sonin.mn
Дэлхийн шилдэг жүдочид оролцдог “World masters”-ын 2012 оны тэмцээнд оролцохдоо “Аюултай Монгол” хочтой болсон олон улсын хэмжээний мастер С.Мияарагчаатай ярилцлаа.13 жил жүдогоор хичээллэсэн түүний гавьяа хөдөлмөрийг үнэлж, тэрбээр улсын баяр наадмын өмнөхөн Монгол Улсын гавьяат тамирчин цол тэмдгээр шагнуулсан юм.
 
-Цол нэмэхээр бяр нэмдэг гэдэг. Одоо ямар тэмцээнд оролцмоор байна вэ?
 
-Олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд барилдмаар байна. Боломж олдвол олимпын эрх авч, бусад тамирчинтайгаа бэлтгэл хиймээр байна. Гэхдээ олимпод хэн оролцох нь хамаагүй. Хамгийн гол нь Монгол Улсын эрх ашгийг нэгдүгээрт тавих хэрэгтэй. Тиймээс хэн чадал, бэлтгэлтэй нь олимпод оролцдог. 
 
Гавьяат тамирчин боллоо гээд миний бэлтгэл сулрахгүй. Зарим хүн намайг зодог тайлж байна гэж бодоод байна. Надад одоогоор зодог тайлах бодол алга. Би цаашид хичээх болно. Өөрийнхөө чаддаг, мэддэг зүйлээ баг хамт олон, дүү нартаа зааж өгнө.
 
-Тэгвэл таны хамгийн ойрын зорилго олимпод оролцох явдал юм байна тийм үү?
 
-Олимпод оролцох нь тамирчны туйлын хүсэл мөрөөдөл байдаг. Би ч гэсэн олимпод оролцохыг маш их хүсч байна. Гэхдээ миний барилддаг жинд хүчтэй тамирчин олон бий. С.Ням-Очир, Х.Цагаанбаатар, Ү.Одбаяр нарын шилдэг тамирчин байна.Тиймээс биднээс хэн нь хамгийн сайн бэлтгэл, туршлагатай нь олимпод оролцоно. 
 
Мөн Монголын жүдо бөхийн холбоо болон шигшээ багийн удирдлагууд бидний хэн нь олимпод оролцохыг шийднэ. Тамирчин эх орноо төлөөлөн олон улсын тэмцээнд оролцохдоо маш их хариуцлага хүлээдэг. Тэмцээнд оролцохоор шалгарсан л бол заавал амжилт гаргах ёстой.
 
-Олон улсын тэмцээний татамид таныг гарсныг нэг хэсэг хараагүй. Тэмцээнд оролцох боломжгүй байв уу, эсвэл?
 
-Улсын аварга шалгаруулах тэмцээний дараа хөлөө бэртээгээд тэмцээнд оролцоогүй, хэсэг хугацаанд завсарласан. Одооноос л хэвийн бэлтгэл сургуулилтдаа орж байна.
 
-Казахстанд ирэх сард болох жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох уу? 
 
-Би энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг өнжинө. Надаас илүү бэлтгэлтэй тамирчид байгаа учраас би тэдэнтэй өрсөлдөөд яах билээ. Энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 73 кг-ын жинд С.Ням-Очир, Ү.Одбаяр нар оролцохоор болсон. Би тэдэнтэйгээ бэлтгэлд гарч дэм болно.
 
-Манай жүдогийн 73 кг-ын жин өрсөлдөөн ихтэй байдаг. Ялангуяа Х.Цагаанбаатар та хоёрын дунд өрсөлдөөн их байдаг юм шиг харагддаг. 
 
-Холбоо аль сайн барилдаж медаль авна гэж үнэлсэн бөхөө олон улсын тэмцээнд явуулдаг. Хүмүүс Х.Цагаанбаатар бид хоёрын талаар олон зүйл ярьдаг. 2009 онд Монголд болсон жүдогийн тэмцээнүүдэд би түрүүлсэн. Тэр үед дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд намайг биш Х.Цагаанбаатарыг оруулж байсан. Тэгэхэд би найзынхаа бэлтгэлийг нь хамт хийгээд дэмжсэн. 
 
Х.Цагаанбаатар бол үнэхээр агуу тамирчин. Бүх тэмцээнээс медаль авсан. Би найзыгаа байнга шүтэж явдаг. Бид нэг жинд барилддаг учраас би ч гэсэн найзыгаа хараад хөгждөг. Х.Цагаанбаатар Монголын жүдог өдий зэрэгтэй хөгжүүлэхэд маш том үүрэг гүйцэтгэдэг гэж би хувьдаа боддог юм. 
 
2004 он хүртэл Монголын жүдочид гадаадын тэмцээнээс медаль авдаггүй байсан. Тэр үед Х.Цагаанбаатар олимпоос медаль авсан. Гран при тэмцээнүүдэд монголчууд оролцоод нэг тойрог барилдаад хожигдчихоод ирдэг. Тэр үед Х.Цагаанбаатар медаль авснаар тамирчдад урам зориг өгч, тамирчдын сэтгэл зүйг сэргээсэн.
 
-Х.Цагаанбаатар та хоёр татами дээр өрсөлдөгч ч бусад үед сайн найзууд байх?
 
-Бид нэгнээ барилдахын өмнө бэлтгэлийг нь хийж, аль үед ямар мэх хийж болох талаар зөвлөлддөг. Манай баг “Хамтын хүч амжилт” гэсэн уриатай. Үүн шиг бид үргэлж хамтдаа бэлтгэл сургуулилтаа хийдэг.
 
-Жүдогоор хичээллээд 13 жилийн дараа Монгол Улсын гавьяат тамирчин боллоо. Энэ баярт мэдээг хамгийн түрүүнд хэнтэй хуваалцмаар санагдаж байна бэ?
 
-Аавдаа хэлмээр байсан. Хэдийгээр аав маань тэнгэрийн оронд байгаа ч намайг харж байгаа гэж боддог. Энэ цолоо аваад аавдаа “Би таны хүү, таны үргэлжлэл шүү” гэж хэлэхийг хүссэн дээ. Аав маань самбо бөхийн дэлхийн аваргын мөнгөн медальтай, олон улсын хэмжээний мастер, цагдаагийн дэд хурандаа цолтой хүн байсан юм.
 
-Таны эгч бас барилддаг. Гэхдээ сүүлийн үед харагдахгүй байна. Спортоороо хичээллэж байгаа юу?
 
-Би ээжээсээ гурвуулаа. Эгч, маань олон улсын хэмжээний мастер, самбо бөхийн дэлхийн аваргын мөнгөн медальтай. Одоо Америкт ажиллаж, амьдарч байгаа. Харин эмэгтэй дүү маань спортоос өөр мэргэжил сонгосон.
 
-Удам дамжиж ирсэн их спортоо хүүхдүүддээ үргэлжлүүлэн өвлүүлэх бодол танд бий юү?
 
-Би хоёр хүүтэй. Хүүхдүүдээ бөх болоосой гэж хүсдэг. Гэхдээ хүүхдүүдийнхээ саналыг нь асууж байж л шийдэх байх даа. Ажиглахад том хүү маань техникийн хүн болох юм шиг харагддаг. Автомашин, онгоцыг их сонирхдог юм. Харин бага хүү тамирчин болох шинжтэй.
 
-Сүүлийн жилүүдэд жүдо эрчимтэй хөгжиж байна. Энэ спортоор хичээллэх хүн ч олон болоо юу даа?
 
-Одоогоос хоёр, гурван жилийн өмнө манайд гадаадын тамирчид ирж бэлтгэл хийдэггүй байлаа. Харин одоо Франц, Орос, Япон, Куба, Гүрж улсын тамирчид бидэнтэй хамтарсан бэлтгэл хийж байна. Энэ нь манай жүдочдыг дэлхийд хэр үнэлдэг вэ гэдгийг илтгэж буй нэг зүйл юм. Дээрээс нь би нэг шүүмжлэлтэй зүйл хэлмээр байна. Манай улсад жүдогийн залуучуудын шигшээ баг хэрэгтэй. 
 
Үүнийг холбооны ерөнхийлөгч санаачлаад байгуулъя гэсэн чинь клубийн багш нар дургүйцээд хэрэгжээгүй юм билээ. Миний бодлоор залуучуудын шигшээ баг байгуулж, амжилт гаргах хэрэгтэй. Тэгж залуу үеэ бэлтгэнэ шүү дээ. Тамирчид клубтээ бэлтгэлээ хийж болно. Гэхдээ тэднийг нэгдсэн байдлаар бэлтгэлийг нь хангуулах шаардлагатай байна. 
 
Мөн тамирчдыг амжилт гаргахад анхны багшийг нь заавал дурдаж байх хэрэгтэй. Тэгвэл клубийн дасгалжуулагчид сайн тамирчдаа залуучуудын шигшээд оруулна. Мөн цаашид ч сайн тамирчид бэлтгэж өгнө биз дээ. Магадгүй анхны багш нарын нэрийг дурсдаггүй учраас зарим нь тамирчнаа өгөх дургүй байдаг байж магадгүй.
 
-Хэдийгээр залуучуудын шигшээ баг байхгүй ч шинэ залуу тамирчид гарч ирж байна. Тэгэхээр манай дасгалжуулагчид тамирчдаа сайн бэлтгэж, давуу талыг нь харж чадаж байгаа юм болов уу?
 
-Монгол тамирчныг шахахад авьяас нь илэрдэг юм шиг санагддаг.
 
-Дундговьчууд удахгүй шинэ начин, гавьяатаа хүлээн авч наадамлана гэсэн. Тэр үеэр та барилдах уу. Таныг үндэсний бөхийн цолтой гэж сонссон?
 
-Аймгийн начин цолтой. Өмнө нь хүчингүй байж байгаад хүчинтэй болсон сураг байна лээ. Одоо нутгийнхаа наадамд барилдана гэсэн бодолтой байна. Энэ жил манай Мандалговь хотын 50 жилийн ой болж байгаа юм.
 
-Та хэдэн настай вэ?
 
-32-той.
 
-Та өмнө нь хүмүүс намайг зодог тайлна гэж буруу ойлгоод байна гэсэн. Ер нь зодог тайлах талаар ямар бодолтой явдаг юм бэ? 
 
-Одоохондоо надад зодог тайлах бодол алга. Цаг нь ирэхээр би багш болох байх. Мөн хувийн ажлаа хийнэ. Тиймээс энэ цагт би барилдаж, амжилт гаргамаар байна.
 
 
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин