sonin.mn
Өнгөрсөн сард болсон Зэвсэгт хүчний аварга шалгаруулах бодибилдингийн тэмцээний -80кг жинд алтан медаль хүртсэн Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн тамирчин , ахлагч А.Бямбаа-г  "Зочин" буландаа урилаа.
 
Энэ спортоор хэд дэх жилдээ хичээллэж байна?
 
-Зэвсэгт хүчний 084 дүгээр ангид томилогдон ирээд олон найз нөхөд, ах, эгчтэй хамт ажиллаж, тэднээсээ суралцдаг байлаа. Тэдний дунд Монгол Улсад төдийгүй, олон оронд бодибилдингийн спортоор танил болсон Р.Саруулбат дасгалжуулагч ажиллаж байсан.
 
Түүний үнэнч хөгжөөн дэмжигч болсон цагаас багш шигээ бодибилдингийн тамирчин болох хүсэл төрсөн. Ийнхүү багштайгаа чөлөөт цаг гарвал бялдаржуулах танхимд өнжиж хэдэн сарын нүүр үзэж байна.
 
Спортын өөр ямар төрлөөр хичээллэдэг вэ?
 
-Спортын бүхий л төрөлд дуртай. Гэвч тэр болгоноор хичээллээд явах цаг зав хомс. Залуу хүний хувьд хурд, хүч шаардсан спортуудад дуртай боловч амжилт гаргаад сүйд болсон зүйл одоогоор байхгүй ээ. Харин бодибилдингийн спортоор тууштай хичээллэж үр дүн гаргах зорилготой байгаа. Мөн ангийн удирдлага, хамт олонч маш их дэмждэг. Хүн өөрийн сонирхож дурласан зүйлдээ сэтгэл, зүтгэлээ хандуулж чадвал амжилтад хүрдэг гэдгийн жишээ дасгалжуулагч маань юм. Түүн шиг болохын тулд хичээх л үлдэж байна.
 
Бодибилдинг спортын хүнд төрлийн нэг гэдэг. Энэ талаар...?
 
-Хүндхэн гэж хэлж болох спортын төрөл. Энэ спортод сонирхсон хүн элдэв муу зуршил буюу тамхи, согтууруулах ундаанаас татгалзах шаардлагатай. Бидний хоол хамгийн их уурагтай тэжээллэг чанартай байх ёстой. Тухайлбал өндөг, төрөл бүрийн будаа, амин дэм ихтэй жимс, жимсгэнэ, тахианы зөвхөн цээж мах идэх гээд л хоол хүнсэндээ хүртэл хязгаарлалт хийх ёстой. Ингэж гэмээнэ амжилтад хүрэх болно. Хэрэв бэлтгэлийн үед эдгээрийг зөрчвөл олон хоногийн хөдөлмөрөө хэдхэн минутад үгүй хийж буйтай адил. Тэгэхлээр энэ спорт хүнийг эрүүлжүүлэх, муу зуршлаас салгах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, гоо зүйн хувьд биеэ зөв авч явах гэх мэт олон зүйлд давхар сургадаг сайхан спорт.
 
Энэ спортыг зардал нилээд өндөртэй гэж дуулсан?
 
-Уургийн төрлийн бэлдмэлүүд манай улсад үнэтэй. Бодибилдингийн тамирчин хүний зарчимд хооллолт 80, бэлтгэлжилт 20 хувь гэж заасан байдаг. Мэргэжлийн тамирчин хүн тэмцээнд бэлтгэж байгаа үедээ өдөрт 6-7 удаа хооллоно. Гэхдээ өөх тостой тарган мах идэж болдоггүй. Бодибилдингийн спорт хэр их уураг, амин дэм хэрэглэнэ тэр хэмжээгээр булчинг өсгөж томруулдаг. Тиймээс өндөр зардалтай.
 
Миний хувьд сарын цалингийнхаа ихэнхийг нь уураг, тэжээлийн хэрэглээндээ зарцуулдаг. Бэлтгэл хийхдээ дан төмөртэй “ноцолдоно”. Анх энэ спортод хөл тавьж байгаа хүнд аль аль нь хүнд тусдаг юм. Тэгвэл тэр бүхнийгтэвчээр гаргаж давах хэрэггэй болдог, Ер нь өндөр зардлаас нь болоод хүмүүс энэ спортоос зайгаа барьдаг. Гэвч эрүүл мэнддээ херөнгө оруулж байгаа гэдгээ ухамсарлах хэрэгтэй. Миний хувьд хүнд хэцүү гээд энэ спортоос хөндийрөх бодолгүй байгаа.
 
Өнгөрсөн сард болсон Зэвсэгт хүчний аварга шалгаруулах бодибилдингийн тэмцээний өрсөлдөгчид хэр хүчтэй байв?
 
-Монголын бодибилдингийн холбоотой хамтран зохион явуулсан Зэвсэгт хүчний аварга шалгаруулах бодибилдингийн тэмцээнд -80 кг жинд оролцож алтан медалийн эзэн болсон. Өрсөлдөгчид сайн бэлтгэл хийсэн нь илт харагдаж байлаа. Монголын бодибилдингийн холбооны багш, дасгалжуулагч нар манайхныг шагшин магтаж, Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа тамирчид шиг сайн бэлтгэл хийж оролцож, маш өрселдөөнтэй болсныг онцолсон. Энэ үед цэргийн алба хаагчдаараа их бахархсан. Тэмцээний дараа тус холбооноос бидэнд Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх өгсөн. Тэгээд л тэмцээнээс хойш Р.Саруулбат дасгалжуулагчийнхаа удирдпагад дэд ахлагч А.Бямбабаяр, Д.Ариунбат нарын хамт Улаанбаатар фитнесс клубт өдөр бүр өндөр ачаалалтай бэлтгэл хийж байгаа.
 
Бодибилдингийн спортын ач тусыг цөөн үгээр хэлнэ үү?
 
-Хүн өвчин зовлонгүй амьдарч гоо сайхан байя гэвэл бодибилдингээр хичээллэвэл ач тус нь ил болно. Илүүдэл жингүй болж, булчин сайжирна гэдэг биеийн дархлаа улам сайн болно гэсэн үг. Хэт таргалалт элдэв өвчин дагуулдаг. Тэгвэл энэ спорт эерэг бүхнийг бий болгодог. Эрүүл, сайхан бие бялдартай байх нь бас нэг соёл шүү дээ. Тиймээс энэ спортоор хичээллэ гэж залуусаа уриалья.
 
Удахгүй болох улсын аваргад амжилттай оролцохыг хүсье.
 
Ахлагч А.Алтанхуяг
Эх сурвалж: "Соёмбо" сонин