sonin.mn
Мэргэжлийн сүмо бөхийн тавдугаар сарын тэмцээн буюу Нацү башёгийн тав дахь өдөр 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал маэгашира Аминишикитай хүч үзсэн барилдаан маш сонирхолтой, бас эгзэгтэй барилдаан боллоо.
Хашир туршлагатай бөх Аминишики Их аваргыг нэлээд сандаргаж бужигнасан бөгөөд Хакүхо хоёр ч удаа дэвжээн дээр бүтэн эргэж байж өрсөлдөгчөө давлаа. Их аварга Хакүхо аварга өнөөдөр комосүби Точиозантай барилдана. Лхагва гарагт Садоноүмид харамсалтай унасан 70 дахь Их аварга Харумафүжи Д.Бямбадорж өчигдөр маэгашира Оосүнарашитай тун хариуцлагатай барилдаж итгэл төгс яллаа. Тэрбээр энэ бөхтэй 2 удаа барилдахдаа ялагдаад байсан юм. Аварга өнөөдөр маэгашира Токошёорюүтэй хүч үзнэ.
 
Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өчигдөр маэгашира Точиношинтой барилдаж ёрикири мэхээр давлаа. Өнөөдөр тэрбээр маэгашира Китатайкитай барилдана. Энэ сард сайн барилдаж цолоо ахиулах зорилготой Ичиножёо өчигдөр озэки Котошёогикүд унаснаар дараалан хоёр ойчоод байна. Ичиножёо 6 дахь өдөр сэкиваке Миёгорюүтай хүчээ үзнэ.
 
Энэ өдөр озэки Гойдо, Котошёогикү нар давсан бол Кисеносато дахин унаж хөгжөөн дэмжигчдээ гонсойлгов. Ахмад сүмоч, гавьяат тамирчин Кёкүтэнхо Н.Цэвэгням Макүүчи зиндаанд 1445 дахь барилдаанаа Амурүтай хийж Озэки Кайог гүйцэн өөрийн амжилтаа ахиулав.
 
Д.Өлзий 
 
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг