sonin.mn
Монголын хөлбөмбөгийн холбооноос Эмэгтэйчүүдийн үндэсний лигийн тэмцээн зохион байгуулж байгаа талаар өөрийн байрандаа  өнөөдөр мэдээлэл хийлээ.
 
Тус хуралд МХБХ-ны гүйцэтгэх захирал Ш.Жаргалсайхан, эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн зөвлөлийн дарга Ц.Ганболд болон лигийн тэмцээнд оролцох найман багийн төлөөлөл оролцлоо. МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатарын хөгжлийн бодлогын хөтөлбөрийн дагуу хийгдэж байгаа ажлын нэгэн хэсэг нь эмэгтэйчүүдийн Үндэсний хөл бөмбөгийн лигийн тэмцээн юм. Энэхүү тэмцээн нь энэ сарын 21-27-ны өдрүүдэд үргэлжилнэ.
 
МХБХ нь сүүлийн гурван жил эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн тэмцээнийг зохион байгуулсан. Энэ жил эмэгтэйчүүдийн анхдугаар үндэсний лигийн тэмцээн болон шигшээ багийг бэлтгэн олон улсад өрсөлдөх зорилгоор тус тэмцээнийг зохион байгуулахаар болжээ. Тэмцээнд улсын аварга шалгаруулах тэмцээнээс эхний байруудад шалгарсан болон МХБХ-нд бүртгэлтэй шилдэг найман баг оролцох юм.
 
Тэмцээнийг  “Дэлхийн зөн” олон улсын байгууллага хамтран зохион байгуулах бөгөөд хэвлэлийн бага хурлын үеэр МХБХ, “Дэлхийн зөн” ОУБ-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм.
 
Тоглолтыг NTV телевиз шууд дамжуулан үзэгчдэд хүргэнэ. Эмэгтэйчүүдийн үндэсний лигийн анхдугаар тэмцээнд “Монголын тэмүүлэл”, “Титэм хужирт”, “Арвис”, “Хад”, “Эрчим”, “Туулын том тулнууд”, Хан-Уул дүүргийн баг, хөдөө орон нутгаас Өвөрхангай, Дархан-Уул аймгийн баг тамирчид ирж оролцоно.
 
Тэмцээний нийт шагналын сан 10 сая төгрөг юм. Нэг баг албаны гишүүдтэй нийлээд 13-23  хүний бүрэлдэхүүнтэй тэмцээнд оролцохоор болжээ.
 
М.Ихэрбаяр
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг