sonin.mn
Монголын дугуйн холбооноос 2015 оны улсын аварга шалгаруулах тэмцээн /УАШТ/-ийг зохион байгуулж оны шилдэг тамирчдыг тодрууллаа.
 
Засмал замын насанд хүрэгчдийн УАШТ-нд хот хөдөөгийн 12 байгууллагын 80 орчим тамирчид оролцсон байна. Энэхүү тэмцээнийг Мон-Алтон компани ивээн тэтгэжээ.
 
Тус тэмцээний эмэгтэйчүүдийн цуваа гараатай 25 км-т нийт 18 тамирчин уралдаж  1-р байрт Т.Энхжаргал /Хүч спорт хороо, ОУХМ/, Ж.Өлзийсолонго /Авто зам клуб/, Ц.Солонго /Алдар спорт хороо/ нар удаалсан бол эмэгтэйчүүдийн бөөн гараатай 50 км-т /15 тамирчин оролцсон/  Т.Энхжаргал тэргүүлж, Ц.Солонго , Ж.Өлзийсолонго нар 2,3-р байр эзэлжээ.
 
Эрэгтэйчүүдийн бөөн гараатай 150 км нийт 39 тамирчин хурдаа сорьсноос А.Алтансүх /Авто зам клуб/ түрүүлж 2-р байрт Э.Мөнхтулга /Авто зам клуб/, 3-р байрт Т.Төгөлдөр /Алдар спорт хороо/ тус тус шалгарлаа. Харин эрэгтэйчүүдийн цуваа гараатай 25 км-т 39 тамирчин уралдаж Т.Төгөлдөр тэргүүлж, А.Алтансүх удаалж, 3-р байрт Э.Алтан-Очир /Хүч спорт хороо/ оржээ.
 
Насанд хүрэгчдийн хос 30 км-ийн уралдаанд Алдар спорт хорооны баг тэргүүлж Авто зам клуб, ХУД-ийн багууд удаалсан бол эрэгтэй багийн 75 км-т 12 баг өрсөлдөж тэргүүн байрт Авто зам клубын 1-р баг, дэд байрт Алдар спорт хороо 3-р байрт Атилла баг тус тус шалгарлаа.
 
УАШТ-нд багийн нэгдсэн дүнгээр гавьяат тамирчин Ж.Өлзий-Орших дасгалжуулагчтай авто зам клуб тэргүүлж, ОУХМ Т.Төгөлдөр дасгалжуулагчтай Алдар спор хороо, Баатар дасгалжуулагчтай Атилла клуб тус тус шалгарсан байна.
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг