sonin.mn
Домогт аварга Д.Хадбаатар долоон хүүхэдтэй юм билээ. Тэдний нэг нь П.Даваажав. Ааваараа овоглож амьдраагүй ч үйлсийг нь мөнхжүүлэх санаачилга гарган зорьж яваа нэгэн. Тэрбээр 2008 онд “Аварга Хадбаатар” сангаа байгуулж, эх орныхоо 21 аймгаар аялан “Аваргын гараа” өсвөрийн бөхийн барилдаан зохион байгуулах болжээ. Ирэх жил энэ “Аваргын гараа” Улсын аварга шалгаруулах тэмцээн болон өргөжинө. 
Циркийн жүжигчин, аймгийн арслан, энхийг сахиулагч гээд олон тодорхойлолт энэ залууг дагалдана. Олон ажил амжуулж, залуусын түүчээ болон яваа түүнтэй ярилцсанаа хүргэе.
 
-Аавтайгаа хамт байсан дурсамж үгүй ч үргэлж энэ хүнтэй холбогдон яригдаж, заримдаа харьцуулагдаж байх амаргүй байдаг уу?
 
 
-Нэр хүндтэй, олны нүдэн дээр явсан хүнийг үр удам болохоор амаргүй л дээ. Алдартай уртын дуучны хүүхдийг ч бас сайхан дуулах байх гэж горилон хардагтай ижил бөх хүний хүүхэд болохоор сайн барилдана байх гэж хүлээдэг. 
Тийм ч хөнгөн ачаа биш хэдий ч хүндэтгэлтэй сайхан санагддаг юм. Хаана ч очсон хүн танина. 
Тэр агуу хүний бяр тэнхээ надад заяагаагүй. Харин агуу их сэтгэл нь үлдсэн юм уу даа. Сая хүний дунд ганц л удаа төрөх их бяр миний аавынх. 200-ын поошиктой саляркийг хоёр гарынхаа эрхий, долоовор хуруугаар чимхээд машинаас буулгадаг байсан гээд л бод л доо. Гэхдээ би циркт байхдаа, манежиндаа, бэлтгэлийнхээ үеэр өдөр бүр 450 кг хүнд ачааг нуруун дээрээ цохилттойгоор авч байсан. Би суурь хүн болдог байсан учраас тэр шүү дээ. 
 
- Өмнө нь Д.Хадбаатар гуайн тухай дурсамж уншиж байхдаа олон эхнэртэй байсныг нь мэдсэн л дээ. Хүүхдүүд нь бүгд нэг дороо өсөөгүй учраас холбоо харилцаагүй ч байж болох юм. 
 
 
-Энэ сайхан хүний удмыг залгасан долоон хүүхэд бий. Бүгдээрээ л өөр өөрсдийн ажлаа хийгээд өөдрөг сайхан явж байна. Тулгаа дүү маань сур харваж байна. Аймгийн заан Мягмарсүрэн дүү маань сайхан барилдаж яваа. Уранзаяа ч гэсэн ажлаа хийж, сайхан амьдарч байна. 
 
-Уучлаарай, гэхдээ та нар ааваараа овоглодоггүй юм аа даа. 
 
-Намайг хүмүүс гайхдаг байх. Пүрэвдоржийн Даваажав гэдэг хүн өөрийгөө Хадбаатар аваргын хүү гээд сан байгуулаад л явж байна. Миний аав Пүрэвдорж хоёрын хоёр хүүхэдтэй эмэгтэйтэй ханилж, биднийг өдий зэрэгтэй өсгөсөн агуу сэтгэлтэй буянтан. Энэ хүнээр овоглох ч багадна. Тэр сайхан сэтгэлийг нь зүйрлэх зүйл ховор юм даа. 
 
-Аваргын тухай уран сайхны кино хийх гэж байгаа гэж байсан. Тэр хүний дүрд хэн тоглох бол гэдэг нь их сонирхолтой байна шүү. 
 
 
-Зохиол бэлэн болсон. Дөрвөн улирлын турш зураг авах ёстой учраас энэ өвөл ажлаа эхлэх болов уу. Найруулагч л хэнийг тоглуулахаа шийдэх байх даа. 
 
-Өнгөрсөн зун Хүй долоон худагт хүүхдийн овоо босгож, наадам хийсэн. Аавынхаа нэрэмжит овоог босгов уу гэтэл 2008 оноос хойш хийж байгаа хүүхдийн барилдааныхаа хүрээнд ийм ажил хийсэн юм билээ.
 
-Хүүхдийн өрсөлдөөн цэвэр, ариун байдаг. Үндэсний бөхийн өсвөрийн барилдааныг гурван насны ангиллаар өдий хүртэл зохион байгуулж, сүүлийн үед шагай, сурын харвааны тэмцээн хийх боллоо. Ирэх жил “Аваргын гараа” тэмцээн маань Улсын аварга шалгаруулах тэмцээн болж өргөжнө. 1985 оноос хойш тасарсан байсан тэмцээнийг эргэн сэргээн, гардан хийж байгаа учраас би энэ ажлаа тасалдуулахгүй үргэлжүүлэхийг хүсдэг. Тиймээс Хүй долоон худагт өсвөрийн овоо босгосон. Архи өргөдөггүй, сүүгээр мялаадаг, унаач хүүхэд, бөх хүүхдүүд очдог ариун бөгөөд хүндэтгэлтэй овоог босгосон юм. 
 
 
-П.Даваажав их олон янзын ажил хийх юм. Циркийн жүжигчин байсан. Бас аймгийн арслан цолтой бөх, БХИС-ийн төгсөгч гээд тал бүрийн авьяастай хүн шиг ээ. Энэ бүхнийг яаж амжуулаад байдаг юм бэ?
 
-Дэлхий хурдан эргээд байна шүү дээ. Саяхан л хүүхэд байсан бол одоо олон л юм хийх гээд зорьж явна. Орос сургууль төгссөн болохоор суурь нь их сайн тавигджээ гэж боддог юм. Сургууль төгсчихөөд хүсэл сонирхлоо циркт ажилд орсон. Анх циркийн гадуур алхаж яваад тэмээнүүдийг олж харсан. Акробатын жүжигчид тэмээн дээр үсэрч, эргэж бууж байхыг хараад сэтгэл татагдаж, дараа нь авьяаслаг олон алиалагч нарын тоглолтыг үзэхээр өдөр бүр цирк дээр очдог болсон. Аав, ээждээ хэлж, циркчин болохоор очтол шууд жүжигчин болгоод авна гэж байхгүй л дээ. Тэгээд юниформ буюу туслахаас эхлэн ажилласан. Манеж цэвэрлэж, хажуугаар нь хүн болгоны хийж байгааг сурах гэж хичээсээр аль нэгэн группт хүн дутахад орлон тоглож чадахаар болсон. Циркээс би амьдралд хөл тавихад дэм болох олон зүйл сурч мэдсэн. Би суурь хүн л дээ. Шидэх банзнаас үсрэгчид, шидэлттэй акробат, хүч тамирын үзүүлбэр тоглож байсан. 
 
Циркийн жүжигчин болсон ч гэсэн дээд сургуульд сурах хэрэгтэй шүү дээ. Тэгээд би МУБИС-ийн Биеийн тамирын дээд сургуульд орж, сурч байхдаа аймгийн арслан, Кураш бөхийн дэлхийн аварга болсон. 2004 онд Батлах хамгаалах их сургуульд орж Ерөнхий цэргийн командын офицер болсон. Миний аав Пүрэвдорж хурандаа бол Зэвсэгт хүчинд аваргын дайтай нэр хүндтэй, алдар гавьяатай хүн. 2006 онд олон улсын энхийг сахиулах бие бүрэлдэхүүний хоёрдугаар ээлжээр Сьерра Леонд алба хаасан. Өмнө нь циркийн жүжигчин байхдаа Швейцарьт аялан тоглож, тэндээ англи, герман хэлээр ярьж сурсан учраас давуу тал болсон л доо. Тэр үед их хөгтэй, 40 градусын халуунд өвлийн өвгөн болж, хамт олноо баярлуулж байлаа шүү дээ.
 
-ТББ тэргүүлэн ажиллахдаа тэмцээн, уралдаан зохион байгуулах санхүүжилтээ хэрхэн олдог вэ. Магадгүй аавынхаа нэрийг хэлээд очиход дэмжих хүн олон байдаг уу?
 
-Бүх зүйл мөнгөн дээр тогтдог гэдэг бол эндүүрэл. Хүмүүс I Phone6 авахыг хүссэн л бол яаж, ийгээд авч байгаа биз. Түүнтэй л ижил. Хүсэх л юм бол хийж чадна. Өөрөө нэг ажил хийнэ гэчихээд медалийн мөнгөө аль нэгэн байгууллагаас авч байна гэдэг бол бэлэнчилж байгаа л хэрэг. Ажил хийсэн нэр зүүсэн төдий. Манай сан бол хийж байгаа ажлаа яг л мандатных нь мөнгөөр хийдэг. 1000 төгрөгтэй бол тэр бүхнээ 1000 чигээр нь тэмцээндээ зориулж, хүүхдүүддээ өгдөг. Түүнээс биш юм хийх нэрээр хэн нэгнээс 10 сая төгрөг авч, таван саяыг нь халааслаад таваар нь нэр төдий зүйл хийдэггүй. 
 
Өмнө би байгууллагуудаас хандивын мөнгө аваад мод тарьж үзэж байсан. Гэтэл тэр мод ургаагүй. Харин тухайн байгууллагынхнаа дуудаад хамтдаа сэтгэл зориулан тарьсан мод ургаж байсан. Тэгэхээр мөнгийг нь түрүүлж харж болохгүй ээ. Залуус ажил хийдээ аль нэг албан тушаалтан дагаж, мөнгө, эрх мэдэл харж ажиллах хэрэггүй шүү дээ. Эцэстээ бид ард түмнийхээ нэг хэсэг. 
 
-Тэгвэл олон нийтийн ажил хийж байхад шүүмжлүүлэх тохиолдол олонтаа гарах байх. Тэр болгоныг хэрхэн хүлээн авдаг вэ?
 
-Юм хийж байхад шүүмжлээд байгаа нь завтай бөгөөд залхуу хүний л ажил. Намайг дэмждэг хүн нь олон болохоор тийм зүйлд ач холбогдол өгдөггүй ээ. Хуучирсан муу гэрийнх нь дэргэд шинэ гэр бариад буухаар тэгж атаархдаг байж мэдэх. Гэхдээ тэр хүнд гэрээ шинэ юм шиг сайхан авч явах боломж бий шүү дээ. 
Атаархал ч бас нэгэн шалгуур юм уу даа. Гэхдээ ард нь гарах сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй. 
 
-Нөхөрлөл гэж юу вэ. Өнөө цагт сайн нөхөртэй байх хэцүү юү?
-Нийгэм сонин болжээ. Найз нөхөд гэдэг түр зуурынх мэт ойлголт ч төрдөг болж. Мөнгөтэй үед дагаж дэрвэсэн, баг зүүсэн найзууд байдаг. Хар багаасаа үерхэж нөхөрлөсөн амьсгалаа хүртэл мэддэг найзууд ч хувирах нь бий. Гэхдээ чин сэтгэлээсээ ханддаг, үргэлж үнэнч нөхөр байлгүй яах вэ. Би зовлон, жаргал нэгтэй олон найзтай. 
 
-Ганцаардлыг ямар үед хамгийн их мэдэрдэг вэ?
 
 
-Компьютер дангаараа бол ганцаардана. Харин интернет залгавал ядаж л вирустээд ч юм уу ганцаардахаа болих байх. Энэ бол наргиа. Цөлд байгаа ганц модноос олуулаа нэг дор ургаж бие биедээ элч, энергиэ өгсөн төгөл сайхан харагддаг. Би ганцаардах дургүй. Хийх ажилгүй, зорилгогүй болсон хүн л хамгийн их ганцаарддаг байх. Тиймээс би зүгээр суулгүй, ажиллах, юм хийх дуртай. 
 
Зүгээр суух дургүй энэ залуу одоо барилдахаа больсон ч гэсэн бөхийн удамтай гэр бүлийнхээ үйл хэргийг үргэлжлүүлэн ирээдүйн алдартай бөхчүүдийг хурцлан явна. “Аваргын гараа” тэмцээний дэвжээнд барилдаж явсан Э.Оюунболд энэ жилийн наадмаар арслан болсон. Тэгэхээр түүний ажил, үйлсийн үр шим түгэж яваа нь тэр. Сайн сайхныг бүтээж, залуусаа уриалан эерэг ирээдүйн төлөө тэмүүлж яваа болохоор хойшдоо ч ихийг бүтээх биз ээ. 
 
Эх сурвалж: