мастер цол хүртэв. Өсвөрийн улсын аварга, залуу тамирчин Г.Индра хоёр дахь удаагаа насанд хүрэгчдийн улсын аваргаас мөнгөн медаль хүртэж, спортын мастер цолыг хүртлээ. Харин спортын мастер Б.Мөнгөнцэцэг хүрэл медаль хүртэж, сүүлийн хоёр жил дараалан медаль байрт шалгараад байна. Өдгөө дэлхийн чансааны 397 дугаарт бичигдэж байгаа улсын долоон удаагийн аварга, ОУХМ Б.Батхишиг медалийн тавцанд зогсжээ.
 
Тус тэмцээний багийн болон байгууллагын амжилтыг сонирхуулахад, эрэгтэй багаас “Шинэ эргэлт” тэргүүлж, “Бласт”, Хаан Даатгал болон Хѳтѳлбагууд удааллаа. Харин эмэгтэй багаас Хаан даатгал баг алтан медалийн эзэд болж “Шинэ эргэлт” мөнгө, “Бласт” болон Баянхонгорын багууд хүрэл медалийн эздээр тус тус тодорлоо. Багууллагын дүнгээр Шинэ Эргэлт баг тэргүүн байр эзэлж Хаан Даатгал хоёрдугаар байр, “Бласт” гуравдугаар байрт тус тус шалгарсан байна. Дашрамд дуулгахад, ганцаарчилсан төрлийн ДАШТ ирэх дөрөвдүгээр сард БНХАУ-д болох юм.
 
Д.Өлзий