sonin.mn
Манайхан аливаад шударга байж чаддаг бил үү. Хамгаас үнэ хүндтэй, шимтэн үздэг үндэсний бөхийн барилдаан ямаршуухан болдгийг эргээд бод л доо.
 
Начин, заан цолд хүрэхийн тулд яаж найрч, хэчнээн төгрөг өгч авдаг тухай яриа ам дамжин түгдэг. Энэ мэтийн шударга бус үйлд монголчууд ижил дасал болж, сонгуульд өгсөн санал тоолохоос өгсүүлээд улс төрд ч шударга бус үйл явдал өрнөн үргэлжилсээр байх юм. Бид аливаад шударга үнэнчээр хандаж хэрэгжүүлж, хэвшүүлэхийн үлгэрийг япончуудаас л сурмаар санагдах боллоо. Та бид саяхан болж өндөрлөсөн мэргэжпийн сүмогийн хацу башёгийн тэмцээнийг 15 өдрийн турш үзэж сонирхсон.
 
Тэмцээний 13 дахь өдрийн өмнөх байдлаар нэг ч унаагүй явсан Котошоёгикүтэй Тоёонашима барилдах оноолт таарсан юм. Энэ барилдааны өмнө Тоёонашими: “Бид хоёр олон жил нөхөрлөсөн үйл зайгүй сайн найзууд. Ийм үед тааралдах юм гэж бодож явсангүй” хэмээн хэлснийг манайхан сайн санаж байгаа. Хэн хэн нь түрүүлэх өрсөлдөөнд тулж ирсэн болохоор найз нөхрийн найраа байхгүй, шударга сайхан барилдах нь түүний үгнээс тод харагдсан.
 
Тэрбээр хэлсэндээ хүрч сайхан барилдаж огт өвдөг шороодоогүй явсан найзыгаа унагав. Найз нь Котошёогикүг улам бүр хурцалснаар сүүлийн хоёр өдөр дараалан ялж нийт 14 даваатайгаар түрүүллээ. Сүмо бөхийн тэмцээнийг харах бүрийд япончуудаас шударга байхын үлгэр жишээ авч суралцмаар санагддаг. Япон хүний зарчимч, шударга зан чанар үйлс бүтээл, хэлэх үгэнд нь хүртэл тод илэрч байх юм. Монгол хүн үнэнхүү шударга болоход олон жилийн хүмүүжил, сургалт шаардагдах байх. Хүн бүр л чин шударгыг эрхэмлэхгүй бол хэрэгжихэд хэцүү, хол санагдана.
 
Н.Бөхдамбий 
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин