sonin.mn
Хурдан морины  уралдааны айргийн тавд орсон морьдын шагналын 20 хувийг уралдаанч хүүхдэд өгөх саналыг Хүүхэд хамгааллын багийн зүгээс  тавьж, Булган аймгийн удирдлагууд дэмжив.
 
Аймгийн баяр наадам зохион байгуулах комиссын шийдвэрээр томилсон Хүүхэд хамгааллын баг нэгдсэн дүнгээ гаргав. Ц. Цэнгэлийн “Түмэн эх”, “Босоо буюу задгай хээр” морины мялаалгын наадмын үеэр  хязаалан, их нас, соёолон 3 насанд нийт 291 морь уралдаж, давхардсан тоогоор 134 хүүхэд хурдан морь унаж уралдав.
 
Унаач хүүхдүүдийг уралдааны замд гарахад нийт 78 хүүхдийн хамгаалах хэрэгслийн зөрчлийг арилгаж, 100 хувь хамгаалах хэрэгсэлтэй уралдаанд оролцож, уралдааны замд 1 хүүхэд унаж гэмтсэнд  эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн байна.
 
 Мөн Баян-Агт  сум байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн баяр наадмын үеэр нийт 6 насанд 495 хурдан хүлгийг 150 шахам хүүхэд унаж, 100 хувь хамгаалах хэрэгсэлтэй барианаас гарсан боловч  гарааны төхөөрөмж дээр нийт 10 хүүхэд унаж, хөнгөн гэмтэл авсан. “Хангайн бүсийн хурд-2015”  уралдааны үеэр 12 аймгийн 700 шахам морь уралдаж, давхардсан тоогоор 220 гаруй хүүхэд 9 насны морь унаж уралдлаа.
 
Уралдааны явцад 6 хүүхэд морьноос унаж  хөнгөн бэртэл авсан бол, 2 хүүхэд хүнд гэмтэл авсныг аймгийн Нэгдсэн эмнэлгийн эрүүл мэндийн нарийвчилсан үзлэгт хамруулж, эцэг эхэд нь хүлээлгэн өгөв.
 
Нийт 9 насанд 51 хүүхдийн зөрчлийг арилгаж, 100 хувь хамгаалах хэрэгсэлтэй уралдаанд оролцуулсан нь өмнөх жилүүдийг бодвол хурдан морь унаач хүүхдийн эрүүл аюулгүй байдалд маш их анхаардаг болсонд иргэд ам сайтай  байна.
 
 
П.Батням
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг