sonin.mn
Дэлхийн ур чадварын 43 дахь удаагийн тэмцээн энэ сарын 11-16-нд Бразилийн Сан Пауло хотод  болж 59 орны 1190 залуу, 1200 гаруй эксперт багш өрсөлдлөө. Манай улс  анх удаа гагнуур, токарь, мужаан, цахилгаан, өрөг угсралт, хавтанцар наах төрлөөр өрсөлдөв. Монголын багаас мужааны төрөлд Д.Нармандах хамгийн өндөр оноо авч “Үндэсний ялагч” шагнал хүртжээ.
 
Түүнчлэн токарийн мэргэжлээр өрсөлдсөн Х.Лхагва, тогоочийн төрөлд өрсөлдсөн Б.Мөнх-Эрдэнэ, гагнуурын төрлөөр Л.Ганцоож, үсчин Б. Ундармаа, гоо заслын Б.Номингоо, цахилгааны П.Галбадрах, өрлөг угсрагчийн Ж.Энхчимэг, хавтанцар наах мэргэжлээр ур чадвараа сорьсон Б.Мөнгөншагай нар төрөлдөө өндөр оноо авч олон улсын анхааралд  орсныг  багш нар нь онцоллоо.
 
Мөн Токарийн мэргэжлээр өрсөлдсөн 40 орны оролцогчдыг   хоёр багт хуваан хамгийн хурдан хугацаанд робот хийх тэмцээнд Х.Лхагвын баг түрүүлж, алтан медаль хүртсэн байна.
 
 Дэлхийн ур чадварын дараагийн тэмцээн 2017 онд Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотод болно. Харин 2019 оны тэмцээнийг зохион байгуулах эрхийг ОХУ-ын Казань авчээ. Тус  тэмцээнд амжилттай оролцсон Монголын багийнхан эх орондоо  өчигдөр иржээ.
 
 Б.Заяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг