sonin.mn
Тухайн үедээ “Буур” гэхээсээ “Маршалын бөх” хэмээх тодотголтой байсан ардын засгийн үеийн Үндэсний бөхийн анхны аварга Жамъян гуайтай миний бие 1961 оны хатуухан өвөл танилцаж, гуравхан сар ч гэсэн нөмөр нөөлгөнд нь даарах, өлсөхийн зовлонгүй өвөлжиж явсан сайхан дурсамж маань санаанаас гардаггүй юм.
 
Дурсамжаа нэлээд алсаас эхлүүлэхэд, манай улсын анхны тусгай мэргэжлийн дунд сургуулиудын нэг ХАА-н техникум 1956 оны зун, намар Улаанбаатараас Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд шилжин байрлаж нэг хичээлийн жил дуусгаад дараах жилд нь Чойбалсан хотод бүр мөсөн суурьшсан юм.
 
Мянга гаруй оюутантай, 300 шахам орос, монгол багш, ажилчидтай, 8-22 төрөл мэргэжлийн анги, бүлэгтэй, дөрвөн жилээр сургадаг энэ томоохон сургуулийг миний бие техник-механикийн мэргэжлээр дүүргээд Архангай аймгийн Ихтамир сумын МААМС /Мал аж ахуйн машинт станц/-д томилогдон ажилласан залуу халуун насны минь алтан үе л дээ.
 
Алтайн хязгаарт малчны гэрт төрж, малын захад өссөн би хангай нутгийн бяцхан сууринд машин-техникийн мэргэжилтнээр алба хаших болж, эдүгээгийн даян аварга Г.Өсөхбаярын эцэг Ц.Гэлэгжамцын хадам аав Жамъян аваргатай танилцсан билээ. Аваргын ганц охин Ж.Насантогтохоос хүүхэд төрөөгүй байсан цаг.
 
Өөрөөр хэлбэл, Г.Өсөхбаярын эцэг, эх залуу гэр бүл байв. Ц.Гэлэгжамц нуруулаг, ханхар цээжтэй, найрсаг, их  хөдөлмөрч нямбай эр байлаа. Ж.Насантогтох ч нөхрөөсөө дутахааргүй өндөр нуруутай булцгар цагаан царайтай царайлаг, сайхан эгч байв.
 
Ц.Гэлэгжамцын аав Цэвээн гэж ширвээ хар сахалтай өвгөн станцын хөрөө рамчин, бас нэг хүү Ц.Шаравжамц нь токарьчноор ажиллана. Тэр жил /1961 он/ ХААДС-ийг дүүргэж ирсэн В.Якимов гэдэг орос залуу бид хоёрт станцаас нэг загварын хятад маягийн модон байшинд гурав, гурван өрөө өгч, бүрэн хэрэглэлтэй ор дэвсгэр, гал тогооны хэрэгсэлтэйгээр хүлээлгэж өгсөн юм. Удалгүй өвөл болж, В.Якимов бид хоёр байрандаа дажгүй тохижиж амжлаа.
 
Гэвч идэр ес ч эхпээгүй байхад түлээ түлшгүй болж, идэж уух зүйл маань ажлаас ирэхэд хөлдчихсөн, ёстой чөтгөр ч тогтох аргагүй болж, би Жамъян аваргынд, В.Якимов станцын мэргэжилтэн, инженер М.С.Шариковынд өвөлжсөн юм. Энэ нь бид хоёрын овсгоо биш, станцын дарга болон ня-бо Ц.Гэлэгжамцын халамж байлаа. Трактор, комбайны жолооч нар , тэднийд, эднийд “Хүргэн ор”гэж охидуудыг нь зааж, бас магтаж наргиан болгодог, тэр бүрд нь нүүр улайж, ичимхийрдэг байсан бид хоёрт удирдлагын дээрх шийдвэр үнэхээр ачлалтай үйлс болсон юм.
 
Жамъян өвөө маань хөгшинтэйгээ хоёулхнаа амьдардаг байсан болохоор намайг өөрийнхөө хүүхэд шиг л халамжилдаг байлаа. Тэднийх таван ханатай гэрт, хоймортоо хоёр том арслантай авдар дээр бөхчүүдийн голдуу зураг, хөрөг дүүргэсэн жаазнууд, хүрэн зандангаар уран гоё сийлсэн хос морь зэргийг зохилдуулан байрлуулсан байдаг сан.
 
Энэхүү сийлмэл морьдыг 1927 онд улсын аварга цол хүртэх үед нь маршал Х.Чойбалсан дурсгал болгож өгсөн юм гэж ярьдаг байлаа. Жамъян өвөө нэг өглөө маршалын зураг өөд бишрэнгүй ширтэж байснаа “Би урьд шөнө Х.Чойбалсанг хүрэн халзан томсктой ирж байна гэж зүүдэллээ: Хөгшөөн, ёс байна нэг зул барьчих" гэж билээ. Ер нь тэрээр, маршал Х.Чойбалсанг дурсан ярих дуртай хүн байсан даа. Жамъян аваргад маш том хөлөгтэй, жинхэнэ монгол сийлбэр шатар байдаг, түүгээрээ хэн нэгэнтэй тоглож, дийлэнхдээ хожиж, мадалж байх дуртай. Би хичнээн мэрийсэн ч өвөөг хождоггүй байв. Намайг хожих болгондоо “Сурнаа сурна” гэж урамшуулах атлаа ахин, дахин шатраа өрж шаг, дуг, мадаа үргэлжлүүлж, түүндээ ихээхэн баясаж суудаг сан.
 
Жамъян өвөө дандаа хождог хэрнээ хааяа нэг бэрс, тэрэг зэрэг бодноос нь “сул идчихвэл” гайхан харж, гоморхох шинж ажиглагдана. “Та нэг хар даа” гээд буцаагаад өгчихвөл хүүхэд шиг инээд алдан баярлана. Нэг удаа би өвөөг гомдоочихсон юм. Бөхийн тухай тэгтлээ ярилцаж байгаагүй мөртлөө “Өвөө та тэмээг яаж өргөсөн юм бэ” сээд асуучихлаа. “Бяр, эв хоёр л байхгүй юу’' гэчихээд, цааш нэг их дуугарсангүй.
 
“Та энэ жилийн улсын баяраар тэмээ өргөөд үзүүлчихгүй юу” гээд санаандгүй хэлсэн чинь “Чи надаар тохуурхаж байна уу? Одоо чинь тэмээ өргөдөг нас биш. Тэгээд ч би хүмүүсийг зугаацуулах гэж тийм юм хийгээгүй" гээд таг дуугүй болчихсон. Би энэ тухай дахин асууж зүрхлээгүй. Ер нь Жамъян өвөө баярлаж, гоморхох нь амархан нь илт хүн байсан. Нэг удаа эмээ миний аяганд хоол хийж өгөхийн өмнө өвөөгийн аягатай хоолыг ширээн дээр нь чимээгүйхэн тавьчихжээ.
 
Тэгтэл “Манай энэ ч залуудаа цэргийн дарга дагаад хязгаар луу явчихаж байсан юм. Тэр үед л аяга цай хоолыг минь гарт бариулж өгөхгүй духдуулж орхисоор нэг мэдэхэд явчихсан. Хүний толгой эргэнээ гэж тэр. Би хойноос нь очиж аваагүй бол ч хэцүүдэх л байлаа" гээд нүдээ арчихад нь гомдохдоо нулимс унагачихав уу даа гэж би бодсон.
 
Өвөө, эмээ хоёр маань намайг өөрийн үр хүүхдийг эрхлүүлж байгаа юм шиг цээж нүцгэлчихээд ууц нурууг минь илж “яасан хөөрхөн биетэй юм бэ, аав чинь барилддаг уу, ийм өсгөлүүн биетэй мөртөө даанч давжаа юм даа хөөрхий ...” гэх мэтчилэн ярьж, бөхчүүдийн тухай дурсамжаар оройн цагийг өнгөрөөдөг байлаа. Жаазны ар өврөөс бөхчүүдийн зураг гаргаж сонирхуулна.
 
Тэдний дунд “Их монгол Шаравжамц” гэдэг ханхар бөхийн зогсож байгаа сайхан зураг байсан нь санаанд тод үлджээ. Бас нэг орой Жамъян өвөөгийн гутлыг өмсөж ганц, хоёр алхаж үзээд гэр дүүрэн инээдэм болгож билээ. Би 160 см өндөртэй болохоор өвөөгийн монгол гутлын түрий нимгэн цавинд тулаад сугарч байлаа. Яг л гуталт муурын үлгэр шиг, арай гэж алхаж байгаа юм чинь инээдэмтэй ч байлгүй яахав.
 
Ц.Гэлэгжамцын дүү Ц.Шаравжамц бид хоёр дотносож, хамт цэрэгт явахаар хатуу шийдэж, улмаар цэрэг татлагын комиссоор орж тэнцсэн юм. Урьд жилүүдийн цэрэг татлагаар “ХАА-н ховор мэргэжилтэн” гэдэг шалтгаар чөлөөлөгдчихдөг байлаа. Тийм учраас Архангай аймгийн Намын хорооны дарга Отгонбаяр гэдэг хүнийг цэрэг татлагын комиссын байрт ирэхэд нь цэрэгт явмаар байна гэдгээ дуулгахад “Өчигдөр комиссын хурлаар чөлөөлчихсөн. Чамайг тун хэрэгтэй хүн гэсэн” гээд хөдөлж өгөх шинж алга.
 
Тэгэхээр нь цэрэг татлагын комиссын дарга, дэд хурандаа “цоохор” Бямба гэдэг хүнд хандсан чинь “За хүү минь би чамайг дэмжие, чи дарга нартаа сайн ойлгуул” гэв. Ингээд ХАА-н удирдах газрын дарга Санжаа гуай руу Отгонбаяр дарга утасдаж, багагүй яриа болсны эцэст би цэрэгт явахаар болж Их Тамирын цэргүүд суусан машин дээр баярлан очиж суутал нэг хүн илүүдсэн тул үдэгсдийн шаардлагаар Ц.Гэлэгжамц миний оронд дүүгээ чөлөөлүүлчихэв.
 
Тэгээд Ц.Шаравжамц маань нүдэндээ доголон нулимстай нэлээд, гонсгордуухан машинаас бууж байж билээ. Жамъян өвөө маань 1965 онд ЦЕС дээр надтай уулзах гэж нэг удаа, хожим нь Эрдэнэтэд хоёр дахь удаагаа ирсэн юм даг. Намайг цэрэгт мордоход 25 төгрөг өгч үнсээд үлдсэн Жамъян өвөөтэйгээ 1963 онд уулзах гэж зорьж очоод бас бүтээгүй, зөрчихсөн юм.
 
Тийм сайхан сэтгэлтэй, алдар цуутай бөх Жамъян өвөөтэйгээ ийнхүү уулзах хувь дутаж, зам зөрсөөр байгаад уулзаж чадаагүйдээ харуусч явдаг юм. Харин Ц.Гэлэгжамц, Ц.Шаравжамц, Ж.Насантогтох нарын зурагтай ярилцлагыг олж уншлаа. Цуглуулгадаа ч авлаа. 1994- 1996 онд Их Тамир сумаар дайран /нутагтаа очихоор/ өнгөрөхөд таньдаг, мэддэг хүмүүс бараг таарсангүй.
 
Харин амьдарч байсан нэг загварын модон байшингууд маань хуучирсан ч гэсэн хэвээр байсан нь сэтгэлд нэн таатай байв. Эгнээ, эгнээгээрээ жирийж, Жамъян өвөө, Гэлэгжамц ахын гэр байсан хашаа ч урьдын адил харагдаж байв. Тавиад жилийн тэртээх цоохор дурсамжаа сэргээхэд Жамъян өвөөгийн маань гэгээн дүр тодоос тод санагдах нь юутай бахархалтай билээ.
 
Ахмад сэтгүүлч Я.Баасай
Эх сурвалж: "Соёмбо" сонин