sonin.mn
 
“Миний тvvх” булангийн ээлжит зочноор Монгол Улсын гавьяат тамирчин Х.Алтанхуягыг урьж ярилцаа. Тvvний хувьд боксын спортоор Монгол Улсын анхны Ази тивийн аваргыг эх орондоо авчирж, шигшээ багийн дасгалжуулагчаар 14 жил ажиллаж байсан гавьяатай эрхэм юм. 
 
-Боксын спортын тvvхэнд vнэлж барам­­гvй хувь нэмэрээ оруулсан эрхэмтэй уулзаж ярилцах завшаан олдсонд баяртай байна?
 
-Баярлалаа. Юуны тvрvvнд Монголын сэтгvvлзvйн анхдагч чөлөөт хэвлэл “Өглөөний сонин”-ы спортын зочны ярилцлагад орж байгаадаа баяртай байна. Энэ дашрамд нийт уншигчиддаа энэ өдрийн мэнд хvргье.
 
 
-Таныг 14 настайдаа боксын спортод хөл тавьж байсан гэж сонссон. Тухайн vеийн тvvх нь их сонирхолтой юм билээ. Уншигчиддаа сонирхуулаач?
 
 
-Тийм ээ. Анх Завхан аймгийн Нөмрөг сумаас нvvж ирэн одоогийн циркийн орчимд амьдарч эхэлсэн. Энд бага насаа өнгөрөөсөөр 1959 онд оюутан, залуучуудын анхдугаар фестиваль болох гээд манай гэрийн ойролцоо байсан “Соёл” нийгэмлэгийн жижиг стадионд боксчид бэлтгэл сургуулилтаа базаасан юм. Тэднийг харж байтал эхлээд гvйж бие ээ халааж байгаад боксын бээлий өмсөн зодолдож эхэлдэг юм байна. Тэр дундаас нэг шар залуу маш ухаалаг тоглож, бултаж зугтаж, довтолсоор өрсөлдөгчөө ялж байсан. Тэрийг хараад л шууд боксчин болохоор шийдсэн юм. Энэ цаг мөчөөс яг хоёр жилийн дараа 14 настайдаа гавьяат дасгалжуулагч Б.Мишигдорж багшийн удирдлага дор “Хоршоолол” клубт бэлтгэл хийж боксын спортод эргэлт буцалтгvй орсон. 
 
-Хичээллэж эхэл­сэнээсээ хойш маш хурдан амжилт гаргасан шvv дээ та?
 
-Тийм ээ. Анхны амжилтаа 1963 онд Монголын бvх ард тvмний спартакиадад гаргаж байлаа. 60 кг-даа алтан медаль хvртэж хvмvvст танигдаж эхэлсэн vе. /Инээв/
-Тvvнээс хойш яг таван жилийн дараа буюу 1964 онд боксын спортыг улсаас хориглоод 1967 онд буцаан сэргээсэн гэдэг. Энэ ямар учиртай юм бэ?
-Тухайн vед хvvхэд байсан болохоор сайн мэддэггvй байсан. Сvvлд бодоод байхад энэ спортын багш дасгалжуулагчид тун ховор, бэлтгэл сургуулилтаа базааж байгаа хvvхдvvд зөв техникээ ч ялгаж салгаж мэдэхгvй болохоор их замбараагvй байсан юм шиг. Арай гайгvй сурчихсан хэд нь зодоон цохион хийгээд салдаггvй. Энэ байдлаас болж нэг хэсэг хориглосон байх. Ингэж явсаар 1967 оноос дахин сэргэсэн. 
 
-Ширэн бээлий дахин өмсч эхэлсэн vе тань 23 насанд чинь тохиосон уу?
 
-Тийм ээ. Гавьяат дас­галжуулагч Б.Олзод агсан тэр vед ЗХУ-д дасгалжуулагчаар төгсөөд ирчихсэн байсан. Ингээд л хуучин тоглож байсан мань мэтийг цуглуулж дээр нь хэдэн шинэ хvvхэд сонгож аваад бэлтгэл сургуулилтийг дахин эхлvvлсэн. Нэг хэсэг зогссон спортод эхний жилvvдэд хотын аварга шалгаруулах тэмцээн л, болдог байсан. Vvнд нь зургаан удаа тvрvvлж, хоёр ч удаа бvх ард тvмний спартакиадын тvрvv авч байлаа. Яг улсын аварга шалгаруулах тэмцээнд бол ганцхан л оролцож байсан юм билээ. 
 
 
-1968 онд Югославт болсон уулзалт тэмцээн хамгийн анхны оролцсон олон улсын тэмцээн чинь vv?
 
-Тэгсэн. Анх удаагаа манай тамирчид Европын тамирчидтай гар зөрvvлэх боломж олдсон хэрэг. 
 
 
-Тухайн vед ЗХУ-ын Буен Звонков буюу “Хvнд цохилтын хаан”-ыг өвдөг сөхрvvлсэн шvv дээ?
 
-Ингээд ярилцаж суухад эртний дурсамж сэдэрч байна шvv. Сайхан байна. Тухайн vед Олзод багштайгаа зөвлөж байгаад эхний vед судлах тактиктай гарсан. Энэ ч амжилттай болж дараагийн vе довтлох тактик боловсруулсан. Өрсөлдөгч ч намайг айж байна гэж бодон гараараа дохиод дуудаад байсан. Харин миний хувьд анаж байгаад хамгаалалтаа сулруулах агшинд нь хурдтай угсраа цохилтууд хийсэн. Багш ч чиний тактик тун зөв байна гэсэн. Ингэснээр дараагийн vе намайг минут гаран зугтаатал шар нь хөдлөөд задгай дайрхаар нь угсраа цохилтуудаа хийж ялалт авч байлаа. Тэр цагаас хойш 1969 онд Буриадад болсон “Байкал” сэтгvvлийн нэрэмжит, 1970 онд есөн орны буюу социалист орнуудын “Динамо” нийгэмлэгийн тэмцээнд орж мөн л улсаасаа хамгийн анхны аварга цолыг хvртэж байлаа. 
 
 
-Ингээд ярилцаад сууж байхад анхдагч болсон зvйл даанч олон юм аа. Бидний хамгийн ихээр бахархаж явдаг зvйл нь та Монгол Улсын спортын тvvхэнд хамгийн анхны Ази тивийн аварга цолыг эх орондоо авчирсэн гавьяатай хvн?
 
 
-1971 онд Ази тивийн тав дахь удаагийн аварга шалгаруулах тэмцээн Иран улсад болсон юм. Тухайн vед бид МАХН-ын Төв хороонд хvсэлт тавьж зөвшөөрөл авсаны vндсэн дээр оролцож байлаа. Миний жинд 13 орны боксчид өрсөлдсөн. Эхлээд Израилийг ялж, дараа нь Тайландын тамирчинтай таарсан. Тvvний өмнөх тойрогт Пакистантай хийсэн тоглолтыг нь харсан болохоор хvнд цохилттой эвгvй нөхөр байна гэдгийг тооцоолж гарсан. 
Ингээд өөрийнхөө арга барилаар тоглох бодолтой гарсан. Хөл дээрээ ажиллаж, нэлээн зугтаж тоглотол нөгөө нөхөр улайраад дайраад ирсэн. Б.Олзод багш ч гарахаас өмнө чи баруун гарын шулуун цохилтоо хийх ёстой шvv. Тvvний дагуу ч хийж миний гар тулаад нөгөө нөхөр ч унасан. Ахиад босоод ирэхэд нь дахин цохиж хожил авсан. Vvний дараа Энэтхэгийн ширэн бээлийтэнтэй таарч нэгдvгээр vе угсраа цохилт хийн өрсөлдөгчөө сөхрvvлсэн. Тоолуулаад босоод ирэхээр нь дороос нь өлгөж цохиод, зvvн хажуугаас нь нэг татсан чинь дахин гуйваад цэвэр ялж Ази тивийн анхны аварга болсон юм даа. 
Дараа нь буюу 1975 онд Японы Йокохамад болсон тэмцээнээр 29 настайдаа тvрvvлж хошой аварга болж байлаа. 
 
-1973 онд Солонгос улсад болсон Ази тивийн аварга шал­гаруулах тэм­цээнд яагаад оролцоогvй юм бэ?
 
 
-Манайхан өмнөд Солон­­госын социалист лагерийн улс биш гээд явуулаагvй юм. Оролцсон бол тvрvvлэх магадлал өндөр байсан. 
 
-60 кг-ыг боксын спортод шилдгvvдийн жин гэдэг юм билээ?
 
 
-Тийм ш дээ. /Инээв/ Надаас хойш Азийн аварга Г.Батбилэг, Дэлхийн авар­гын мөнгө, азийн аварга Р.Отгонбаяр, Р.Жамган, олим­пийн хvрэл медальт Н.Баярсайхан, Н.Энхбат, Т.Vйтvмэн, У.Мөнх-Эрдэнэ нарын шилдгvvд энэ л жинд тоглож байсан. Тоглосоор ч байна. 
 
 
-Ямар цохилт, мэхээр алдартай байв аа?
 
 
-Ах нь зай харах, хөлийн ажиллагаа нэлээн сайтай тамирчин байсан. 
 
 
-Таныг 1972 оны Мюн­хений олимпийн наадамд луйвардуулсан гэдэг юм билээ. Яг юу болсон юм бэ?
 
 
-Тус тэмцээнд эхлээд хийлж хоёрдугаар тойрогт Аргентинийг хожоод Туркийн боксчинд 2:3-аар хожигдсон. Тухайн vед манай улсаас шvvгч оролцоогvй болохоор зарга гаргасан ч бvтэлгvйтэх байсан юм. 
Одоо ярих утгагvй ч vнэхээр луйвар орсон. Уг нь Туркийг ялсан бол дараа нь Колумбын тамирчинг дөнгөчихөөд хvрэл медалийг атгах л байлаа. Vvнээс дөрвөн жилийн дараа буюу 1976 онд Монреалийн олимпод оролцсон ч Болгарын ширэн бээлийтэнд ялагдал хvлээсэн гашуун тvvх бий. 
 
 
-Энэ цаг vеэс хойш та дасгалжуулагчийн албанд шилжсэн vv?
 
 
-Тийм ээ. Тухайн vеийн биеийн тамирын төв зөвлөлийн дарга Ш.Магван гуай сурч мэдсэн зvйлээ хvvхдvvдэд зааж сурга гэсэн. Ингээд л олимпийн дараахан шигшээ багийн хоёрдугаар дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн. В.Батбаяр багшийн удирдлага дор 14 жил ажилласан. Онолын талыг зөвлөж практик тал дээр бэлтгэл сургуулилтыг нь тvлхvv хийлгэдэг байсан. 
 
 
-“Алтаа багш­тай бэлтгэлд болгоом­жтой орох­гvй бол болохгvй” гэдэг яриа тухайн vеийн тамирчдаас гардаг байсан гэсэн?
 
-Vгvй ээ яахав. Практикийн бэлтгэл хийлгэж байгаа болохоор тамирчдыг бултахгvй бол цохино, өөрөө цохиулбал тэмцээн дээр vзэж байгаа юм шиг зөрvvлээд цохино. /Инээв/ Энэ хугацаанд олимпын хvрэл, дэлхийн аваргын медальтай олон шавьтай болсон. Н.Баярсайхан, Н.Энхбат нар маань олимпоос медаль хvртэж тvvнээс хойш дэлхий болон Азийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хvртсэн тамирчид олон төрөн гарсан. Шавь нараа тооцоолж vзэхээр 400 хол давсан байдаг юм. 
 
 
-Тухайн vед шавь нартаа юун дээр нь тvлхvv анхааруулдаг байв?
 
 
-Мэдээж хэрэг хөлийн ажиллагаа, зvvн гарын хөдөлгөөн, мөн ажиллагаа зэргийг маш сайн давтуулж ажилладаг байсан. Зөвхөн баруун гарын шулуун цохилтоос илvv зvvн гар дээрээ ч сайн ажиллаж байх хэрэгтэй. Энэ тал дээр нэлээн анхаардаг байсан. 
 
 
-Тив, дэлхийн олимпийн аваргууд “Олимпийн га­­раа” тэмцээнээс төрөн гарсан байдаг юм билээ. Vvнд таны шавь нар болох Н.Баярсайхан, Н.Энхбат нарын нэр ч байдаг юм билээ?
-Тэгэлгvй яахав. Тэр байтугай олимпийн аварга Э.Бадар-Ууган ч энэ тэмцээнээс л төрөн гарсан. Ер нь энэ тэмцээнээс өсөх ирээдvйтэй тамирчдыг шалгаж харж авдаг байсан. Одоо ч, тэр. Тухайн vед ч миний шавь нар энэ шалгуураар гарч ирж байсан. Гэхдээ шигшээ баг дээр шvv дээ. Магадгvй энэ тэмцээн нь одоо хvртэл зохион байгуулагдаж байгаа нь өр өгөөжээ өгч байна. Боксын спортод маш хурдацтай шинэ залуу vе гарч ирж байна. 
 
-Бээжингийн олимпод алт, мөнгөн медальтай тамирчдыг өлгийдөн авсан бол энэ буюу өнгөрсөн Лондонгийн олимпоор бас шинэ медальтнууд төрөн гарлаа. Vvнд таны бодлыг сонирхмоор байна?
 
-Сэтгэл өндөр байгаа. Монголын боксын холбоо маш сайн ажилласны vр шим гарсан гэж бодож байгаа. Мөн тамирчид олон улсын тэмцээн уралдаанд маш ихээр оролцож байгаагын илэрэл нь олимпын наадам бvрт харагдаж байна. Нас бага ч гэсэн манай Н.Төгсцогт хэчнээн сайхан тулалдсан. Хvн бvр харсан шvv дээ. Мөн гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ маань байна. 
 
-Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнийг vнэхээр магтмаар байдаг юм аа. Шилжилтийн vед ганцаараа Монголоо нуруун дээр авч явдаг байсан шvv дээ?
 
-Бахархмаар тамирчин. Лондонгийн олимпийн наадамд агуу амжилт vзvvлсэн. Нэг хэсэг ганцаараа хэмээгдэж явдаг байсан бол холбооны зөв зохион байгуулалтаар шинэ залуу тамирчид олон төрж гарч байна. Vvнд баярлаж л явдаг юм. 
 
-Өөрөө тамирчин байсан хvн. Шавь нараа дасгалжуулаад явж байхад өмнөөс нь сэтгэл догдлоод тоглочихмоор vе олон биз?
 
-/Инээв/ Зөндөө байлгvй яавах. 
 
-Таныг БНХАУ-д дас­­галжуулагчаар ажиллаж байсан гэсэн?
 
 
-Энэ талаар нэг их яримааргvй байдаг юм.
 
Эх сурвалж: