sonin.mn
Мянгад түмэн овоо тахих найр наадам хийхдээ хурдан морио хэзээнээс нааш Өндөр хөхийнхөө өвөрт уралдуулсаар ирсэн түүхтэй. 1959 онд юмсан. Тэр жилийнхээ наадмаа Таван худаг гэдэг газар хийхээр болжээ. Би есөн настай, ёстой л хурдан морины эрлэг байсан цаг. Бүх насны хурдан морь унана. Харин тэр жил даага унасангүй. Дааганд арай хүндэдсэн юм болов уу. 
 
Ингээд наадмын урьд орой уяачид маань майхан хошоо ачин хэдэн морьдоо аваад мордлоо. Замдаа хээр хонож морьдоо амраагаад наадмын өглөө очихоор мордож байгаа нь энэ. Уяачид ах дүүс айл хотоороо нэг гал болон явах. Манай галын ахлаач нь нэгдлийн адуучин гозгор Бямбажав гэж өндөр сайхан нуруутай дөлгөөн хүн байх. 
 
Оройхон нар уулын толгойд ташиж байхын дүнд бид Хагийн эхний бор толгодын өвөрт ирж буулаа. Майхан саваа босгож хээрийн цайгаа чанаж хоол шүүсээ гаргаж байтал аяндаа бүрий ч болоод ирлээ. Бямбажав ах намайг:
 
-Хаагиа (Энэ миний багын хоч нэр л дээ. Угтаа Халтар гэсэн үг л дээ) одоо унт. Өглөө би чамайг эрт сэрээнэ. Чи борлог хязаалангаа өглөөний нарнаар хазаартай нь хэд хазуулдаг юм шүү гэлээ. Нээрээ ч тэр өглөө алсын бараа бүрэлзэн харагдахтай үгүйтэй байхын хэрд намайг сэрээлээ. Бямбажав ах унтсан юм уу үгүй юм уу бүү мэд. Харин миний борлог хязааланг хазаарлаж хөтлөөд ирсэн харагдана. Бямбажав ах:
 
-За чи хурдан борлогоо хөтлөөд өвсний толгой шүүрүүлээд яваарай. Нэг газар удаан байлгаж борог идүүлж болохгүй шүү гэлээ. Би за л гэлгүй дээ. Миний хурдан борлог үрээ насандаа их хол тасархай түрүүлж олны дунд “Нэгдэл борлог” нэртэй болсон хурдан хүлэг л дээ. Энэ жил ч лавтай түрүүлэх ажнай. Ингээд би “Нэгдэл борлог”-оо хөтлөн өвсний толгой хазуулан ургамлын шим сорыг даган явж байтал нөгөө галын Бат-аюуш маань хурдан хээрээ хөтөлчихсөн явж харагдана. 
 
Хоёулаа энэ жилийн наадамд их нас болоодхязаалан насанд гарцаагүй түрүүлнэ хэмээн хотлоороо шуугисан хоёр морио хөтлөн өвсний толгой цэцгийн түрүү шүүрүүлэн өөр өөрсдийнхөө морио “хошуу уралдан” магтаж явтал Бат-Аюуш хэлж байна аа.
 
-Хөөе Хаагиа Таван худагт танай нагацаагийнд нэг хурдан даага байна гэнэ ээ.
 
Дээрээ хүүхэд тогтоодоггүй их дошгин юм байх. Одоо унах хүүхэд олдохгүй байгаа гэсэн. Моринд адтай Майдаа хүртэл тогтолгүй унаж толгойгоо хагалсан гэнэ лээ. Одоо чамаар л унуулах байх даа. Чи ч тархиараа хага савуулах нь дээ гэлээ.
 
-Хэн тэгж байна
 
-Манай ах Рагчаадорж хэлсэн гэж байна. Энэ нь нээрээ үнэн байлаа.
 
Наадмын өглөө нэлээд эртхэн ирээд би нагац ахындаа буулаа. Шонгоос холгүй нэлээд биерхүү хөөрхөн сартай хээр даага уяатай дэвхцэн зогсож харагдана. Нарийн шар суран хазаараар хазаарлан шанхнаас нь сойж хантайраад уяжээ. Амнаас нь цустай хөөс цахарч харагдана. Дөнгөж л сургасан даага юм байна.
 
Намайг яваад орвол Сандаг адиан бэр Жанрайжав бэргэн гуулин данхтай цайнаасаа модон тагшинд аягалан хийж, өрөм ааруултай тавагтай идээ тавьж өглөө. Би ч өтгөн сүүний аманд нурсан тослог бор ааруулнаас авч шинэхэн хуруу зузаан дарайсан сайхан өрөмтэй холин амтархан цохиж бор ходоодоо божийлгож суув.
 
Сандаг адиа гэрийнхээ баруун хоймор сур мушгиж сууснаа хойш тавиад цагаан хаш соруултай гаансаа нэрэн шүдгүй жавьжиндаа хөндлөн зуун утааг нь шуналтай нь аргагүй сорж хамар амаараа савсуулан гаргаж сууснаа:
 
-Хаагиа ашгүй чи хүрээд ирэв үү. Адианхаа хээр даагыг унана даа гэлээ. Би зүрхшээн 
 
-Адиа булгидаг дошгин даага гээ биз дээ гэвэл адиа: 
 
-Юу гэнэ ээ гэв. Би:
 
-Би унаж чадахгүй. Тэгж тархиа хага савуулахаа больё гэвэл адиа тэр хөгшин хүн гэхэд идэр залуу хүн шиг 
 
-Чи ... гэнгүүтээ гэнэт ухасхийн босч ирээд элдэж байсан сураараа зоо нуруун дундуур минь гувруу болтол ороолголоо. Би ч ёолж ёхлоод уйлаан майлаан. Тэгтэл ашгүй адиан хүү Баглаат ах ороод ирлээ. Сандаг адиа хүүдээ хэлж байна аа.
 
-Нямжав Дашравдан хоёр энэ хүүхдээ бүр хүн биш болгох нь ээ гэв. Баглаат ах над уруу сүрхий харан:
 
-Яаж байна гэтэл Баглаат ахын эхнэр Жанрайжав бэргэн хажуунаас:
 
-Наад Хаагиа чинь аавын өмнөөс хэдэрлэх нь ээ гэвэл Баглаат ах:
 
-Юу гэнэ ээ гээд муухай харахад нь би Баглаат ахаар нэмж гөвшүүлэхээс айж:
 
-Ахаа би уная... уная гэлээ. Ингээд би дөнгөж амыг нь мэдүүлсэн эмнэг хээр халзан даагыг нь унахаар болов. Баглаат ах:
 
-Ах нь дааган насны морьдыг гараанаас нь гаргахаар боллоо. Чамайг хөтөлж гооруулаад өгнө өө. Чи битгий ай. Одоо ингээд даага явна шүү гээд гарлаа. Би дээл хувцсаа тайлан маюз ташуураа бэлдэж байтал хэдэн залуус давхилдан ирж уяан дээр буугаад хээр даагыг харан:
 
-Энэ ч харин хурдтай байж мэднэ шүү энэ тэр болов. Хээр халзан даага тэднийг дөхөөд очихоор уяан дээрээ цовхрон их сүртэй. Гэтэл Баглаат ах харганан бүүрэгтэй, хөнгөн цагаан дөрөөтэй хөөрхөн эмээл барин гарч ирээд:
 
-За залуучууд наад даагаа чихдэж бай. Би эмээллээд авъя гэж байна. Арай жаахан бадриун, энэ жилийн наадамд ноцолдох бололтой зодог шуудаг бүсэлсэн нэг эр эмнэг хээр халзан даагыг минь ёстой шээсийг нь гоожтол чихдэж байгаад эмээллэлээ. Духандаа алга дарам цагаан сартай хөөрхөн хээр халзан даага минь тэр хүдэр эрд чихдүүлэн ухаан мэдээ нь балартсан юм байлгүй эмээллэж олом жирмийг нь чангалтал огт хөдөлсөнгүй. 
 
Эмээллэж дуусаад урт бугуйлаар цулбуур хийн тавиад орхитол сартай хээр даага маань булгиж байна гэж жигтэйхэн. Хоёр дөрөө нь эмээлийнхээ дээр хан ян хийн мөргөлдөж, цагаан тоос манараад явчихлаа. Би айж байна гэж жигтэйхэн. Сандаг адиа гарч ирээд: 
 
-Хөөе Баглаат аа наад даагаа битгий богшоочих гэвэл Баглаат ах ойр зуурхан булгиулан цанх годогыг нь гаргаад өөрөө шаазгай алаг хэмээх бүдүүн сайвар алаг мориндоо мордон намайг сартай хээр даагандаа мордуулан хөтөллөө.
 
Сартай хээр даага дөнгөж амаа мэдсэн төдий. Унуулж хөтлүүлэх дөр учраа мэдэхгүй нялх ярдаг амьтан байсан тул хойшоо цахлан чангаахад Баглаат ах цулбуурыг нь дөрөөвчлөн бараг чирэн хатирууллаа. Ийн сартай хээр даага бид хоёр ёстой л томчуулын хүчинд автан нэг нь бүдүүн морины алхаа гүйцэхгүй сарвайтал таварган нөгөө нь цулбуур тавиад орхивол булгиад хаячих болов уу яах бол гэж айж бэргэн шомбойтол шогшуулсаар гарааны зурхай дээр ирлээ. Тавиад даага сайхан зэрэгцэж байгаад ухасхийн гарлаа. Дааганы гараа бас ширүүн.
 
Битүү цагаан тоос татаад явчихлаа. Баглаат ах тэр бужигнасан олон дааганы араас хүдэр баргил хоолойгоор хангинатал гуйгалан намайг хөтлөн давхилаа. Өнөө олон дааганууд холдсоор би Баглаат ахад хөтлүүлэн тэдний араас таваргасаар...
 
Гэтэл миний айдас хүйдэс аль хэдийнэ үгүй болж зүрх сэтгэлд минь уралдахын хүслэн асан дүрэлзэж:
 
-Баглаат ахаа тавиарай, тавиарай гээд цулбуураа булаацалдлаа. Баглаат ах ч “За нэг гооров” гэж бодсон бололтой цулбуурыг минь тавин сартай хээрийн хондлой дээгүүр бүдүүн тэнзэн ташуураар нэг сайн ороолгоод сарт бид хоёрыг гараанаас гаргалаа.
 
Сарт хээр минь нэг хотосхийснээ сая л нэг бусдын эрхшээлээс гарч өөрийн зоргоор давхих болсондоо баярласан бололтой жингэнэтэл янцгаан давхил дундаа шилгээн биеэ суллаж аваад булгиж туйлсан ч үгүй нөгөө олон дааганы хойноос божийтол таваргаж гарлаа. Би хамаг дааганы ард манайхны хэлдгээр баас хамж яваа болохоор уур хүрч хор буцлан нүднээс нулимс гарч тэр муу сарт хээрийг зүүн баруунгүй ороолгон шавдуулж явлаа. 
 
Хэсэг яваад өмнөх бөөн даагыг гүйцэн ирлээ. Ашгүй бүр өмнө нь орлоо. Би баас хамахгүй нь ээ. Ингээд сэтгэл минь амарч би сарт хээр даагаа дахин ороолгож шавдуулсангүй. Амыг нь татасхийн зөөлөн зөөлөн гуядан зөнгөөр нь явууллаа. Дааганууд цувж эхэллээ. Нэг мэдсэн чинь бүр цээжинд гараад ирлээ шүү. Өмнө минь зуузай холбосон хоёр даага түүний өмнө нэг шарга даага түүний өмнө сүүл дэрлэсэн хоёр хээр даага явна. 
 
Нэг ухасхийгээд өмнөх даагаа идчихвэл \Манайхан өмнөх морио гүйцэн түрүүлэхийг идэх гэдэг юм\ айрагдах нь ээ. Бариа ч харагдаж эхэллээ. Би ч сарт хээрээ шахаж эхэллээ. Сарт хээр минь хурдаа нэмсэнгүй ч хурд нь саарсангүй нэг жигд таваргасаар өмнө минь зуузай холбон таваргаж яваа хоёр хээр даагыг гүйцэн шарга дааганы зөв талаар ороод ирлээ. 
 
Шарга дааганы хүүхэд сарт бид хоёрт гүйцэгдэхгүй санаатай шарга даагаа байдгаараа ороолгон хоёр хөлөө савчин давирч харагдана. Даага нь үнэхээр эцсэн бололтой. Таваргахаа болиод ганц нэг цогиж байснаа бүр зогсчихов. Би гуравт гараад ирлээ. Өмнө минь хоёр даага үүдэн хоймрын дайтай явна. Сарт бид хоёр дөхсөөр өмнөх хээр дааганыхаа сүүл дэрлээд ирлээ. 
 
Магнайлж яваа хар хээр даага биднээс үүдэн хоймрын зайтай явна. Сарт хээр минь сарвайсаар өмнөх хээрээ гүйцээд иртэл нөгөө хээр даага сарт бид хоёртой зүүгдэн хоцрохгүй явсаар магнайлж явсан хар хээр дааганы баруун зүүн хоёр талаар нь шурган дайрлаа. 
 
Гурван даага зуузай холбон барианы хөл рүү ороод иртэл хүмүүс шуугилдаад явчихлаа. Тэгтэл миний сартай хээр даага гэнэт юу болсон юм гэмээр нэг жингэнэтэл янцгааснаа тэр хоёр дааганаас суга үсрэн түрүүлж барианы зүг чавхдах нь тэр...
 
Миний нүднээс баярын нулимс өөрийн эрхгүй бөмбөрөн урслаа. Адиа ч бүдүүн улаан морьтойгоо нэг хээгч гүү хөтлөн давхин ирж намайг тосч аваад эмээл дээрээс өргөн буулгаад:
 
-Овоо доо миний хүү гээд духан дээр минь зөөлөн үнэрлэж үнсээд өврөө уудлан даалингаасаа хэдэн голио чихэр гарган өглөө. Сарт хээр минь нөгөө хээгч гүүний цавь руу хошуугаа хийчихсэн нудчин хөхөж харагдана. Исгэлээ хөхсөн хусран гүүний даага юмсанж. Наадмын хөл рүү хоёр даагатай зуузай холбон ороод ирэх тэр торгон агшинд эх нь янцгаахад эхийнхээ дууг сонссон нялх амьтан эцсийн хурдаа гарган наадмын магнай болж торгон жолоо өргүүлэх нь тэр ээ. 
 
Ингэж би тэр жил наадмын хоёр түрүү авсан минь одоо ч сэтгэлд тод байдаг юм. Сарт минь тэр жилээс хойш олон жил түрүүлсэн Баглаатын сарт хэмээх цуутай хүлэг болсон доо. Намайг аравдугаар ангиа төгсөөд сургуульд явдаг тэр зун Баглаат ах надад Сарт хээрээ барьж өгөөд:
 
-За Хаагиа минь Сартаараа ах дүү нараараа ор доо гэлээ. Би Сартаа унаад анх л бид хоёрын уралдаж будилж байсан наадмын замаараа ахиад нэг сайхан давхиж билээ. Сартын хурдаар тэр талаар давхиж явахад хөлийн дор газар эрээлжлэн харагдаж салхи татан нүднээс нулимс бөмбөрч байлаа.
 
 
2015-07-02
 
Нямжавын Сүхдорж