sonin.mn

Энэ сарын 28-29-нд Азербайжаны нийслэл Баку хотын “Baku sport hall” спортын ордонд болох Г.Алиевийн дурсгалд зориулсан Голден Гран при олон улсын уламжлалт тэмцээний чөлөөт бөхийн төрөлд оролцох манай баг тамирчдын нэрс тодорлоо.

Энэхүү ес дэх удаагийн олон улсын тэмцээнд манай улсаас эрэгтэй чөлөөт бөхийн төрөлд 6, эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд 4 нийт 10 бөх уригдсанаас эрэгтэй 2, эмэгтэй 4 бөх оролцохоор болжээ. Тухайлбал, эрэгтэй 57 кг-д ОУХМ Э.Бэхбаяр, 65 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран, эмэгтэй 58 кг-д гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, 63 кг-д гавьяат тамирчин С.Батцэцэг, 69 кг-д ОУХМ Э.Цэвэгмид, 75 кг-д ОУХМ Б.Одончимэг нар барилдана.

Эрэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар, гавьяат тамирчин Ц.Цогтбаяр, эмэгтэй үндэсний шигшээ багийг гавьяат дасгалжуулагч З.Дүвчин, шүүгчээр МЧБХ-ны Шүүгчдийн зөвлөлийн дарга, олон улсын шүүгч Ц.Сэрээтэр оролцоно.

Тус тэмцээнд 44 орон оролцох бөгөөд жин тус бүрт 20 гаруй бөхчүүд өрсөлдөнө. Жин тус бүрт түрүүлсэн бөхөд 10 мянга, үүнээс 2 мянгыг нь дасгалжуулагчид нь, мөнгөн медаль хүртсэн бөхөд 5 мянга, хүрэл медаль хүртсэн бөхөд 2 мянган ам.долларын урамшуулал олгох юм. Өмнөх жилийн тэмцээнүүдэд жин тус бүр түрүүлсэн бөх бүрийг алтан бөгж болон алтан цагаар шагнаж байжээ.

Энэ тэмцээнээс өнгөрсөн жил П.Орхон, Б.Одончимэг нар мөнгө, Э.Нарангэрэл, Д.Хүдэрбулга нар хүрэл медаль хүртэж байсан юм.

Д.Өлзий

Эх сурвалж: Монцамэагентлаг