sonin.mn
Даваа гарагт “Универсиад 2015” наадмын эрэгтэйчүүдийн 50 метрийн сонгомол гар бууны дасгалд Монголын баг хүрэл медаль хүртлээ. “Маргаашийг гэрэлтүүлцгээе” /Light up tomorrow/ уриатай дэлхийн оюутны Универсиад зуны XXVIII наадам БНСУ-ын Гванжу хотод өнгөрсөн баасан гарагт эхэлсэн. Энэ удаагийн наадамд 148 орны 12986 тамирчин өрсөлдөж байгаагаас манай улсын 160 тамирчин спортын 12 төрөлд хүч үзэж байна.
 
Эрэгтэйчүүдийн 50 метрийн сонгомол гар бууны дасгалд БНСУ-ын баг алтан медаль хүртэж, ОХУ-ын баг дэд байр эзлэв. Манай баг тамирчдаас ОУХМ Э.Даваахүү 542 оноо, спортын мастер О.Төгөлдөр 540 оноо, спортын мастер Э.Бадамгарав 538 оноо авч багийн дүнгээр хүрэл медалийн эзэд болжээ.
 
Универсиад наадмын эхний гурван өдрийн байдлаар БНСУ 10 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байгаа бол БНХАУ (8+6+5), Япон (8+5+7), Итали (4+4+6), Франц (4+3+3), АНУ (4+1+4), ОХУ (3+11+7) тус тус II-VII байрт бичигдээд байна. Тус наадмаас 33 орон ямар нэгэн медаль хүртээд байгаа бөгөөд манай баг тамирчид багийн хүрэл, жүдо бөхөөр нэг алтан медальтай 13 дугаар байрт шалгараад байна.
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг