sonin.mn
Монгол Тамирчдын өдөр, Өглөөний дасгал хөдөлгөөний хаалтын арга хэмжээг өнгөрсөн амралтын өдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Хүн төрөлхтөний өмнө хамгийн их эрсдэл дагуулсан хөдөлгөөний хомсдол, хэт таргалалт, халдварт бус өвчин, зүрх судасны үйл ажиллагааны доголдол зэргээс урьдчилан сэргийлэх зайлшгүй хэрэглээ бидний амьдралд тулгарч байгаа.
 
Тиймээс уламжлал болгон зохион байгуулдаг өглөөний дасгалыг энэ жил “Архи тамхийг бус-Ажнай талбайг сонгоцгооё” уриан доор зохион байгуулжээ. Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа Өглөөний дасгал хөдөлгөөнд оролцсоноор эрүүл мэнддээ үнэлж баршгүй хөрөнгө оруулалт болж байгаа гэдгийг оролцогч ард иргэд хэлж байна. 
 
Монгол орон даяар жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Хүн амын бие бялдрын түвшин тогтоох” сорилыг аймгийн хэмжээнд байгууллага, иргэдийг хамруулан авч байна.
 
Тухайн хүний бие бялдрын түвшинг оношилж үзэхэд сорилд хамрагдсан иргэдийн 70-аас дээш хувь нь биеийн тамираар хичээллэх шаардлагатай, “хөдөлгөөний нэн хомсдолтой” гэсэн онош гарчээ. Тиймээс энэхүү аяныг зохион байгуулсан нь өндөр ач холбогдолтой гэдгийг зохион байгуулагчид хэлж байна. 
 
Хоёр сарын хугацаанд зохион байгуулсан ажлаа дүгнэж дасгалд идэвхтэй оролцсон Аймгийн УЦУОША, Төрийн банк, Зооноз өвчин судлалын төв, 9-р цэцэрлэг зэрэг байгууллагуудад Тамирчдын баярын арга хэмжээн дээр шагнал гардуулан өгсөн юм. Энэхүү арга хэмжээг Өмнөговь аймаг 2013 онд анх санаачлан хэрэгжүүлж эхэлсэн юм. 
 
Энэ жилийн хувьд аймгийн төвийн иргэдээс гадна бүх сумдын иргэд идэвхтэй оролцож 14 суманд нэгэн зэрэг зохион байгуулагдсан юм. улсын хэмжээнд жишиг болж чадсан энэ арга хэмжээнд 3 жилийн хугацаанд 30 гаруй мянган иргэд хамрагдаж өөрсдийн эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийсэн байна. 
 
Өглөөний дасгал арга хэмжээг аймгийн Засаг даргын Тамгын газар, Даланзадгад сумын ЗДТГ, Биеийн тамир, спортын газар, Эрүүл мэндийн газар нар хамтран зохион байгуулсан байна. 
 
Эх сурвалж: