sonin.mn
“Рио-де-Жанейро-2016” зуны олимпийн 31 дүгээр наадмын сонгомол болон чөлөөт бөхийн төрөлд оролцох тамирчдад эрх олгох “Эхний сүүлчийн боломж” хэмээх олон улсын тэмцээнийг Улаанбаатар хотноо ирэх онд зохион байгуулна.
ДАШТ, тивүүдийн сонгон шалгаруулах тэмцээнээс олимпийн наадамд оролцох эрхээ авч чадаагүй орны бөхчүүд Монгол Улсын нийслэлд 2016 оны дөрөвдүгээр сарын 22-24-нд болох “Эхний сүүлчийн боломж” сонгон шалгаруулах тэмцээнд оролцуулах шийдвэрийг Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо /UWW/-ноос гаргажээ. Тус тэмцээнээс сонгомол барилдаан, эрэгтэй чөлөөт бөхийн төрөлд жин тус бүрт 3 эрх, эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд жин тус бүрт 2 эрх олгох юм. Харин уг тэмцээнд ДАШТ, тивүүдийн сонгон шалгаруулах тэмцээнээс эрх авсан орны бөхчүүд барилдахгүй.
 
United World Wrestling буюу ДБНХ-ноос Бразил улсад болох “Рио - 2016” олимпийн наадмын сонгомол барилдаан, эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн тамирчид тус бүр 6 жинд хүч үзнэ. Сонгомол барилдаан, эрэгтэй чөлөөт бөхийн төрөлд жин тус бүрт 19 бөх, тус бүр нийт 114 бөх, эмэгтэй чөлөөт бөхийн төрөл жин тус бүрт 18 бөх, нийт 108 бөх барилдана. Нийтдээ 336 бөх олимпийн наадмын 18 алт, 18 мөнгө, 36 хүрэл медалийн төлөө өрсөлдөнө. Эрэгтэй чөлөөт бөхчүүд 57 кг, 65 кг, 74 кг, 86 кг, 97 кг, 125 кг, эмэгтэй бөхчүүд 48 кг, 53 кг, 58 кг, 63 кг, 69 кг, 75 кг-д хүч үзнэ.
 
Тус олимпийн сонгомол барилдаан, эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээнд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах 4 шатлалтай цуврал тэмцээнийг “Рио 2016” олимпийн наадмын өмнө зохион байгуулна. Үүний нэг нь Улаанбаатарт болох тэмцээн юм. Бусад эрх олгох тэмцээнийг танилцуулъя.
 
Тухайлбал: 2015 оны есдүгээр сарын 7-12-ны АНУ-ын Лас-Вегас хотод болох ДАШТ-ээс сонгомол барилдаан, чөлөөт, эмэгтэй чөлөөт бөхийн төрлийн жин тус бүрийн шилдэг 6 бөхөд эрх олгоно. Мөн Ази, Европ, Америк, Африк, Далайн орнуудын тивийн сонгон шалгаруулах тэмцээнээс жин бүрт эхний 2 байрт шалгарсан бөхчүүдэд олимпийн наадамд оролцох эрх олгоно. Африк, Далайн орнууд бөхчүүдийн сонгон шалгаруулах тэмцээн хамтдаа болно. ДАШТ-ээс эрх авсан орны бөхчүүдийг эрх авах жинд нь барилдуулахгүй.
 
Пан-Америкийн сонгон шалгаруулах тэмцээнд АНУ-ын Даллас хотод 2016 оны гуравдугаар сарын 4-6-нд болох юм. Ази тивийн сонгон шалгаруулах тэмцээн Казахстан улсын Астана хотод 2016 оны гуравдугаар сарын 18-20-нд зохион байгуулна. Африк тив, Далайн орнуудын сонгон шалгаруулах тэмцээн Алжир улсын Алжир хотод дөрөвдүгээр сарын 1-3-нд болно. Европ тивийн сонгон шалгаруулах тэмцээн Серби улсын Сержанин хотод дөрөвдүгээр сарын 15-17-нд болох юм.
 
ДАШТ, тивүүдийн сонгон шалгаруулах тэмцээн, Улаанбаатарын “Эхний сүүлчийн боломж” сонгон шалгаруулах тэмцээнээс олимпийн наадамд оролцох эрхээ авч чадаагүй орны бөхчүүд 2016 оны тавдугаар сарын 6-8-нд Турк улсын Стамбул хотод болох “Хоёр дахь сүүлчийн боломж” сонгон шалгаруулах тэмцээнд өрсөлдөх юм. Энэ тэмцээнээс сонгомол барилдаан, эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд жин тус бүрт олимпийн наадамд оролцох 2 эрх олгоно.
 
ДАШТ-ээс 108 эрх, тивүүдийн сонгон шалгаруулах тэмцээнээс 144 эрх, Монгол улсад болох “Эхний сүүлчийн боломж” тэмцээнээс 48 эрх, Туркийн “Хоёр дахь сүүлчийн боломж” тэмцээнээс 36 эрх, “Олимпийн эв нэгдэл” зөвлөлөөс Бразил улсад 4 эрх, цагаан хуудсаар 4 эрх олгосноор нийт 336 бөх Рио-де-Жанейрогийн дэвжээнд хүчээ сорих юм.
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг