sonin.mn
 
 
 
Сүхбаатар аймагт биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд олон жилийн хөдөлмөрөө зориулж яваа хүний нэг нь жүдо бөхийн дасгалжуулагч, спортын мастер, үндэсний бөхийн аймгийн арслан Ж.Чулуунжав юм. Түүнтэй ярилцлаа.
 
-Та бүхэн саяныхаа тэмцээнд хэр амжилттай оролцов доо?
 
-Дажгүй оролцсон. Зүүн бүсийн өсвөр үеийнхний жүдочдын уг тэмцээнд би 20-иод хүүхэдтэй очсон. Эмэгтэйчүүд түрүүлж манайхан багаараа хоёрт ороод ирлээ. Одоо Увс аймагт болох улсын аваргын тэмцээнд бэлтгэж байна даа.
 
-Та зөвхөн жүдогийн дасгалжуулагчаар ажилладаг уу?
 
-Одоо бол тийм. Намайг анх 1980 онд энд дасгалжуулагч болоход бөхийн төрлүүдийг нэг л хүн дасгалжуулдаг байлаа.
 
-Бөхийн олон төрлийг дасгалжуулдаг байсан болохоор тун олон шавьтай болоо биз?
 
-Олоон олон. Улс, аймгийн цолтой бөх ч бий. Нэрлэвэл аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар, аймгийн арслан Ч.Булганхүү, А.Батдэлгэр, Бо.Батжаргал гээд хэлж болох юм. Сүүлийн үед жүдогоор хүүхдүүдийг бэлдэж байгаа. Тэднээс спортын мастер найм, дэд мастер 20 гаруй төрж дээ.
 
-Өөрөө ер нь энэ нутгийн хүн үү, биш үү. Яриаг чинь сонсоод байхад...?
 
-Баруун аймгийн хүн гэж мэдээд байна уу. Тийм ээ. Ховд аймгийн Алтай сумын хүн. 1974 онд хуулийн сургууль төгсөөд л энэ аймагт ирсэн. Дөч гаруй жил энд амьдарч өөрийн нутаг шиг дасч дээ.
 
-Хуульч хүн яагаад бөх рүү орчихсон юм бэ?
 
-Хүүхэд байхаасаа л барилдлаа л даа. Сургуульд байхдаа чөлөөтөөр идэрчүүдийн улсын аваргаас мөнгө, хүрэл медаль авч байлаа. Монгол Улсын ардын багш А.Басхүү, улсын начин, спортын мастер А.Баатархүү нар манай эцгийн талын хамаатнууд.
 
-Бөхийн удам байж дээ?
 
-Манай эцэг Р.Жимбэ гэж овооны наадамд цай авчихдаг бөх байсан. Бас ах, дүүст нь жалга довондоо гайгүй бөхчүүд байсан гэдэг л юм. Тэгэхээр бөхийн удмын юм байж таардаг. Миний хувьд сүүлд албан хаагч болсон ч гэлээ бөхөө орхилгүй явсаар 1980 онд жүдогоор спортын мастер болсон. Таван жил дараалан жиндээ улсын аварга болж байлаа. Тэгээд хуульч мэргэжлээ орхиж бөхийн багш болдог юм.
 
-Одоо ч барилдсаар байгаа гэсэн биз?
 
-Сүүлийн дөрвөн жил дараалан жүдогийн ахмадын улсын аваргад жиндээ түрүүлж алтан медаль авлаа. Эхлээд -100-д барилддаг байсан бол энэ жил 90 кг-д барилдаж түрүүллээ. Энэ жил ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Францад болно. Үүнд явах бодолтой. Өмнө нь 2012 онд Германы Франкфуртэд болсон тэмцээнд медалийн төлөө барилдсан ч аз дутаж тавдугаар байрт орж байлаа.
 
-Энэ жил түрүүлэхдээ ямар бөхчүүдтэй хүч үзэв дээ?
 
-Заан Цэнд-Аюуш, начин Г.Жалаа гээд л хүчтэнүүд байв. Улсын долоон удаагийн аварга Я.Доржтой алтан медалийн төлөө барилдаж ялаад аварга болсон.
 
-Та үндэсний бөхөөр аймгийн арслан хүн. Хэрхэн барилдаж явснаа дурсвал сонин байхаа?
 
-Үндэсний бөхөөр 1982 онд зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээнд 27 давж аймгийн начин цолны болзол хангаж байлаа. Тэгээд 1988 онд энэ аймагтаа түрүүлж аймгийн арслан болсон. Тэр үед аймгийн арслан Б.Гомбодорж, Загдаа, Моломсамбуу, Чогсом гээд бяр, чадлаараа гайхуулж явсан бөхчүүд байв. Мөн улсын цолтнуудаас улсын харцага Ж.Чулуун, Д.Одсүрэн, улсын начин Л.Дашдаваа агсан нар байлаа шүү дээ. Би бие жижиг болохоор даамай олон жил барилдаагүй ээ.
 
-Ямар мэх голдуу хийдэг байв даа?
 
-Үндсэн мэх гэвэл хөл авна. Бас давхар хамна. Намайг хөл авдаг болохоор үеийн бөхчүүд “хөлний хулгайч” л гэх. Чөлөөт, жүдогоор нэг үе залуучуудын шигшээ багт хичээллэдэг байсны ололт тэр байсан даа.
 
-За танд баярлалаа. Ярилцлагаа төгсгөх үү дээ?
 
-Би бас баярлаж байна. Манай аймагт спортын хөгжил ямар байгаа талаар хэдэн үг хэлмээр байна.
 
-Тэг л дээ?
 
-Миний энд ажиллаж амьдрах хугацаанд өнөөгийнх шиг спортыг анхаарч байсангүй ээ. Баруун-Уртад хөлбөмбөгийн талбайтай боллоо. Одоо усан бассейн, хоккейн талбай байгуулж байна. Волейбол, жүдо, шатар зэрэг хэд хэдэн төрөлд шигшээ багтай боллоо. Энэ бүхэн аймгийн хэтийн төлөвлөгөөнд тусгасан ажил. Аймгийн удирдлага салбар салбарт жигд анхаарч байгаагийн үр дүн юм шүү.
Д. Цэрэннадмид
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин