sonin.mn
Энэ удаагийн тэмцээнд жүдо бөх өндөр хөгжсөн 35 орны 201 бөх  /эрэгтэй 102, эмэгтэй 99/ Монголын татами дээр ур, чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.
 
Ингээд ОХУ-аас “Лондоны алтан гурвал” Арсен Галстян, Мансур Исаев, Тагир Хайбулаев нар ирээд ганцхан хүрэлтэй буцсан, МУХБ, Ардын багш Ч.Насантогтох, МУГТ, МУГД Х.Болдбаатарын шавь хятад залуус “цахиур хагалсан” Чингис хаан гран при тэмцээний сонин хачныг жин тус бүрээр нь хүргэж байна.
 
Эрэгтэй 60 кг
 
Дэлхийн аварга Г.Болдбаатар, дэд аварга Д.Амартүвшин, Дэлхийн цом, гран при тэмцээний нэг бус алтан медальт Г.Хэрлэн, өсвөр залуучуудын ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Ц.Цогтбаатар гэсэн манай шижигнэсэн дөрвөн бөх энэ жинд барилдаж, бүгд медалийн тавцанд зогслоо. 
 
Тэдгээрээс арга ухаан, так­тикийн барилдааныг амжилт­тай хэрэгжүүлж, тэнцүү өрсөлдөгчөө илүүрхэж чадсан /Ц.Цогтбаатар, Г.Хэрлэн нарыг торгуулиар хож­сон/ Д.Амартүвшин гавьяатын барилдааныг онцлууштай. Дэл­­хийн аварга Г.Болдбаатар Казахстаны Г.Киргизбаев, Францын Софиан Милоуш нарыг ялан финалд­сан ч Д.Амартүвшинд цэвэр ялагдсан юм. 
 
Риогийн олимпод Д.Амар­түвшин, Г.Болдбаатар хоёрын хэн нь явах вэ гэдэг асуултыг бөх сонирхогчид бие, биедээ тавиад эхэлчихсэн гэхэд хилсдэхгүй. Тэгвэл өөр сонголт ч байж болно гэдгийг Чингис хаан гран при тэмцээн харууллаа.
 
Тэр бол өсвөр үе, залуучуудын ДАШТ-ийн хүрэл, мөнгөн медальт Ц.Цогтбаатар. Тэрбээр энэ тэмцээнд БНАСАУ, Унгар, Францын бөхчүүдийг ялж, гадныхантай барилдаж сурч байгаа гэдгээ батлан харуулав. Ялангуяа Францын туршлагатай бөх Софиан Милоушийг /Энэ бөх Челябинскийн ДАШТ-д Д.Амартүвшинг мулталсан/ илт илүүрхэн цэвэр ялсан нь дасгалжуулагчдад юм бодогдуулсан биз ээ.
 
66 кг
 
Олимпийн аварга Арсен Галстян ОХУ-аас, Токиогийн “Их дуулга”-д түрүүлж байсан Хифүми Абэ Японоос Улаанбаатарын татамид хүрэлцэн ирж, манай ОУХМ Д.Төмөрхүлэг, Р.Алтаннаран, ОУХМ Д.Алтансүх, ОУХМ Б.Батгэрэл нартай хүч үзлээ. Энэ жинд Герман, Гүрж, БНСУ-ын төлөөлөл байсан ч нэр дурьдсан бөхчүүдийн хооронд медалийн өрсөлдөөн өрнөнө хэмээн таамагласан нь биеллээ олсон.  
 
Хэсгийн аваргын төлөө Д.Төмөрхүлэгтэй таарах магадлалтай байсан олимпийн аварга Арсен Галстян хэсгийн аваргын төлөө Андраж Жереб хэмээх чех жүдочид даацтай хөмрүүлэн санамсаргүй ялагдсан нь Оросын аваргуудын бүтэлгүйтлийн эхлэл гэж хэлэхэд болно. Ингэснээр чех бөх дараагийн даваанд манай Д.Төмөрхүлэгт “зөөлөн боорцог” болж очсон юм.
 
Манай бөх чех залууг тун амархан цэвэр савснаар нөгөө хэсгээс шалгарсан Б.Батгэрэл, Хифуми Абэ нарын барилдааныг л харах үлдсэн юм. Энэ барилдаанд Японы залуу бөх Х.Абэ тун ч төвөггүй ялж, шигшээ барилдааныг сонирхолтой болгосон билээ. Учир нь, энэ жил 18-хан настай энэ залуу өнгөрсөн онд Токиогийн Их дуулгад түрүүлэхдээ дэлхийн аварга Геогий Зантарая, дэлхийн гурван удаагийн аварга Масаши Эбинума, Голан Поллак гээд жингийнхээ бүх шилдэг бөхчүүдийг дараалан “нурааж”, жүдогийн ертөнцийг доргиосон юм /хэрвээ Д.Төмөрхүлэг хоёрдугаар тойрогт Италийн Элио Вердед ялагдаагүй бол чухам тэр тэмцээнд Х.Абэтэй барилдах байв/. 
 
2013 онд Азийн аварга болж, өнгөрсөн жил Инчоны наадам түрүүлэн тивдээ босоо байгаа Д.Төмөрхүлэгийн хувьд энэ маш хариуцлагатай барилдаан байсан. “Барын зурзагыг бага дээр нь” гэдэг дээ. Барилдаан эхлээд удаагүй байхад манай хүн лав барьцнаас мэх хийх гэж шунаж яваад вазари үнэлгээ алдан байдлыг эвгүйтүүлсэн. Гэвч дараа нь маш хараатай барилдаж, зөрүүлж хавираад дээш нь харуулснаар эх орондоо баахдам ялалт байгуулсан юм. Спортын ордонд цугласан үзэгчдийн цөсийг энэ барилдаан хөөргөж, сэтгэлийг нь хөглөсөн билээ.
 
Хэдий манай бөхөд ялагдсан ч япон залуу тун ч ирээдүйтэй гэдгээ харуулж чадсан. Тэрбээр хагас шигшээд ОУХМ Б.Батгэрэлийн хоёр ханцуйн дээрээс нь чимхэж байгаад л үүрч дээш нь харуулан үзэгчдийг гайхшируулсан бөгөөд тун удалгүй цэвэр савсан юм. Хүрэл медалийг А.Галстян, Д.Алтансүх нар хүртлээ. ОУХМ Б.Батгэрэл олимпийн аваргатай барилдаж үзэв. 
 
73 кг
 
Хамгийн олон томчууд барилдсан энэ жинд хамгийн “сураггүй” нөхдүүд түрүүлж, тэмцээний гол сенсаацийг тарилаа. Олимпийн аварга, ОХУ-ын Мансур Исаев, олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга, МУХБ, МУГТ Х.Цагаанбаатар, олимпийн хүрэл медальт МУГТ С.Ням-Очир, ДАШТ-ий мөнгөн медальт БНАСАУ-ын Хон Кук Хён, Мастесрын хошой аварга С.Мияарагчаа нарын алдартнууд хоорондоо “алалцаж”, ялсан нь хятад залууст нам тавиулав. Олимпийн аварга М.Исаев Х.Цагаанбаатарыг ялсан ч гараа гэмтээсэн тул С.Ням-Очир, Г.Одбаяр нартай мөнгө, хүрэл медалийн төлөө барилдаагүй бол монголын шилдгүүд бүгд хятад залууст ялагдав. 
 
Хүрэл хүртсэн Сун Шуай хагас шигшээд  С.Ням-Очирт ялагдсан ч дагах барилдаанд Х.Цагаанбаатар, хүрлийн төлөө С.Мияарагчаа нарыг нэг л мэхийн /тохох/ хувилбараар ялж шуугиулсан бол Енжиригала Сай алтан медалийн төлөө С.Ням-Очир гавьяатыг цэвэр саван гайхуулав. 
 
МУХБ, Ардын багш Ч.Насан­тогтох, МУГД Х.Болд­баатар нар урд хөршид ажиллах болсноос хойш жүдочдынх нь ур чадвар илт сайжирчээ. Монголчуудаас гардаг мэх ч харагдаж байна. Чингис хаанд түрүүлсэн Енжиригала Сай гэхэд л гурван сарын өмнө, Самсуны гран прид Узбекистаны Рустам Оружовтой тун сайн барилдаж, хариу мэхэнд орж цэвэр ялагдсан байна. Өмнөх даваанд нь Италийн Марко Маддлониг ялахдаа М.Уранцэцэг дэлхийн аварга болохдоо Х.Асамид хийсэн шиг мэх хийн, өчиж ялж байх жишээтэй. Эндээс харахад монгол багш нараар юм заалгасан хятадууд жүдогийн ертөнцөд цахиур хагалах цаг удахгүй нь бололтой. 
 
81 кг
 
Лондоны олимпийн хүрэл, Челябинскийн ДАШТ-ий мөнгөн медальт Вэлой Антойн Фортье зангаргаа харуулан түрүүллээ. Манайхаас О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн зэрэг шилдгүүд хүрлийн төлөө хоорондоо хүч үзэхээс хэтэрсэнгүй. Н.Баатархүү Шведийн Мартин Пачект, Б.Бат-Эрдэнэ Сербийн Неманья Маждовт тус, тус ялагдлаа. 
 
Эмэгтэй 48 кг
 
Хөгжөөн дэмжигчдийг хамгийн их гонсойлгосон барилдаанууд энэ жинд боллоо. Дэлхийн аварга М.Уранцэцэг Универсиадад яваад барилдаагүй ч Б.Хорлоодой, Э.Базаррагчаа, Э.Гэрэлмаа, М.Долгоржав нарын туршлагатай бол туршлагатай, залуу бол залуу дөрвөн бөхөө оролцуулсан болохоор манайхан түрүү үзүүр ч магадгүй хэмээн харж суусан.
 
Гэвч байдаггүй ээ. 2007 оноос хойш шигшээ багт бэлтгэл хийсэн М.Долгоржавыг гайгүй явчих болов уу гэтэл БНСУ-ын бөхөд цэвэр ялагдчих юм. Б.Хорлоодой л гурван ялалт авч, хүрэл медалийн тавцанд зогссон. Хэдийгээр тэрбээр медаль авсан ч гэсэн бусад бөхчүүдийн ялагдал үзэгчдийг тун ч гонсойлгосон юм. 
 
Азийн АШТ-ийн мөнгөн медальт, БНАСАУ-ын Ким Сол Ми, Их дуулга зэрэглэлийн тэмцээнээс медаль хүртэж байсан Кан Юүжон, Африкийн нээлттэй тэмцээний аварга, Парисын их дуулгын мөнгөн медальт Летисия Пайе, Минскт болсон Европын нээлттэй тэмцээнд түрүүлж байсан, Алима Аты, Ташкентын гран пригийн мөнгөн медальт Александра Подрядова нарын хооронд медалийн өнгө шийдэгдлээ. 
 
52 кг
 
13 бөх барилдахаар бүртгүүлс­ний дотор Лондоны олимпийн хүрэл медальт, Францын бөх Присцилла Гнето, Москва, Бакугийн их дуулгын аварга Финландын Хаана Сундберг, Лондоны олимпийн тавдугаар байрын шагналт, Люксембургийн Марие Мюллер, Токиогийн их дуулгын медальт, Японы  Аи Шишиме нарын шилдшгүүд байв. Манай МУГТ, дэлхийн аваргын хүрэл медальт М.Бундмаа, ОУХМ А.Цолмон, Азийн аваргын мөнгөн медальт, ОУХМ Б.Бат-Эрдэнэ, Б.Алтанцэцэг нар тэдэнтэй хаа очиж сайн барилдан алтаас бусад медалийн тавцанд гишгэлээ. 
 
Ялангуяа ОУХМ Б.Бат-Эрдэнэ Францаас “ногт ганзагалж ирсэн” Присцилла Гнетог эхний тойрогт мулталж, үзэгчдийн цөсийг хөөргөсөн. Тэрбээр хэсгийн аваргын төлөө Аи Шишимэд ялагдсан ч Марие Мюллер, Х.Сундберг нарыг ялж, олон улсын медалийн буухиагаа дахин эхлүүлж чадлаа. 48 кг-д барилддаг байхдаа М.Уранцэцэг гавьяатын гол өрсөлдөгч болж, илүү байсан ч үе түүнд бий. Гэвч 2013 онд Азийн аваргаас мөнгө авснаасаа хойш төдийлөн олон тэмцээнд барилдаагүй санагдана. 
 
Ханна Сундбергийг ялсан А.Цолмонгийн, К.Эдвардсыг ял­сан М.Бундмаагийн барил­даан ч сайхан болсон. Энэ жинд түрүүлсэн Японы Аи Шишимэ гойд бяр тэнхээ, дархан мэх байхгүй ч эгзэгтэй агшинд баараггүй үнэлгээ авч, сайтар хамгаалсаар шагналын тавцангийн оргилд зогссон юм.
 
57 кг
 
Олимпийн аварга Каори Мацумото барилдсан нь манай тэмцээний нэр хүндийг мэдэгдэхүйц өргөж өгсөн гэдэгтэй маргах хүн гарахгүй болов уу. Дэлхийн чансаанд 17 дугаарт буй тэрбээр олимпийн эрхийн оноо авахаас гадна, Риогийн олимпийн өмнө манай Д.Сумьяатай барилдах гэж ирсэн нь гарцаагүй. Тэгвэл тэдний уулзалт хагас шигшээд болж, нэмэлт цагт манай бөх ялсан юм. 
 
Тэр эрчиндээ Францын Хелен Ресевьег илрүүрхэж, үнэхээр бахдам ялалт байгуулсан. Германы Сабрина Фильцмозероос эхлээд дандаа тив, дэлхийн хэмжээнд амжилт гаргасан шилдэг бөхчүүд барилдсан, хамгийн чанартай өрсөлдөөн өрнөсөн энэ жинд аваргалахдаа тэрбээр Сенегал, БНАСАУ-ын бөхчүүдийг ялсан. 
 
Түүний залгамж халааг авах учиртай П.Буянхишиг, Л.Энхрийлэн, А.Батзул нарын залуус харамсалтай нь хангалтгүй барилдлаа. 
 
63 кг. 
 
Энэ жинд барилдсан бөхчүүдийн дотор дэлхийн чансааны №3 Швейцарийн Унтервурзахер, тив, дэлхийн медальтай шилдэг бөхчүүд чихэлдэж байв. Тэдэн дундаас манай ОУХМ Ц.Цэрэннадмид түрүүлж чадлаа. Хэсэгтээ Францын Энн Лауре Беллард, Швейцарийн Анна Берхольм нарыг ялсан манай бөх хагас шигшээд БНСУ-ын Хан Хее Жү, шигшээд Японы Михо Миней нарыг буулгаж авсан юм. Манай бас нэгэн найдлага, Азийн аварга Ц.Мөнхзаяа шөвгийн наймд үлдээд БНСУ-ын бөхөд ялагдсан юм. 
 
Багийн дүнг Монгол Улс тэргүүлж, Япон, БНХАУ удаалсан юм. 
 
Эрэгтэй 60 кг
 
1. Д.Амартүвшин /Монгол/
2. Г.Болдбаатар /Монгол/
3. Г.Хэрлэн /Монгол/
3. Ц.Цогтбаатар /Монгол/
 
66 кг
 
1.Д.Төмөрхүлэг /Монгол/
2. Хифуми Абэ /Япон/
3. Арсен Галстян /ОХУ/
3.Д.Алтансүх /Монгол/
 
73 кг
 
1.Енжиригала Сай /БНХАУ
2. С.Ням-Очир /Монгол/
3. Сун Шуай /БНХАУ/
3. Г.Одбаяр /Монгол/
 
81 кг
 
1.Вэлой Онтойн Фортье /Канад/
2. Атила Унгвари /Унгар/
3.Н.Дагвасүрэн /Монгол/
3. Саид Моллаей /Иран/
 
90 кг
 
1. Л.Отгонбаатар /Монгол/
2. Чен Шунжао /БНХАУ/
3.Жоаким Дварби /Швед/
3. Эркин Дониоров /Узбекистан/
 
-100 кг
 
2. Мартин Пачек /Швед/
3.Бенжамин Флетчер /Их Британи/
3.Жавад Махжуб /Иран/
 
+100
 
1. Кента Нишигата /Япон/
2. Свен Хэйндле /Герман/
3. Б.Тэмүүлэн /Монгол/
3. Ө.Дүүрэнбаяр /Монгол/
 
Эмэгтэй 48 кг
 
1.Летисия Пайе /Франц/
2. Кан Юүжон /БНСУ/
3. Б.Хорлоодой /Монгол/
3.А.Подрядова /Казахстан/
 
52 кг
 
1.Аи Шишимэ /Япон/
2.А.Цолмон /Монгол/
3.Б.Бат-Эрдэнэ /Монгол/
3.М.Бундмаа /Монгол/
 
57 кг
 
1.Д.Сумьяа //Монгол/
2.Хелен Ресевье /Франц/
3. Каори Мацумото /Япон/
3. Хёо Сун Ри /БНАСАУ/
 
63 кг
 
1.Ц.Цэрэннадмид /Монгол/
2. Михо Миней /Япон/
3. К.Унтервурзахер /Швейцарь/
3. Хан Хээ Зу /БНСУ/
 
70 кг
 
1.Б.Граф /Австри/
2. Чао Жоу /БНХАУ/
3. А.Морейра /Ангол/
3. И.Марзок /Герман/
 
-78 кг
 
1.Жемма Гиббонс /Их Британи/
2. С.М.Мазуз /Габон/
3. Рика Такаяма /Япон/
3. Акари Огата /Япон/
 
+78 кг
 
1.Чин Чиан /БНХАУ/
2. К.Вейсс /Герман/
3. Марин Эрб /Франц/
3. Ма Сиси /БНХАУ/
 
Эх сурвалж: