sonin.mn
Монгол Улсын спортын түүхэнд шинэ хуудас нэмж, “Рио-2016” олимпын наадамд олон улсын хэмжээний мастер П.Тэмүүжин анх удаа таеквондогийн төрөлд оролцохоор бэлтгэлдээ гараад байна.
 
Теаквондогийн спортын хар бүс, гурван дантай тэрбээр энэ жил 22 настай ч Ази тивийг төлөөлөн таеквондогоор өрсөлдөх цөөхөн тамирчдын нэг болоод байгаа юм. “Рио-2016” олимпын наадмын 68 кг-ын жинд шар тивээс БНСУ, Монгол, Йордан гэсэн гурван улсын тамирчин өрсөлдөх эрхээ өвөртөлжээ. П.Тэмүүжинг олимпын бэлтгэлд гарахаас өмнө ярилцсанаа хүргэе.
 
-Та хэдхэн хоногийн өмнө болсон Монголын бүх ард түмний спортын наадмын теаквондогийн тэмцээнд оролцсон. Ямар амжилт гаргасан бэ?
 
-Би энэ тэмцээний 74 кг-ын жинд өрсөлдөж, алтан медалийн эзэн болсон. Манай “Алдар” спорт хорооны тамирчид нийтдээ есөн алтан медаль авч эрэгтэй, эмэгтэй багаараа тэргүүн байрт шалгарлаа.
 
-Энэ нь таны олимпын эрх авсан тэмцээний дараа болсноороо онцлогтой. Монголын таөквондогийн тамирчдаас хамгийн түрүүнд олимпод оролцох эрхтэй болоход сэтгэгдэл ямар байв?
 
-Үнэхээр их баяртай байгаа. Маш их хөдөлмөрлөж хөлс хүчээ зарцуулсан учраас зорьсондоо хүрч чадсан. Би ганцаараа байсан бол энэ амжилтад хүрч чадахгүй.
 
Надтай үргэлж хамт байж тусалж, дэмжиж бүхий л нөөц бололцоогоор хангаж өгсөн Биеийн тамир, спорт хөгжлийн төв, Үндэсний шигшээ багийн хамт олон, “Алдар” спорт хороо, Монголын таеквондогийн холбоо болон дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, БНСУ-ын иргэн Хо Ин Ён багшдаа талархаж явдгаа хэлье. Дасгалжуулагч Хо Ин Ён БНСУ-ын шигшээ багийн тамирчин байсан.
 
Улсынхаа тэмцээнд 10 удаа аваргалж, "Дэлхийн цом”-д түрүүлсэн. 2004 оны Афины олимпод оролцох эрхээ авсан ч гэмтлийн улмаас оролцоогүй. Шигшээ багийн дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар тамирчин байхдаа Солонгос улсад Хо Ин Ёнтой хамт бэлтгэл хийж хуурай ах, дүү болсноор Монголд ирсэн юм билээ. Улмаар 2013 оны наймдугаар сараас Хо Ин Ён багш Монголын шигшээ багт ажиллаж эхэлсэн. Бид өдөрт 7-8 цаг тасралтгүй бэлтгэл хийдэг.
 
-Олимпын эрхийн төлөө Афганистаны хашир туршлагатай тамирчинтай тулалдахдаа ямар тактикаар өрсөлдөв?
 
-Би Непал, Афганистан, Тайвань, Йордан улсын тамир-чинтай таарч, тулалдсан. Тулаан бүр хариуцлагатай хүнд байсан. Тэмцээний хоёрдугаар тойрогт олимпын хошой хүрэл медальт Афганистан улсын тамирчинтай таарч, хожсон юм. Дасгалжуулагчийн хэлж зөвлөснөөр тулалдаж, өрсөлдөгчөө ялсан гэж бодож байна. Харин олимпын эрх авах шийдвэрлэх тулаанд Тайвань улсын тамирчныг буулгаж авснаар мөнгөн медалийн болзол хангаж олимпод оролцох эрхээ авсан.
 
-Энэ нь таны оролцсон олон улсын чанартай хэд дэх тэмцээн бэ?
 
-Миний хувьд чамгүй олон тэмцээнд оролцож байсан. Гэхдээ гадаадын тамирчидтай харьцуулбал харьцангуй цөөхөн. 2013 онд таеквондогийн спортын Үндэсний шигшээ анхны багийг байгуулсны үр дүнд бид жилдээ 6-7 тэмцээнд тогтмол оролцдог болсон юм. Түүнээс өмнө гадаад руу тэмцээн уралдаанд оролцох гэхээр боломж бололцоогүй байсан. Харин шигшээ багт орсноор олон улсын тэмцээнд оролцож хурд хүчээ сорих боломжтой болсон.
 
-Та хэд дэх жилдээ таеквондогоор хичээллэж байна вэ?
 
-Ес дэх жилдээ хичээллэж байна. 2007 онд 12 настайдаа бие хамгаалах урлагаар хичээллэхээр шийдэж Ж.Ариунбаяр багшид шавь орж байлаа. Кино үзэхээр л зодолдож байгаа хүмүүс гоё харагдана. Ялангуяа хөлөөрөө гоё өшиглөдөг болох, сайн зодолдож сурах хүсэл эрмэлзлээр ийм сонголт хийсэн.
 
-Ямар хүмүүсийн тулааныг харж таеквондогоор хичээллэх хүсэлтэй болов?
 
-Хүүхэд байхдаа Жеки Чан, Брюс Ли, Ван Дам зэрэг Холливудын жүжигчний тулааны хэсэгтэй киног үздэг байснаас энэ спортыг сонгосон. /инээв/
 
-Гэр бүлийнхнээс тань таеквондогоор эсвэл спортын бусад төрлөөр хичээллэдэг хүн бий юү?
 
-Байхгүй ээ. Гэсэн ч аав маань надад сунгалтын дасгал зааж хийлгэдэг байсан нь их том тус болсон.
 
-Цаашдын зорилго юу вэ?
 
-Ойрын зорилго гэвэл олимпын аварга болох. Мөн дараа жил болох таеквондогийн дэлхийн * аварга шалгаруулах тэмцээнд түрүүлэх зорилго тавин бэлтгэл • сургуулилтаа хийж байна. Бүр цаашилбал, 2020 оны олимп гээд, олон тэмцээн уралдаан .амжилт намайг хүлээж байгаа.
 
-Одоо ямар тэмцээнд оролцохоор бэлтгэлдээ гараад байна вэ?
 
-Шигшээ багийнхаа тамирчидтай олимпын бэлтгэл сургуулилтаа эрчимтэй хийж байна.
 
-Олимпын эрх олгох таеквондогийн тэмцээн өндөрлөсөн үү?
 
-Манай төдийгүй дэлхийй тамирчдын хувьд олимпын эрх олгох ганцхан тэмцээн байдаг. Өөрөөр хэлбэл, олимпын эрх олгох тэмцээнийг тив болгонд ганц л зохион байгуулдаг юм. Таеквондогийн спорт нь олимпын эрх авах хамгийн чанга спортын-төрлүүдийн нэг. Манай тамирчдын хувьд эхний бөгөөд сүүлийн боломж байсан. Энэ боломжийг ашиглаж олимпын наадамд оролцох эрх авсандаа маш их баяртай байна.
 
-Олимпод оролцох болсон таеквондогийн анхны тамирчин учраас хариуцлага их ирж байгаа болов уу?
 
-Манай улсаас надтай хамт Инчоны Азийн наадмын хүрэл медальт М.Түмэнбаяр найз маань олимпын эрхийн төлөө өрсөлдсөн ч тэмцээний II тойрогтоо ялагдсан. Гэхдээ дараа өдөр нь болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнээс анхны мөнгөн медаль авч чадсан. Монголоос “Рио-2016” олимпод би ганцаараа оролцох учраас хариуцлага ихсэх нь мэдээж. Тиймээс хариуцлагаа  ухамсарлаж зорьсондоо заавал хүрэхийн төлөө хичээх болно.
 
-“Рио-2016”-д оролцоход спортын холбро болон бусад хүмүүс хэрхэн тусалж дэмжиж байна вэ?
 
-Биеийн тамир, спорт хөгжлийн төв, Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, Монголын таеквондогийн холбоо маань үнэхээр их тусалж дэмжиж байгаа. Миний энэ амжилтыг өндөрөөр үнэлж 10 сая төгрөгөөр шагнаж урамшуулсан Монголын оюутны таеквондогийн холбооны ерөнхийлегч Ж.Алдарбаяр ахдаа баярлаж талархсанаа илэрхийлье.
 
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин