sonin.mn
БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Хөлөнбуйр аймгийн Амгаланбаатар хотноо зургадугаар сарын 27-28-нд чөлөөт бөхийн олон улсын тэмцээн болж БНХАУ, Монгол, ОХУ-ын Буриад улсын бөхчүүд өрсөлдсөнөөс манай 3 алтан медаль хүртжээ.
 
Тус тэмцээнд манай улсаас 12 эрэгтэй, 10 эмэгтэй нийт 22 бөх барилдсанаас эрэгтэй 65 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Батмагнай, 74 кг-д “Арслан” клубын тамирчин, ОУХМ Д.Гомбодорж, 86 кг-д “Аврагч” спорт клубын тамирчин, ОУХМ О.Үйтүмэн нар алт, 57 кг-д ”Гацуурт-Олимп” клубын тамирчин, ОУХМ С.Батболд мөнгө, 65 кг-д ”Харгант-Цамхаг” клубын тамирчин, ОУХМ Б.Нямдорж, 74 кг-д ”Хасу-Мегастарс” клубын тамирчин, ОУХМ П.Өнөрбат нар хүрэл медалийн эзэд болов.
 
Харин эмэгтэйчүүдийн 75 кг-д ”Хасу-Мегастарс” клубын тамирчин, ОУХМ А.Чанцалнямаа мөнгө, 63 кг-д ”Аварга” БТДС-ийн тамирчин, ОУХМ О.Оюунтуяа хүрэл, 69 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Одончимэг нар хүрэл медаль хүртжээ.
 
Багийн ахлагч, шүүгчээр МЧБХ-ны Шүүгчдийн зөвлөлийн дарга, олон улсын шүүгч Ц.Сэрээтэр, дасгалжуулагчаар үндэсний эрэгтэй шигшээ багийн дасгалжуулагч Л.Энхбаяр, “Цастын барс” клубын дасгалжуулагч Д.Батням, ”Хасу-Мегастарс” клубын дасгалжуулагч Ц.Баярсайхан, ҮБТДС-ийн багш Ц.Баярсайхан нар оролцжээ.
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг