sonin.mn
МОСКВА. /RIA Novosti/. 9000 орчим хүн амиа алдсан хөнөөлт газар хөдлөлтийн дараа Балбын эрх баригчид жуулчид болон уулчдад Эверестэд дахин авирахыг зөвшөөрсөн тухай Ассошиэйтед Пресс агентлаг мэдээллээ.
 
Газар хөдлөлтийн дараа Эверестэд авирах анхны хүн нь Японы ууланд авирагч Нобуказу Курики болох ажээ. Балбын Аялал жуулчлалын сайд Крипасур Шерпа түүнд авирах зөвшөөрлийг биечлэн өгсөн байна.
 
“Миний гол зорилго бол газар хөдлөлтийн дараа ч гэсэн уулчид, аялагчдын хувьд Балба аюулгүй гэдгийг харуулах юм” гэж Эверестийн оргилд тав дахь удаагаа авирах гэж буй Курики ярьжээ.
 
Балбад 7.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт дөрөвдүгээр сарын 25-нд болсон билээ. Газар хөдлөлтийн голомт нь Катманду хотоос баруун хойш 82 км зайтай газар 15 метрийн гүнд байсан байна. Хоёр долоо хоног орчмын дараа Балбад дахин 7.3 магнитудын хүчтэй газар хөдөлсөн юм.
 
Хамгийн сүүлийн мэдээллээр, газар хөдлөлтийн улмаас 9000 орчим хүн амиа алдаж 22 мянга гаруй хүн гэмтэж бэртжээ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг