sonin.mn
“Утасны анд” АНУ-ын Лас Вегаст болсон чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн Э.Бэхбаяртай холбогдлоо.
 
-Сайн байна уу. “Утасны анд” байна.ДАШТ-ээс хүрэл медальтай ирсэнд баяр хүргэе?
 
-Баярлалаа. Манай багш дэлхийн мөнгө, хүрэл медальтай, дэлхийн цомын аварга, гавьяат тамирчин А.Энхээ. Багшийнхаа техникээс суралцаж өдий зэрэгтэй амжилт гаргасандаа баярлаж байна. Риогийн олимпод манай чөлөөт бөхийн дөрвөн эрэгтэй, хоёр эмэгтэй тамирчин эрх авсан байгаа. Бүгд амжилтгай сайн оролцоно гэдэгт итгэлтэй байна.
 
-Та энэ спортоор хэдэн жил хичээллэж байна вэ. Саяын тэмцээнд аль орны тамирчин илүү хүчтэй байв?
 
-Миний хувьд 2004 оноос хойш 11 жил энэ спортоор хичээллэж байна. Өрсөлдөгч бүгд хүчтэй байдаг. Үүнээс Япон, Гүржийн бөх их хүчтэй байлаа. Өнгөрсөн жил зоны аваргын төлөө Гүржийн бөхтэй барилдаж хожигдож байсан. Энэ жил энэ алдаагаа давтсандаа харамсаж байна. Цаашид энэ алдаагаа давтахгүйг хичээнэ.
 
-Медалийн тавцанд гарахад тухайн үед юу бодогдож байсан бэ?
 
-Их сайхан байсан. Медалийн төлөө гарч барилдахын өмнөх агшин хамгийн гоё байдаг. Харанхуй булангаас зарлуулаад гарч ирэх нь өөртөө их кайф авдаг. 2015 он миний хувьд өгөөжтэй жил байлаа. Орсон тэмцээн болгондоо финалдсан.
 
-Медалийнхаа өнгийг ахиулах боломж байсан болов уу?
 
-Надад 100 хувийн боломж байсан ч жаахан яарч алдаа гаргасан. Гаргасан алдаан дээрээ сайн ажиллана
 
Р.Оюун
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин