sonin.mn
Францын “Гран-При” тэмцээнээс ОУХМ Л.Төртогтох, ОУХМ Ж.Чулуунбат нар, харин Дан Коловын нэрэмжит тэмцээнээс ОУХМ Б.Номин хүрэл медаль хүртсэн байна.
Парис хотын "Centre d’entrainement Olympique" спортын ордонд уламжлалт “Гран-При” олон улсын тэмцээний сүүлийн өдөр /ням гараг/ эрэгтэй 61, 70, 86, 125 кг жингийн шилдгүүдийг тодруулав.
 
Тухайлбал, 61 кг-д 10 бөх барилдсанаас ОУХМ Б.Хаш-Эрдэнэ /“Алдар”/ эхний тойрогт Ираны бөх С.Мухтарт 2:12 оноогоор дийлджээ. 70 кг-д 13 бөх барилдсанаас ОУХМ /“Хилчин”/ Д.Алтангэрэл нэгдүгээр тойрогт хийлж, хоёрдугаарт Францын бөх Ж. Жюст Буртай барилдаж 4:4 оноогоор хожигдлоо. 86 кг-д 15 бөх хүч үзсэнээс ОУХМ П.Өсөхбаатар /“Хилчин”/ нэгдүгээр тойрогт Унгарын Иштван Веребтэй барилдаж, 0:10 оноогоор, ОУХМ Б.Бат-Эрдэнэ /”Хүч”/  эхний тойрогт Францын бөх С.Алекмад 2:12 оноогоор тус тус ялагдав.
 
ОУХМ /“Хилчин”/ Л.Төртогтох нэгдүгээр тойрогт Бельгийн бөх А.Омаровыг 7:0 оноогоор хожиж, хоёрдугаар тойрогт Унгарын бөх Иштван Веребт 1:6 оноогоор дийлдэн дагах барилдааныг П.Өсөхбаатартай хийж, 4:3 оноогоор дийллээ. Тэрбээр хүрэл медалийн төлөө барилдаанд Шведийн Найб Итаевыг цэвэр яллаа.
 
125 кг-д 12 бөх барилдсанаас ОУХМ Н.Золбоо /Хүч/ нэгдүгээр тойрогт Унгарын бөх Д.Лигетид 0:10 оноогоор хожигдов. “Сүлд” спорт хорооны бөх, ОУХМ Ж.Чулуунбат нэгдүгээр тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Вэнэсуэлийн бөх Л.Ф.Урбанижед 5:9 оноогоор хожигдон хүрэл медалийн төлөө Бразилийн бөх А.Б.Абоутай хүч үзэж 10:0 оноогоор ялав.
 
Болгарын Софи хотноо алдарт бөх Дан Колов болон Никола Петровын нэрэмжит 53 дахь удаагийн чөлөөт бөхийн олон улсын уламжлалт тэмцээний сүүлийн өдөр 65 кг-д хүч үзсэн ОУХМ Б.Номин нэгдүгээр тойрогт Словакийн бөх М.Болотнякийг, хүрэл медалийн төлөө барилдаанд Македоны бөх Д.Митровыг тус тус ялжээ.
 
Манай эрэгтэй бөхчүүд 2016 оны энэ сарын 5-7-нд Турк улсын Стамбул хотын “Ahmet Cömert Sports Hall” спортын ордонд болох алдарт бөх Я.Догугийн нэрэмжит 44 дэх удаагийн чөлөөт бөхийн олон улсын уламжлалт тэмцээнд оролцоно.
 
Д.Өлзий

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг