sonin.mn
Улаанбаатар хотын 2016 оны аварга шалгаруулах хонхтой бөмбөгийн нээлттэй тэмцээн Хан-Уул дүүрэгт байрлах Монголын хөлбөмбөгийн холбооны футзалын ордонд болж байна.
 
Энэ удаагийн нээлттэй тэмцээнд эрэгтэй 10, эмэгтэй 6 багийн нийт 132 тамирчин хамрагдаж байна. Орон нутгаас Увс, Говьсүмбэр аймаг болон БНСУ-ын баг тамирчид оролцож байгаа юм. Тэмцээнд харааны 50 хувиас доошгүй чадавхитай тамирчид оролцдог бөгөөд өнөөдөр шилдгүүдээ шалгаруулна.
 
Уг тэмцээний гол зорилго нь Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хууль, Засгийн газрын 2014 оны 34 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хонхтой бөмбөгийн спортоор хараагүй иргэдийн дунд тэмцээнийг уламжлал болгон зохион явуулж байна.
 
Мөн хонхтой бөмбөгийн спортын сонирхогчдын хүрээг өргөжүүлэн тамирчдын ур чадвар, арга техникийг нэмэгдүүлэн Олон улсын паралимпийн хонхтой бөмбөгийн тэмцээнд амжилт гаргах шилдэг баг, залуу тамирчдыг тодруулахад оршино.
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг