sonin.mn
БНСУ-ын Инчеон хотын Бүжгийн спортын холбооны урилгаар нийслэлийн Баянгол дүүргийн “UB Dance School’ бүжгийн сургуулийнхан олон улсын нээлттэй тэмцээнд оролцоод иржээ. БНСУ, Монголын улсын нөхөрсөг тэмцээнд оролцсон бүжигчид өчигдөр эх орондоо ирсэн байна. 
 
Тус тэмцээнд урилгаар нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Б.Батцэнгэл, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Баянгол дүүргийн төлөөлөгч Ц.Алтанцэцэг, Монголын бүжгийн спортын холбооны хүндэт ерөнхийлөгч гавьяат багш Ч.Жаргалсайхан, дэд ерөнхийлөгч А.Мөнгөнхуяг нар оролцов.
 
Тэмцээн хоёр өдөр үргэлжилсэн бөгөөд 500 гаруй тамирчин өрсөлдсөнөөс “UB Dance School" бүжгийн сургуулийн бүжигчин Э.Тэмүүлэн, А.Азжаргал нар өсвөр насны латин-америк бүжгийн таван төрөлд алт, гурван төрөлд хүрэл медаль хүртсэн байна.
 
Мөн хүүхэд-2 насны ангилалд Э.Энх-Өлзий, Б.Бямбасүрэн нар алт, хүүхэд-1 насны ангилалд Г.Тэмүүлэн, Б.Хонгорзул алт, бүжгийн спортын хамтлаг бүжгийн төрлөөр Э.Энх-Өлзий ахлагчтай “Сийлэн” хамтлаг мөнгө, ардын бүжгийн хамтлаг төрлөөр О.Хэрлэн ахлагчтай “Хүннү” хамтлаг “Цаатан” бүжгээр хүрэл тус тус медаль хүртжээ.
 
Б.Номуун
Эх сурвалж: "Монголын үнэн"