sonin.mn
Токио хотноо үргэлжилж байгаа мэргэжлийн сүмо бөхийн тавдугаар сарын Нацү башёд 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, 70 дахь Их аварга Харүмафүжи Д.Бямбадорж, сэкивакэ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ болон маэгашира-8 Такаяасү, М-11 Кайсэй, Кёкүшюхо Т.Эрдэнэбаатар нарын 6 бөх 7 даваа, нэг унаатай тэргүүн эгнээнд явна.
Гурав болон тавдугаар сарын башёг 71 Их аварга Какүрюү М.Ананд бэртлийн улмаас өнжөөд байгаа юм. Нацү башёгийн эхний өдрөөс барилдаан маш сонирхолтой өрнөж Их аварга Хакүхо, комүсүби Ичиножёод унасан явдал байв. Их аваргын хувьд сүүлийн гурван жилд тэмцээний эхний өдөр өвдөг шороодоогүй байсан юм.
 
Сүмо бөхийн түүхэнд олон дээд амжилтын эзэн болоод байгаа 69 дэх Их аварга М.Даваажаргал энэ башёг дуусгаснаар 19 башё буюу Ёкозүна цолтой хамгийн олон башё барилдсан сүмоч болох юм. Их аварга Харүмафүжи Д.Бямбадорж дөрөв дэх өдрийн барилдаанд  Саданоүмид ойчсон бол озэки Кисэносато хоёр, Гоэйдо гурав, Котошогикү дөрвөн унаатай байна.
 
Харин арслан цолны болзол сонсоод байгаа сэкивакэ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Тамаваши Б.Мөнх-Оргилоор 7 дахь даваагаа авсан. Харин комүсүби Ичиножёо А.Ичинноров найман өдрийн барилдаанаас ердөө хоёр даваатай байна. Монголын сүмочдын алтан хараацай болсон Кёкүтэнхо Н.Цэвэгням 98 дахь тэмцээндээ таван даваа, гурван унаатай башёг үргэлжлүүлж байгаа юм.
 
Д.Өлзий
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг