sonin.mn
 
 АНУ-ын Конгрессын Сенатын танхимын хэсэг гишүүд 2018 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг /ДАШТ/ зохион байгуулах ОХУ-ын эрхийг цуцлах гэсэн оролдлогыг Олон улсын хөлбөмбөгийн холбоо /ФИФА/ няцаасан байна.
“Спортын арга хэмжээг эсэргүүцэх, тусгаарлах бодлого явуулах эсвэл сөргөлдөх нь асуудлыг шийдэх үр дүнтэй арга биш юм” гэж ФИФА-гийн олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн захирал Делия Фишер ОХУ-д ДАШТ-2018 тэмцээн зохион байгуулахтай холбоотой Америкийн хууль тогтоогчдын байр суурийн талаар тайлбар өгөхдөө мэдэгджээ.
 
Хөлбөмбөгийн ДАШТ нь ард түмэн болон Засгийн газар хоорондын үр ашигтай яриа хэлцээнд  хүчтэй хөдөлгөгч хүч болсноор нийгмийн хөгжилд тус дөхөм болох юм гэж ФИФА-гийн эрх баригчид үзэж байгааг Фишер тэмдэглэн хэлсэн байна.
 
“ДАШТ нь сайн сайханд тэмүүлсэн хүчин зүйл байж чадна. Тиймээс Орост болох ДАШТ ч мөн ийм байх болно гэж ФИФА үзэж байна” хэмээн Фишер цохон тэмдэглэжээ.
 
Украинд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар Вашингтон болон Москвагийн эрх баригчдын хооронд үүссэн санал зөрөлдөөний улмаас  2018 оны ДАШТ-ийг ОХУ-аас өөр оронд зохион байгуулах боломжийг хэлэлцэхийг АНУ-ын Сенатын зарим гишүүн санал болгон ФИФА-д шахалт үзүүлэх гэж оролджээ. Үүнтэй холбогдуулан Делия Фишер дээрх тайлбарыг өгсөн байна. 
 
Жон Маккейн, Линдси Грэм, Марко Рубио, Марк Кирк, Роберт Менендес зэрэг АНУ-ын Сенатын танхимын 13 гишүүн ФИФА-гийн ерөнхийлөгч Йозеф Блаттерт мягмар гарагт захидал хүргүүлжээ. Дашрамд дурдахад, Роберт Менендесийг лхагва гарагт авлигын хэрэгт буруутгасан байна.
 
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг