sonin.mn

2016 оны чөлөөт бөхийн залуучуудын УАШТ-ний хоёр дахь өдөр эрэгтэй 55, 74, 96 кг, эмэгтэй 48, 59, 72 кг жингийн барилдаан боллоо.

Энэ удаагийн залуучуудын УАШТ сар шинийн баярын өмнө болж буйг тохиолдуулан МЧБХ-ноос ахмад бөхчүүд дасгалжуулагч, шүүгч нарт хүндэтгэл үзүүллээ. Үүнд МЧБХ-ны дэргэдэх Ахмадын зөвлөлийн дарга, олон улсын шүүгч Ж.Мөнх-Очир, нарийн бичгийн дарга, улсын шүүгч Д.Алтанцэцэг, Ардын багш, гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Ардын багш, гавьяат тамирчин, Улсын харцага Д.Сэрээтэр, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин З.Ойдов, Гавьяат тамирчин М.Хойлогдорж, гавьяат тамирчин, Улсын арслан Ө.Эрдэнэ-Очир, Гавьяат дасгалжуулагч, гавьяат тамирчин, Улсын заан З.Дүвчин, ахмад бөх Улсын арслан Ж.Хайдав, Улсын заан Д.Долгорсүрэн, Д.Мягмар, олон улсын хэмжээний мастер Д.Ганбат, Ж.Дамдинсүрэн, Ц.Лхайжав, Ж.Мягмаржав, Ш.Рагчаа, Б.Санжаа, Улсын заан Ц.Санжаа, Гавьяат дасгалжуулагч Х.Намшир, ахмад дасгалжуулагч Т.Батчулуун, ахмад шүүгч “Туушин” компанийн дэд захирал, ДБНХ-ны Хүндэт шүүгч, Гавьяат эдийн засагч Н.Дүгэрсүрэн, ДБНХ-ны Хүндэт шүүгч Ц.Чойнхор, Ж.Батболд, Б.Дашням, М.Лувсан-Иш, Р.Нэргүй нарт хүндэтгэл үзүүллээ.

Цэл залуу бөхчүүд уран сайхан барилдаан харуулж энэ өдөр онооны илт давуу ялалт, цэвэр ялалт харьцангуй цөөхөн гарлаа. З.Занабазар 3 дахь удаа, Ц.Намуунцэцэг хошой, Э.Даваанасан, Б.Нямсамбуу, П.Отгонбаяр, З.Сумьяабазар нар анх удаа улсын аварга болсны дотор ах дүү З.Занабазар, З.Сумьяабазар нар хоёулаа залуучуудын улсын аварга болж УАШТ-ийг чимлээ.

Эхний хоёр өдрийн байдлаар ҮБТДС 3, “Алдар” спорт хороо”, “Хасу-Мегастарс” клуб тус бүр хоёр, “Женко”, “Харгант цамхаг” клуб, нийслэл Налайх, Чингэлтэй дүүргийн бөхчүүд тус бүр 1 алтан медаль хүртээд байна.

Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэй 60, 84, эмэгтэй 51, 63, 72 кг жингийн барилдаан болно.

Д.Өлзий

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг