sonin.mn
БНСУ-ын нийслэл Сөүл хотноо Олон улсын шатрын холбооны ерөнхийлөгч Кирсан Илюмжинов “Пёнчан-2018” наадмын зохион байгуулах хорооны дарга Чой Мүн Сүнтэй уулзах үеэр шатрын спортыг тус олимпийн үзүүлэх спортоор оруулах шийдвэрийг харилцан тохиролцжээ.
 
“Шатрын тэмцээнийг эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан болон багийн төрлөөр явуулах юм. Энэ шийдвэрийг би ялалт гэж үзэж байна. Ирэх есдүгээр сард манай холбооны Ерөнхий ассамблейн хуралдаан болно. Үүгээр өвлийн олимпийн наадмын шатрын тэмцээнийг хэрхэн явуулах, хэдэн орны шатарчдыг оролцуулах зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ” гэж К.Илюмжинов мэдэгджээ.
 
Энэ оны нэгдүгээр сард Монте-Карлод болсон Олон улсын олимпийн хорооны гишүүдийн хурлаар шатрыг өвлийн олимпийн наадмын хөтөлбөрт оруулахыг дэмжээгүй юм. “Цагаан олимп”-ийн хөтөлбөрт багтахын тулд цас юм уу мөсөн дээр тоглодог төрөл байх ёстой гэж хурлын төлөөлөгчдийн дийлэнх нь уг шийдвэрийг гаргасан.
 
Харин шатрын спортын төрөл гурван жилийн дараа БНСУ-ын Пёнчан хотноо болох өвлийн олимпийн хөтөлбөрт үзүүлэх хэлбэрээр орох болсныг К.Илюмжинов ийнхүү сонордууллаа.
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг