sonin.mn
Олимпын өмнөх болон олимпын жилд Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчид дэлхий, тив, олон улс, улсын аварга шалгаруулах тэмцээнүүдэ өндөр амжилт үзүүлж, тэр ч чанараараа РИО-2016 наадамд урьд өмнө байгаагүй буюу спортын таван төрлөөр найман эрх аваад байгаа билээ
 
-Тамирчдын амжилтын ард олон хүний хүч хөдөлмөр байдаг. Багш, дасгалжуулагчид болон спортын мэргэжилтэн, зүтгэлтнүүдийн олон жилийн хамтын хөдөлмөрийн үр дүн бэлтгэсэн тамирчных нь амжилтаар илэрдэг. 70 жилийн түүхт ой нь энэ онд тохиож байгаа манай улсын спортын ууган байгууллага, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны хүндийн өргөлтийн түүхэн уламжлал спортын өндөр амжилтаар үргэлжилж байгаа билээ. 
 
Эмэгтэйчүүдийн хүндийн өргөлт манай улсад үүсэн хөгжихөд “Алдар”-ын хүндийн өргөлтийн багш, дасгалжуулагчид үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн. Аливаа спортын тасралтгүй, байнгын үйл ажиллагаа тухайн цаг мөчид биш, он цагийн шалгуурыг давж байж амжилт үзүүлдэг. “Алдар” спорт хорооны хүндийн өргөлтийн баг, тамирчид дэлхий, тивийн тэмцээнд өндөр амжилт үзүүлэх он цагийг туулсан уу гэвэл туулсан. Тэгээд ч “Алдар”-аас Ази тивийн аварга хүндийг өргөгч төрлөө, тэр нь эмэгтэй тамирчин байснаараа онцлог.
 
Хүндийн өргөлтийн улсын шигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер
 М.Анхцэцэг Узбекстан улсын нийслэл Ташкент хотод явагдсан Ази тивийн аварга шалгаруулах хүндийн өргөлтийн тэмцээнд огцом өргөлтөөр 112, түлхэлттэй өргөлтөөр 132, нийлбэр дүнгээр 244 кг өргөж, манай эмэгтэй туйванчдаас анх удаа Ази тивийн аварга цолонд хүрлээ.
 
Тамирчин хүнд байх эгэл даруухан, тэмүүлэл зорилгот зан чанарыг бага наснаасаа шингээсэн, даруухан инмээсэглэсэн энэ охин багаасаа л тамирчин болохыг мөрөөджээ. Түүний сонголт харин эмэгтэй хүнд хатуудсан сонголт байлаа. Охидууд уран сайхны гимнастик, гүйлт зэрэг спортын төрлийг сонгодог бол энэ охин яагаад эмэгтэй хүнд дэндүү ахадсан хүндийн өргелтийг сонгосон нь бурхнаас илгээсэн илгээлт байсан биз. М.Анхцэцэгийн дасгалжуулагч Ц.Хосбаяр “Миний шавь бол монголын амжилтын товчоонд бичигдэх дэлхийн хэмжээний тамирчин. 
 
Тусгай хангамж гэх нь юу юм, хангалттай дэмжлэг, санхүүжилт байх аваас бидний хүлээдэг дээд амжилтуудыг тогтоож чадах билэг авьяастай охин” гэж шавиа үнэлсэн юм. Багшийнх нь хэлсэн тэр дэмжлэг манай бүх тамирчдын хувьд туйлаас чухал дэмжлэг юм шүү. Ази тивийн хүндийн өргөлтийн анхны аварга эмэгтэйтэй уулзаж ярилцлага авах сэтгүүлчид олон байна. Энэ удаагийнхаа “Залуус” буланд М.Анхчимэгтэй сэтгүүлч П.ТУНГАЛАГИЙН хийсэн ярилцлагыг нийтэлж байна.
 
Хүндийн өргөлтөөр арван настайгаасаа хичээллэж эхэлжээ. Бараг л хүүхэлдэйгээр тоглодог насандаа яагаад хүнд төмөр өргөхийг хүссэн юм бэ?
 
-Уг ,нь би эмч мэргэжил эзэмшиж эмээгээ эмчилнэ гэж ярьдаг байлаа. Эмээгийн маань бие жаахан өвддөг юм. Туйван яагаад өргөх болсныг хэлж мэдэхгүй байгаа маань сонин. Юу нь тийм сонирхолтой санагдсан юм, бүү мэд. Манай гэр бүлд, миний ойр хавьд энэ спортоор хичээллэдэг хүн ерөесөө байгаагүй. Эмэгтэй хүн туйван өргөж байхыг өмнө нь харж сонсоогүй болохоор хүүхдийн сониуч зандаа хөтлөгдсөн юм байлгүй. 
 
Бурханы зурсан төөрөг тавилан нь тэр юм байлгүй. Анхандаа тамирчин болно гэсэн бодол ер байгаагүй, зүгээр л сонирхож штанг өргөхийг хүсдэг байсан. Анх 114 дүгээр сургуулийн Цэрэнням багшийн дугуйланд явсан, Биеийн тамирын заал байгаагүй болохоор сургуулийнхаа хонгилд бэлтгэл хийдэг байлаа. 2008 оноос Спортын төв ордонд очиж бэлтгэл хийдэг болсон. Бэлтгэлээ ер тасалдаггүй. Гэрт ажил гараад, аав, ээж нэг өдөр чөлөө авчих гэхээр урвайгаад суучихдаг байлаа.
 
Энэ спортыг сонгоход аав, ээж чинь дуртай байсан уу?
 
-Үгүй ээ. Эхэндээ их эсэргүүцдэг байсан болохоор секцэндээ нууцаар явдаг байлаа. Удалгүй баригдсан л даа. “Эмэгтэй хүнд тохирохгүй спорт, ээж, эхнэр болно, ирээдүйгээ бод” гэж тэд хэлсэн ч их эрх, дураараа хүүхэд болохоор зөрүүдэлсээр байгаад зөвшөөрүүлсэн. Аав, ээж хоёр цэргийн хүн болохоор ажпын шаардлагаар 2009 онд манайх Дорнод аймаг руу нүүсэн. Тэгэхэд би 12 настай байлаа. Намайг аваад явна гэхээр нь гуйсаар байгаад хотод эмээгийндээ үлдсэн.
 
Хүнд бэртэл аваад нэг хэсэг амарсан гэсэн. Тэр үед болих тухай бодоогүй юу?
 
-Эмчээс “Штанг дахин өргөж чадахгүй” гэдэг үг сонсоход үнэхээр хэцүү байсан. 2012 онд нуруугаа гэмтээгээд Дорнодод очиж аав, ээжтэйгээ хэдэн сар хамт амьдарсан. ӨМӨЗО-нд эмчлүүлээд бэлтгэлээ дахин хийсэн. Овоо эдгэрлээ гэтэл охин нь штанг дахин өргөнө гэхээр аав, ээж хоёрт их хэцүү байсан байх. 
 
Учир нь үүнийг дахиж өргөвөл суумгай болж магадгүй гэсэн юм. Тэр үед штангаа дахиад өргөж чадахгүй бол яах вэ гэж айж байснаас суумгай болчихвол яана аа гэж ер бодоогүй. Одоо бодоход их гүргэр, хэнэггүй, бас зоригтой байж. Олон хүний тус дэмжлэгээр тэр бэрхшээлийг давсан. Тэгэхэд ОУХМ болчихсон, Азийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль авсан гээд багагүй амжилт гаргасан байсан болохоор  больж чадаагүй. 
 
Эрсдэлээс илүү өөрийнхөө хүсэл, хүч, амжилтад итгэсэн нь зөв байжээ. Угаасаа бэртэл авдаггүй спорт, золиосгүй амжилт гэж байдаггүй шүү дээ. Ганцхан олдох амьдралаа хэнд ч танигдахгүй, юу ч хийгээгүй өнгөрүүлэх утгагүй. Эцэг, эхдээ магтуулах, үр хүүхэддээ дуурсагдах хийсэн ажил, байгуулсан гавьяатай байхын төлөө би домогт тамирчин болно.
 
Эмэгтэй хүн бүр гоолиг биетэй байж, сайхан даашинз өмсөхийг хүсдэг. Харин хүчний спортын эмэгтэйчүүд энэ хүслээ золиослодог нь харамсалтай...
 
-Эмэгтэй хүн болсон хойно даашинз өмсөхийг хүсэж, гоолиг охидыг хараад ямар гоё юм бэ гэж бодолгүй яах вэ. Уг нь би даашинз их өмсөж, аль болох эмэгтэйлэг байхыг хичээдэг байсан. Сүүлийн үед жин нэмсэн болохоор даашинз өмсөхөд арай л тохирохгүй байна. Гэхдээ өөрөөсөө ичиж, харамсдаггүй. Би бэлтгэл дээр нийтдээ 12-15 тонн төмөр өргөдөг. Энэ спортоор хичээллэвэл том биетэй, булчинлаг болно гэж хүмүүс боддог. Бүгд тийм биш. Манай бага жинд өрсөлддөг охид жижиг биетэй. Зурагтаар л том харагддаг байхгүй юу.  Зарим хүн “Ирээдүйд нөхөр болох хүн чинь чамайг ойлгохгүй бол яах вэ” гэдэг. Эрчүүд сайхан биетэй бүсгүйд дуртай байж болно. Гэхдээ нөхөр маань намайг штанг өргөдөг болохоор дурлаж болно шүү дээ. 
 
Хүндийг өргөлтийн тамирчдаас Монголыг төлөөлөн “Рио-2016”-д оролцоно. Том боломж бас хариуцлага ирж байна даа?
 
-Анхны олимпдоо оролцоно гэхээр догдлол, бас айдас төрж байна. Боломжоо алдахгүйн төлөө хичээнэ дээ. Олон улсын тэмцээнд намайг Анхцэцэг гэхээс илүү Монголын тамирчин гэдэг. Тиймээс тэмцээн бүрт дайчин баатруудын үргэлжлэл болсон монголчууд одоо ч хүчтэй хэвээрээ гэдгийг харуулахыг хүсдэг. Гуравхан сая монголчууд дотор олимп, дэлхийн аварга, медальтан хэр олон байгаа билээ. Манайд хүндийг өргөлтөөр хичээллэдэг 300 орчим хүн бий. Тэдний олонх нь эмэгтэй. Гэтэл Хятадад энэ спортоор тогтмол хичээллэдэг хоёр сая орчим эмэгтэй байдаг.
 
Амжилт хайр, атаархлыг зэрэг авчирдаг. Чиний амжилтад чин сэтгэлээсээ баярлаж, эсвэл атаархаж байгаа хүмүүсийн хандлагыг мэдрэх ямар санагддаг вэ?
 
-Хүмүүсийн хайрыг мэдрэх сайхан боловч итгэлийг нь алдчих вий гэсэн айдас төрж, өөртөө хариуцлага үүрүүлдэг. Спорт өрсөлдөөн болохоор хүмүүсийн атаархлыг байнга л мэдэрдэг. Атаархаж байгаа нь нүднээс нь илт харагддаг юм. Тийм хүмүүсийг аль болох тоохгүй байхыг хичээдэг. Би их шүтлэгтэй болохоор хүмүүсийн хар, цагаан хэл амнаас хол байхын төлөө орой бүр долоон бурханд залбирдаг. 
 
Тэмцээнд явахаасаа өмнө заавал эмээгийндээ очиж үнсүүлээд, бурханд нь мөргөдөг. Мөн уул, усандаа сүү өргөөд “Би энэ нутгийн охин. Нутгийнхаа нэрийг гаргахад ивээгээрэй” гэж даатгадаг.
 
Танай дасгалжуулагч Ц.Хосбаяр их хатуу ширүүн багш байх аа?
 
-Гаднаас нь харахад ширүүн юм шиг боловч их зөөлөн хүн. Янз бүрийн араншинтай олон хүүхдийг нэгтгэж, амжилтад хүргэхийн тулд хатуу байхаас ч өөр аргагүй. Багштайгаа хамт бэлтгэл хийгээд гурван жил боллоо. Магтуулж үнсүүлээд, заримдаа загнуулж уйлаад олон бэрхшээлийг багштайгаа хамт туулсан. Их хүндэлдэг. Хүн бусдын төлөө юу хийж чаддаг, яаж тусалдгийг бодитоор нь харуулдаг хүн. Багшид маань цалин бараг байдаггүй. Тэгсэн хэрнээ бидний төлөө цаг наргүй ажилладаг. Өнөөгийн нийгэмд ийм хүн ховор биз дээ. Г эр бүлээ бодоод өөр ажил хийж болно шүү дээ. Ер нь манай холбоонд цалингүй ажилладаг хүн олон бий.
 
Чиний бодлоор тамирчин хүний хамгийн том дайсан юу вэ?
 
-Миний хамгийн сайн найз бас аюултай дайсан бол би өөрөө. Тамирчны хувьд бол бэртэл, залхуурал, биеэ тоох, хүнд атаархах, муу санах юм болов уу гэж боддог. Сайн санааны үзүүрт шар тос гэж эмээ маань хэлдэг. Манай багийн нэг хүн амжилт гаргавал би баярладаг. Энэ надаас илүү амжилт гаргачихпаа гээд муу санаж, атаархвал сайн явахгүй. Мэдээж, тамирчин болохоор тэр сайн байна, би хичээхгүй бол болохгүй нь байна шүү гэж бодолгүй яах вэ. Багш маань “хүн бүр атаархдаг. Тэр нь цагаан байх хэрэгтэй" гэдэг.
 
Та дэлхийд алдартай тамирчин болчихвол хамгийн түрүүнд юу хийх вэ?
 
-Хүнд хэлж байгаагүй нэг мөрөөдөл байдаг юм. Зарим хүн жаахан хүүхэд байж яасан том зүйл ярьдаг юм гэх байх л даа. Гэхдээ би асрамжийн газар байгуулахыг хүсдэг. Гудамжинд гуйлга гуйж байгаа хүүхдүүдийг хараад үнэхээр өрөвддөг. Халаасанд байгаа хэдэн төгрөгөө өгөхөөс өөр тэдний төлөө хийж чадах зүйл байхгүйдээ шаналдаг. Асрамжийн газар өссөн хүүхдүүдийн сэтгэл их шархалсан байдаг. 
 
Эцэг, эхгүйдээ гомддог тэднийг багш нар нь зодож, хүмүүс ад үзэж, дарамталдаг. Насанд хүрэнгүүт нь бараг л хөөчихдөг гэсэн. Очих газар, хийх ажилгүй тэдний олонх нь буруу замаар явдаг. Асрамжийн газраас гараад биеэ үнэлсэн охинд олон байдаг гэж сонссон. Ийм асрамжийн газар байх хэрэггүй. Хүүхдүүдийг хайрлаж, боловсрол олгож, эх орондоо хэрэгтэй мэргэжилтэн болтол нь тэтгэдэг асрамжийн газартай болно доо. Биелүүлж чадахгүй ч байж магадгүй. Гэхдээ найдвар тасартал энэ мөрөөдпөө гээхгүй.
 
Аав, ээж, багш гээд бусдын төлөө сэтгэлтэй хүн эргэн тойронд олон байдаг болохоор би ч бусдад туслахыг хүсдэг. Би гурван дүүтэй, айлын том нь. Насанд хүрсэн болохоор эцэг, эхээсээ мөнгө аль болох авахгүй байхыг хичээдэг. Багаасаа биеэ даасан болохоор жаахан хэрсүү зантай. Энэ нь спортоос олж авсан хүмүүжил байх.
 
Эрсдэлтэй зүйл туршиж үзэх дуртай юу?
 
-Уг нь дуртай, даанч аймхай. Мотоспорт их сонирхдог. Хүмүүс намайг эршүүд гэдэг. Гэтэл их аймхай, уян зөөлөн хүн шүү дээ. Гэртээ ганцаараа хонохоос ч айдаг юм. Тэгсэн хэрнээ адал явдалд дуртай. “Харри Поттер” киног их үздэг.
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин