sonin.mn
Тив, дэлхийн өсвөрийн шатарчдын оюун ухааныг сорьсон “Өсвөрийн шатарчдын олипиад-2015” тэмцээн өчигдөр “Хүннү молл” цогцолборт нээлтээ хийлээ. Тэмцээний нээлтэд Олон улсын шатрын холбооны ерөнхийлөгч Кирсан Илюмжинов, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, УИХ-ын гишүүн, Монголын шатрын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Я.Санжмятав нарын хүмүүс оролцсон юм.
 
Тэмцээн 21 морин хуурчийн аялгуугаар нээлтээ хийсэн бөгөөд Монголын шатрын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Я.Санжмятав “Өсвөрийн шатарчдын олимпиадын баг тамирчдад Монгол Улсын Ерөнхийлөгч болон УИХ-ын нэрийн өмнөөс тэмцээндээ амжилттай оролцох”-ыг хүслээ.
 
Энэхүү өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиад нв Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний дараа орох Дэлхийн шатрын холбоонд харъяалагддаг томоохон тэмцээн аж. Олимпиадын гол онцлог бол 16-аас доош насны өсвөрийн шатарчид дөрөв, дөрвүүлээ болж багаар өрсөлддөг аж.
 
“Өсвөрийн шатарчдын олимпиад-2015”-д Монгол Улсаас нийт 10 бага буюу, 50 хүүхэд өрсөлдөж байгаа юм байна. Мөн Хятад, Унгар, Энэтхэг, Орос, Өмнөд Солонгос, Америк, Канад гээд дэлхийн 23 орноос ирсэн шилдгүүд өрсөлдөж байгаа учраас тэмцээн өрсөлдөөнтэй болж байгааг зохион байгуулах хорооныхон хэлж байлаа.
 
Тэмцээний нээлтийн үеэр Олон улсын шатрын холбооны ерөнхийлөгч Кирсан Илюмжинов үг хэлэхдээ “Монголд энэхүү тэмцээнийг зохион байгуулах эрхийг олгосондоо баяртай байна. Монгол Улсын шатрын холбоо маш сайн ажиллаж, танай улсад шатрын спорт маш эрчимтэй хөгжиж байгааг өөрийн нүдээр харсан.
 
Өсвөрийн олимпиад бол дэлхийн шилдгүүд ирж аваргын төлөө өрсөлддөгөөрө өонцлогтой. Улаанбаатар хотын мэрийн тусламжтайгаар Монголын шатрын холбоо болон дэлхийн шатрын холбооны хамтын ажиллагаагаар Монголд шартын ордон барина.
 
Үүнийгээ цаашдаа Азийн бүсийн болон Дэлхийн шатрын холбооны тэмцээн зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллана. Ингээд баг тамирчдадаа тэмцээнд нь өндөр амжилт хүсье. Тамирчдыг хүлээж авах бэлтгэлээ Монголын шатрын холбоо, тэмцээнийг Зохион байгуулах хороо маш сайн базаасан байна” гэв.
 
УИХ-ын гишүүн, Монголын шатрын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Я.Санжмятав “Монголын Засгийн газар болон Дэлхийн шатрын холбооны дэмжлэгтэйгээр энэхүү тэмцээнийг зохион байгуулж байна. Эх орондоо энэхүү тэмцээнийг зохион байгуулах болсон нь маш олон давуу талтай.
 
Манайх хөрөнгө мөнгөний асуудлаас болж гаднын тэмцээнд нэг л баг оролцох бололцоотой байдаг бол дэлхийн хэмжээний тэмцээнийг Монголдоо зохион байгуулснаар нийт 10 баг буюу 50 хүүхдийг оролцуулж байна. Эдгээр хүүхдүүд энэ тэмцээнд оролцсоноор оноогоо нэмэгдүүлэх, төвшнөө дээшлүүлж туршлага солилцох бүрэн боломжтой болж байна.
 
Энэ тэмцээнийг ерөнхий зохион байгуулагч хорооны даргаа ажиллаж байгаа хүний хувьд маргаангүй, шударга, дүрмийнхээ дагуу явуулна. Мөн энэхүү тэмцээнийг амжилттай сайхан зохион байгуулснаар эргээд манай баг тамирчдад ч эергээр нөлөөлнө. Ингээд тамирчдадаа амжилт хүсье” гэв.
 
“Mongolia Open”-д дэлхийн шилдэг их мастерууд оролцоно
 
Энэ сарын 19-29-ны хооронд Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиадаас гадна УИХ-ын гишүүн Я.Санжмятавын нэрэмжит “Mongolia Open” тэмцээн болох юм байна. Энэхүү тэмцээн нь нас харгалзахгүй бөгөөд дэлхийн шилдэг их мастерууд оролцохоор ирсэн гэнэ. “Mongolia Open” нь жилд нэг удаа болдог томоохон тэмцээн бөгөөд түрүүлсэн тамирчин зургаан сая төгрөгийн шагналтай юм.
 
“Mongolia Open”-д дэлхийн 20 гаруй орноос 120 гаруй тамирчин оролцож, оюун ухаанаа сорих аж. Үүнээс 10 гаруй нь дэлхийн шилдэг их мастерууд бөгөөд 2100-2600 оноотой супер мастерууд хоорондоо өрсөлдөх бөгөөд манай улсын найман их мастерын зургаан нь оролцох юм байна. 
 
Эх сурвалж: