sonin.mn
Монгол Улсын арслан цолтнуудад хүндэтгэл үзүүлэх уламжлалт барилдаан өчигдөр буюу ням гарагт “Бөхийн өргөө”-нд болж залуу арслан Э.Оюунболд түрүүллээ.
 
Энэхүү барилдааныг МҮБХ, үндэсний манлай үйлдвэр “Арвайн үндэс” ХХК хамтран зохион байгуулав. Хүчит бөхийн барилдаанд аварга С.Мөнхбат, арслан П.Бүрэнтөгс, Э.Оюунболд, гарьд И.Доржсамбуу, заан Б.Соронзонболд, харцага Ө.Бат-Орших, Д.Батболд, Б.Пүрэвсайхан, Н.Батзаяа, Ө.Даваабаатар, А.Бямбажав, Г.Алтангэрэл, Ж.Амартүвшин, начин Э.Энхбат, И.Ёндонсамбуу тэргүүтэй 224 бөх зодоглосон юм. Арслан цолны хүндэтгэлийн барилдаанд хоёр залуу арслан түрүү булаалдаж арслан Э.Оюунболд түрүүлж, П.Бүрэнтөгс арслан үзүүрлэв. Харин Их шөвөгт харцага Ө.Бат-Орших, аймгийн арслан О.Хангай нар шалгарсан байна.
 
Арслан цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдааныг Монгол Улсын арслан Ц.Бадамсэрээжид, У.Мижиддорж, Л.Сосорбарам, Ө.Эрдэнэ-Очир, Ж.Хайдав, Б.Ганбаатар, Д.Мөнх-Эрдэнэ, Б.Ганбат, Н.Батсуурь нарын үе үеийн арслан цолтнууд хүрэлцэн ирж хүндэтгэлийн хоймроос үзэж сонирхсон юм.
 
Д.Өлзий

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг