sonin.mn
“Achilles international Mongolia” ТББ- ын гүйцэтгэх захирал О.Саранчулуунтай ярилцлаа. Түүнийг “сэлмэн хөлт” тамирчин гэдгээр нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, спортын хүрээнийхэн андахгүй.
 
-Юуны өмнө танай ТББ-ын үүсгэл санаачилга, үйл ажиллагааны талаар сонирхож байна. Энэ талаар товч ярина уу?
 
-Би хэдийгээр хөгжлийн бэрх- шээлтэй хүн боловч ийм хүмүүс бусдаас ялгарах, дутуу байх ёсгүй гэж үздэг. Тийм ч учраас хэд хэдэн удаа гүйлтийн тэмцээн зохион байгуулсны дараа ер нь бид нэгдэх нь чухал юм байна гэж шийдээд “Амжилтын хэлхээ нэртэй” ТББ-ыг байгуулсан. Энэ оны нэгдүгээр сард манай ТББ нь Ариг банктай хамтарч ““Achilles international” олон улсын сайн дурын байгууллагын салбарыг байгуулах шийдэлд хүрсэн юм.
 
Байгууллагын маань туйлын зорилго нь бүх нийтийг спортын арга хэмжээнд хамруулах замаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөгжүүлж, өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлэх, амьдралын чанарыг нь ахиулах явдал байдаг. Спорт бол хүмүүсийг арьс өнгө, шашин шүтлэг, нас хүйсээр ялгаварлахгүйгээр нэгтгэж чаддаг болохоор хөгжлийн бэрхшээлтэй иргэд ч түүнд хамрагдсанаар бусдаас ялгарах, өөрийгөө ямар нэг байдлаар дутуу гэж чамлах байдал нь арилах ёстой гэж боддог.
 
Манай байгууллагын үйл ажиллагаа ч үүнд чиглэж байна. Зөвхөн “Achilles international Mongolia” төдийгүй дэлхийн 70 гаруй оронд салбартай манай төв байгууллага ч ихэвчлэн гүйлт зохиох хэлбэрээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нэгтгэж байдаг юм.
 
-Энэ байгууллагын салбарыг Монголдоо үүсгэх санаа хэрхэн яаж төрөв?
 
-2014 оны тавдугаар сард бүх нийтийн гүйлтийг олон түмэнд сурталчилдаг байгууллага байдаг эсэхийг “Гүүгл”-ээс хайсан боловч олдоогүй. Тэгэхээр нь фэйсбүүкт нэг групп нээгээд үзсэн чинь маш олон хүнд хандсан. Тийм учраас ийм хэрэгцээ шаардлага байгаа юм байна гэж ойлгоод нийгэмд нөлөөлөхүйц ажил хийх хэрэгтэй гэдэгт итгэл төгс болсон хэрэг.
 
-Та өөрөө хөгжлийн бэрхшээлтэй хүн болохоор илүү ойрхон туссан байх л даа. 13 настай жаахан охин хөлөө тайруулна гэдэг тухайн үед өөрт чинь хүнд байсан нь тодорхой. Түүнийг хэрхэн даван туулж, ийм их хат, итгэлийг олж авав?
 
-Тэр үед манай эмнэлгүүдэд сэтгэл зүйч гэж байсангүй. Миний дэргэд ээж, эмээ хоёр минь байж намайг хатуужуулж байсан гэж боддог. Эмээ маань “Чи хөлөөрөө биш толгойгоороо л амьдарна. Тиймээс ном их унш, хичээлээ сайн хий” гэж шаарддаг байсан л даа. Бас хүчтэй байхыг сургадаг байлаа.
 
Хөлөө тайруулж протез хийлгэснээс хойш хоёр жилийн дараа сургуулиасаа шилжиж, өөр шинэ анги хамт олон дотор ороход намайг маш сайхан хүлээж авч, ангийнхан маань үргэлж тусалж дэмждэг байсан нь сэтгэл санааны асар их дэм болсон. Үүний хүчинд хичээл номдоо сайн, бас нийгмийн ажилд идэвхтэй охин байлаа.
 
-Дараа нь дээд сургуульд суралцаж багшлах болсон гэсэн. Мэргэжил тань энэ чиглэлийнх үү?
 
-Эхлээд МУИС-д нийгмийн ажилтнаар суралцаж төгссөний дараа магистр хамгаалахаар үргэлжлүүлэн судалгаа хийсэн. Энэ үеэс Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуульд багшилснаас хойш 10 жил өнгөрсөн байна.
 
Эрүүл мэндийн нийгмийн ажилтнаар суралцаж буй оюутнуудад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн сэтгэл зүй, тэдэнтэй харилцах харилцааны талаар хичээл заадаг. Мөн олон нийтийн нөлөөллийн тухай практикт суурилсан хичээл орж байна.
 
 
-Дэлхийн олон оронд салбартай “Achilles international” байгууллагатай ямар замаар холбогдсон юм бэ. Одоо ч мэдээллийн технологи эрчтэй хөгжөөд дэлхийн аль ч улс орны хэнтэй ч харилцдаг болж дээ, тийм үү?
 
-Өнгөрсөн жил би Нью-Йорк хотод мэргэжил дээшлүүлэхээр очихдоо Төв паркад нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гүйлтийн арга хэмжээ болж байхтай таарсан юм. Тэнд цугларсан хүмүүс өрөөсөн хөлгүй хүний тэрэгтэй нэгэн эрхэмд их л хүндэтгэлтэй хандаж, зориуд ирж мэндчилж байсан нь анхаарал татлаа.
 
Хожим танилцсан чинь “Achilles international” байгууллагыг санаачлан үүсгэсэн Ричард Траум гэдэг хүн байсан юм билээ. Тэрбээр 1976 онд холын зайн марафонд оролцож, 7 цаг 24 минутад нийт замыг туулсан байдаг. Түүнээс хойш энэ олон улсын байгууллагаа үүсгэж, АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон, Английн хунтайж Чарльз, гүнж Диана болон банк санхүүгийн магнатууд, урлаг спортын одод түүний үйл ажиллагааг идэвхтэй дэмжиж байсан юм билээ.
 
Одоо ч сэтгэл санаа, эд материал, хөрөнгө санхүүгийн асар их дэмжлэг үзүүлж байдаг. Манай Монголд ч өмнө нь 1990-ээд оны дундуур энэ байгууллагын салбарыг нээж байсан удаатай. Харамсалтай нь идэвхтэй үйл ажил зохион байгуулахгүй, төвтэйгөө холбоогүй байснаас унтрах тийшээ хандчихсан байсан. Үүнийг бид дахин эрхийг нь авч, Ариг банкны тусламжтайгаар хамтран сэргээж байгаа гэх үү дээ.
 
-Хамгийн эхний арга хэмжээ нь есдүгээр сард зохион байгуулах бүх нийтийн гүйлт юмаа даа. Бэлтгэл ажлаа хэр хангаж байна вэ?
 
-Есдүгээр сарын 13-нд болох бүх нийтийн гүйлт “Итгэл, найдвар, боломж “Улаанбаатар 2015” гэсэн уриа, нэртэй. Энэ гүйлтээ олон улсын жишгээр явагддаг уралдаантай адил төвшинд зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм. Тэр нь уг гүйлтэд урлаг, спортын одод, улс төр, бизнесийн нэр хүнд бүхий хүмүүсийг урьж оролцуулахыг хэлээд байгаа хэрэг.
 
Тэд бусдыг уриалж, өөрсдөө гүйхгүй ч гэсэн дэмжигч болж сэтгэл санааны дэм үзүүлбэл өөрсдийн нь болон гүйлтэд оролцогчдын хувьд нэр төрийн хэрэг болдог. Манай урлаг соёл, спорт, улс төрийн хүрээнийхэнд бид урилгаа хүргэж байна.
 
Тэдний дотроос хотын дарга Э.Бат-Үүл гүйлтэд оролцож, таван км гүйхээ мэдэгдсэн. Ер нь нийтдээ 10 км-ийн гүйлт байх юм. Үүнтэй холбоотойгоор гүйлт болох зам талбайг чөлөөлөх, тэмдэг тэмдэглэгээ хийх, хамгаалалт гаргах зэрэг ажлыг холбогдох байгууллагуудтай нь ярилцаж тохиролцоод байгаа.
 
-Марафон гүйлтийн зам /42 км/-ыг хөгжлийн бэрхшээлтэй байтугай эрүүл хүн ч туулахад бэрх санагдах юм. Та энэ жил бас гүйх үү?
 
-”Улаанбаатар 2015”-ыг зохион байгуулсны дараа арваннэгдүгээр сарын эхээр манай 12 хүний бүрэлдэхүүнтэй баг Нью-Йоркийг зорино. Өнгөрсөн жил би 8 цаг 15 минутад дээрх замыг туулж барианд орсон. Энэ жил найман цагтаа багтах зорилготой байгаа.
 
-”Итгэл, найдвар, боломж” гэдэг нь олон улсад зохиогддог бүх нийтийн гүйлтийн уриа юм байна. Бусад улс оронд ч 10 км-т гүйдэг юм уу?
 
-Тийм. “Итгэл, найдвар, боломж”-ийг ерөнхийдөө 5-10 км-т зохион байгуулдаг. Ингэснээр илүү олон хүнийг хамруулах боломжтой болох юм. Түүнээс биш бүтэн марафон /42 км/-д оролцогчид бүгд гүйнэ гэвэл худлаа, хэцүү шүү дээ. “Улаанбаатар 2015”-д доод тал нь 1000 хүн оролцож, тэдний 20 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байх болов уу гэж тооцож байгаа.
 
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-Их тэнгэрийн ам-Дүнжингарав худалдааны төв гэсэн маршрутаар гүйлт болж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэндээ бариалах энэ уралдааны үеэр баяр ёслол, олон нийтийг хамарсан өргөн зугаалга зохион байгуулна.
 
Өмнө нь зөвхөн олон нийтийн цахим сүлжээг ашиглан зар тараахад л 400-600 хүн цугладаг байсан юм чинь одоо зохион байгуулалтад оруулаад албан ёсоор бусад байгууллагатай хамтран явуулж байгаа болохоор энэ арга хэмжээ маань өргөн олныг хамарсан, сайхан үйл явдал болох байх гэж найдаж байна.
 
Ингэж чадвал жил бүрийн энэ өдрийг ахиллесчүүдийн өдөр болгон зарласан ч болохгүй гэх газаргүй гэж бид ярилцаж байгаа. Үүнд хамтран ажиллагч, үүсгэн байгуулагчдын нэг Ариг банкныхан маань асар их анхаарч, тусалж дэмжиж байгаад талархаж байна. Манай бусад арилжааны банк ч нийгмийн хариуцлагаа ухамсарлаж оролцох байх гэж найдаж байгаа.
 
-”Улаанбаатар 2015” гүйлт нэгэнт сайн дурынх болохоор байр эзлүүлэн, шагнаж урамшуулах уу?
 
-Уралдаан л юм чинь эрэгтэй, эмэгтэйчүүдэд нь насны ангиллаар, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ тусад нь авч үзэж тодорхой хэмжээний урамшуулал гардуулна. Бөх, морь шиг хэдэн саяар нь биш ч гэсэн компани, албан байгууллагууд өөрсдийн нэрэмжит шагналаа гардуулж, спонсор болбол бид баяртай байх болно.
 
-Танай байгууллага ашгийн бус ч гэсэн дотроо хэд хэдэн хөтөлбөр хэрэгжүүлдэг гэсэн. Түүнийхээ талаар товч танилцуулна уу?
 
-Үндсэн таван хөтөлбөр байдаг юм. Тухайлбал, “Дүүлэн нис” гэсэн хүүхдэд зориулсан хөтөлбөр байна. Бид өөрсдийн үйл ажиллагаанаас олсон орлого болон хандиваас спортоор хоёроос доошгүй жил хичээллэсэн, улсын шигшээ багт харьяалагддаггүй, амжилт гаргах магадлалтай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тэмцээн уралдаанд орох зардлыг нь санхүүжүүлдэг.
 
Манай улсад одоогоор ганцхан байгаа, гар дугуйн тамирчин Энхманлай хүү Солонгосын марафоноос алтан медаль хүртсэн. Бид тэр хүүгийн замын зардлыг нь даалаа. Мөн спортоор 3-6 сар хичээллэсэн хүүхдэд эд материалын тусламж үзүүлдэг “Гараа”, бүтэн жилийн турш бага багаар туулах замаа уртасгаж байгаа хүүхдийг урамшуулах “Ахиллес хүүхэд”, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг спортоор хичээллэхэд нь туслах “Дасгалжуулагч” зэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
 
-Энэ хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх санхүүжилтээ хэрхэн бүрдүүлж байна вэ. Мэдээж Ариг банкныхан байгаа байх. Түүнээс гадна юу хийж байна?
 
-Бид монголчууд олноор амьдардаг АНУ-ын зургаан хотод “Aehilles Mongoliа”-гийн нэрэмжит гүйлтийг зохион байгууллаа. Энэ үеэр багагүй хандив цуглуулсан. Түүнийгээ зарцуулж, тайлангаа маш сайн гаргаж явдаг. Хүмүүсийн сэтгэлээсээ өгсөн нэг төгрөгийг ч үр бүтээлтэй, өгөөжтэй зарцуулах ёстой шүү дээ.
 
Гэхдээ бид хөлгүй, гаргүй юм гээд хэн нэгэнд зүгээр л мөнгө өгчихдөггүй. Тэдний анкет, өргөдлийг хүлээн авч тодорхой шалгуур тавьж байж санхүүжилт хийх эсэхээ шийддэг юм. Миний хувьд боломжийг ашиглахын тулд энд тэндхийн тэтгэлэг хөтөлбөрт хандаж, анкетаа бүртгүүлж, шалгалт ярилцлагыг нь давж байж л өдий зэрэгт хүрсэн.
 
Ер нь хөгжлийн бэрхшээлтэй байх нь бусдаас давуу эрх эдэлнэ гэсэн үг биш. Хүн өөрөө өөрийнхөө төлөө тэмцэж байж л сайн сайхан амьдралд хүрнэ гэж би ойлгодог. Сайн хань, сайхан үртэй болсон миний амьдрал хамт олон, гэр бүл, найз нөхдийн дэм тусламж, тэмцлийн минь үр дүн гэж л боддог доо.
 
Д.МӨНХЖАРГАЛ
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин